“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” авлигатай тэмцэх төслийн ажлын хэсгийн уулзалт боллоо

A- A A+
“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” авлигатай тэмцэх төслийн ажлын хэсгийн уулзалт боллоо

АНУ-ын Төрийн Департаментийн Олон улсын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх замаар авлигыг бууруулах зорилготой “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн хоёр дугаар уулзалт 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Ажлын хэсэг нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө буцаан авах ажиллагааны чиг үүрэг, хариуцлагыг оновчтой тодорхойлох, институц хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд гэмт хэргийн замаар хууль бусаар олсон хөрөнгийг хураах, битүүмжлэх талаарх бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан судлах, дотоодын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Тус үйл ажиллагаанд Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Авлигатай тэмцэх газар (АТГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) болон бусад холбогдох байгууллагууд оролцож байна.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө чиглэн ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн өөр өөр эрх зүйн тогтолцоо бүхий 90 гаруй оронд ажилласан туршлагатай бөгөөд 1988 онд байгуулагдсан.  2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчийн статустай болсон. Өнөөдрийн байдлаар олон оронд ялгаварлан гадуурхах шинжтэй хууль, тогтоомжтой тэмцэх, жендерт суурилсан эрх зүйн орчин, институцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжил болон эдийн засгийн боломжуудаар дамжуулан эмэгтэйчүүдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.