Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын Сангийн сайд “Бидэнд авлигатай тэмцэх хүчтэй байгууллага хэрэгтэй” гэв

A- A A+
Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын Сангийн сайд “Бидэнд авлигатай тэмцэх хүчтэй байгууллага хэрэгтэй” гэв

Австралийн эдийн засгийн хөгжил болон хууль дээдлэх ёсыг хамгаалахын тулд холбооны түвшинд авлигатай тэмцэх байгууллага байгуулах нь чухал юм гэдгийг Шинэ Өмнөд Уэльс мужийн Сангийн сайд Мэтт Киан илэрхийллээ.

Холбооны сонгууль болохоос хэдхэн сар дутуу байгаа энэ цаг мөчид ноён Киан үг хэлэхдээ  төрийн үйл ажиллагааны бүхий л түвшинд хариуцлагатай байдлыг хангахын тулд “авлигатай тэмцэх хүчтэй байгууллага” байгуулахын чухлыг онцлов.

2019 оны сонгуулиар Эвслийн амласан Холбооны хэмжээний шударга ёсны хороо байгуулах амлалт биелэх боломжгүйг Холбооны ерөнхий прокурор Микалиа Кэш мэдэгдсэний дараа дээрх санал гарч байна.

Энэ сарын эхээр НҮБ-ын Сангийн хүрээнд зохион байгуулагдсан “the Social Good Summit Australia”-ийн нэгэн арга хэмжээний үеэр Киан дээрх байгууллагын талаар өөрийн саналаа илэрхийлсэн юм.

“Манай эдийн засгийн хөгжил манай нийгмийн хүч чадал дээр бий болсон” гэж тэрээр оролцогчдод хэлсэн юм.

“Манай худалдаа арилжаа бидний аюулгүй, амар тайван байдлаас хамаардаг. Бидний байгуулж буй гэрээ, хэлцэл бол авлигаас ангид шүүх эрх мэдэл болон хууль дээдлэх ёсноос шууд хамаардаг. Тийм болохоор авлигатай тэмцэх хүчтэй байгууллага зөвхөн муж улсын түвшинд биш холбооны түвшинд байгуулах хэрэгтэй байна” гэж тэрээр хэлэв.

Түүний хэлсэн үг хожим нь Эвслийн цахим хуудсанд нийтлэгдсэн бөгөөд бичмэл хувилбарт дээрх санааг хассан болохыг “Guardian” агентлаг тогтоосон юм.

Уур амьсгалын өөрчлөлт, Ковид үеийн эдийн засгийн дэмжлэг зэрэг үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Киан сөрөг талын гишүүдийг шүүмжилж ирсэн байдаг.

Өндөр албан тушаалтан оролцсон авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Шинэ Өмнөд Уэльс мужийн Авлигатай тэмцэх газраас явуулсан нь Либерал намын гишүүдийн дунд хуваагдмал байдал үүсгэсэн бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрөгч 9 дүгээр сард явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус муж улсын сайд асан Глэдис Бережикклиан албан тушаалаасаа огцорсон юм.

Энэ мөчид Ерөнхий сайд Скотт Моррисон тус байгууллагыг “имжний шүүх” хэмээн нэрлэсэн бөгөөд Бережиклиантай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг “туйлын гутамшиг” гэж хэлсэн билээ.

Хоёрдугаар сарын сүүлээр тус муж улсын Хөдөлмөрийн намын парламентын гишүүн асан Эрнест Вонг улс төрийн хууль бус хандивыг нуун дарагдуулж авлигын үйлдэл гаргасан, улмаар уг хууль бус үйлдлийнхээ талаар худал хэлүүлэхээр хуурамч хандивлагч бий болгохоор оролдсон болохыг тус мужийн Авлигатай тэмцэх газраас тогтоосон юм.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагаа нь мөн Либерал сайд асан Барри О’Фаррел огцрох, түүнчлэн парламентын гишүүн асан Эдди Обэйдийг шоронд суухаасаа өмнө Хөдөлмөрийн намаас хөөгдөхөд хүргэсэн юм.

Кианы хэлсэн үгээс “хүчтэй” гэдэг үгийг онцолж байна гэж Австралийн ардчилал, хариуцлагатай байдлын институтийн ахлах судлаач Билл Бровн хэлсэн юм.

Уг авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй байлгах эрх мэдлээр хангахын тулд Моррисоны Засгийн газраас 2020 онд танилцуулсан хуулийн төсөлд тусгагдсан загвараас илүү “хүчтэй” байгууллага байгууллага байх шаардлагатай гэж тэрээр онцлов.

"Ахмад либералуудаас шударга ёсны байгууллагын талаар, хамгийн чухал нь холбооны түвшинд шударга ёсыг хангах байгууллага байгуулахыг уриалж байгааг сонсох таатай байна. Австрал дахь шударга ёсны хамгийн хүчтэй байгууллагын нэг болох Шинэ Өмнөд Уэльс дэх Авлигатай тэмцэх газар авлигыг илчлэх нь ямар үр дүнтэй болохыг харсан” хэмээн тэр хэлсэн юм.

"Бид одоо ахмад либералуудаас сонсож байгаа нь энэ асуудал хэтэрхий удаан хугацаанд сунжирсныг харуулж байна.”

Мужийн сайд Доминик Перротет өнгөрсөн жил Үндэсний хэвлэлийн клубт мэдэгдэл хийхдээ муж дахь Авлигатай тэмцэх газрын үүргийг дэмжиж буйг илэрхийлсэн юм.

“Шинэ Өмнөд Уэльс муж дахь Авлигатай тэмцэх байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг илрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж тэр хэлсэн.

Шударга ёсны асуудал нь холбооны сонгуулийн гол асуудал болох төлөвтэй байгаа бөгөөд Хөдөлмөрийн нам болон бие даагчид Эвслийн биелүүлээгүй амлалтын талаар кампанит ажил хэрэгжүүлэхээр байна.

Шинэ Өмнөд Уэльсийн Хөдөлмөрийн нам удахгүй болох сонгуульд ялалт байгуулбал Авлигатай тэмцэх газрын санхүүжилтийг хараат бус болгох амлалт өгснийг энэ долоо хоногт “Guardian” агентлаг мөн ил болгосон.

Эх сурвалж: https://www.theguardian.com/australia-news/2022/mar/16/we-need-strong-anti-corruption-bodies-nsw-treasurer-matt-kean-calls-for-federal-watchdog