АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний офицер "хахуульд бэлэн мөнгө болон биеэ үнэлэгчийн үйлчилгээ авчээ"

A- A A+
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний офицер

АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч улсын нууц задруулсныхаа хариуд гадаадын батлан хамгаалахын гэрээлэгчээс 250,000 ам.доллар бэлнээр, мөн биеэ үнэлэгчийн үйлчилгээ авсан гэм буруугаа хүлээжээ.

Командлагч Стефен Шедд (Stephen Shedd)-ийн өгсөн мэдээлэл тэнгисийн цэргийн флотоос 35 сая доллар (26.1 сая фунт стерлинг) залилах боломжийг тухайн компанид олгосон байна.

Энэ бол Тэнгисийн цэргийн хүчинтэй холбоотой авлигын хамгийн том дуулиануудын нэгд тооцогдох “Бүдүүн Леонард”-ын хэргийн шинэхэн баримт юм. Мөн олон арван албан тушаалтныг баривчлаад байна.

Шедд бол Японд байрладаг АНУ-ын 7-р флотын есөн гишүүний нэг бөгөөд 2017 оны 03 дугаар сард холбооны тангарагтны шүүхээс энэхүү дуулианд оролцсон хэрэгт буруутгагдаж, гэм буруугаа хүлээсэн гурав дахь офицер юм.

Хууль зүйн яамны мэдээлснээр, Шедд болон бусад офицерууд Малайзын иргэн Леонард Глен Фрэнсисийн байгуулсан, Сингапурт төвтэй Glenn Defence Marine Asia (GDMA) компанид цэргийн нууцыг мэдээлсний хариуд “биеэ үнэлэгчидтэй секс үдэшлэг зохион байгуулж, тансаг оройн зоог барьж, аялжээ”.

Тухайн үед Фрэнсис их тарган байсан тул энэхүү дуулианыг “Бүдүүн Леонард”-ын сүлжээ гэж нэрлэх болсон байна. 2013 онд Калифорнид байхдаа АНУ-ын албаныханд баривчлагдсанаасаа хойш тэрээр хахууль болон хуйвалдааны хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, шоронд болон гэрийн хорионд байгаа юм.

Прокуроруудын үзэж байгаагаар, Шедд болон бусад хүмүүсийн өгсөн мэдээлэл GDMA-д ялалт байгуулж, гэрээ байгуулахад нь тусалсан бөгөөд боомт дээрх хөлөг онгоцыг чирэх онгоц, хамгаалалт, хог хаягдлыг зайлуулах зэрэг үйлчилгээний төлбөрт Тэнгисийн цэргийн хүчин 35 сая ам.доллар илүү төлөхөд хүргэсэн ажээ.

Өөрөө болон бусад шүүгдэгчид Фрэнсист тэнгисийн цэргийн хөдөлгөөний хуваарь, бусад мэдээллийг өгч, GDMA-ийн нэрийн өмнөөс тэнгисийн цэргийн бусад албан тушаалтнуудад лобби хийсэн гэдгээ Шедд хүлээн зөвшөөрсөн байна.

Тэнгисийн цэргийн албан тушаалтан, батлан хамгаалахын гэрээт ажилтан, GDMA-ийн ажилтан, нийт 34 хүн уг сүлжээтэй холбоотой хэрэгт буруутгагдаж байна. Үүнээс 28 нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд үүнд Шеддээс гадна 7-р флотын өөр хоёр офицер байгаа юм.

Шеддийн хэргийг 07 дугаар сарын 21-нд Калифорни дахь холбооны шүүхээр шийдэх бол, 7-р флотын үлдсэн зургаан офицерын шүүх хурал 02 дугаар сарын 28-нд эхэлнэ.

“Бүдүүн Леонард” өөрөө 02 дугаар сард болох шүүх хуралд мэдүүлэг өгөх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-60149145