“Эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээ” - Хууль тогтоомж болон Дүрэм, журмууд: Авлигатай тэмцэх стратегийн дараагийн том бодлого уу?

A- A A+
“Эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээ” - Хууль тогтоомж болон Дүрэм, журмууд: Авлигатай тэмцэх стратегийн дараагийн том бодлого уу?

“Эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээ” нь ирээдүйн авлигын эрсдэлийг бууруулах зорилгоор эрх зүйн актуудын хэлбэр, шинжилгээ чиглэгдсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ нь харьцангуй шинэ стратеги бөгөөд 2015 оны байдлаар Армен, Албани, Азербайжан, Казахстан, Өмнөд Солонгос, Киргиз, Латви, Литва, Молдав, Орос, Тажикистан, Украин, Узбекистан зэрэг 13 улс эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээг албан ёсоор хуульчилж өгсөн байна.

Хэдийгээр улс орон бүрийн тодорхой практикт зарим нэг ялгаа байдаг ч эрх зүйн акт дахь авлигыг үнэлэх систем нь хууль, журмын төсөл болон одоо мөрдөж буй хууль эрх зүйн актуудыг батлах процесст авлигатай тэмцэх тусгайлсан байгууллага зайлшгүй оролцохоор зохицуулсан байдаг. Эрх зүйн акт дахь агуулгын болон хэлбэрийн шинжтэй авлига үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой юм. Авлига үүсгэж болзошгүй хүчин зүйлсийн жишээнд төрийн албан тушаалтны эрх, үүргийн тодорхой бус тодорхойлолт; өргөн сонголттой эрх мэдэл; хууль болон бусад хууль тогтоомжийг батлах хэт өргөн эрх чөлөө; хэлний хоёрдмол байдал; хангалтгүй хориг арга хэмжээ; зохицуулалтын болон захиргааны журмын дутагдал (эсвэл зөрчил) зэрэг багтдаг. Дараа нь хууль тогтоомжид хяналт тавьж, шалгаж буй байгууллага эдгээр эрсдэлийг бууруулах хуулийн өөрчлөлтийн талаар зөвлөмж гаргадаг. Хууль эрх зүйн акт гаргасан төрийн байгууллага зөвлөмжийг авч үзэх шаардлагатай боловч зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагагүй байдаг. Гэхдээ зарим орны хууль тогтоомжид төрийн байгууллага хяналтын байгууллагын саналаас яагаад татгалзсан үндэслэлээ гаргаж өгөхөөр зохицуулсан байдаг.

Зөвлөмж: Өөр нэг нийтлэг практик нь хяналтын байгууллагын зөвлөмжийг (боломжтой бол тэдгээрийг яагаад авч тусгаагүй шалтгааны тайлбарыг) хууль тогтоох байгууллагаар хэлэлцэж буй хуулийн төслийн хавсралт болгон тарааж, цахим сүлжээнд байршуулж, хууль тогтоогчид төдийгүй иргэдэд илүү ил тод болгох нь зүйтэй юм.

Литва улсад авлигын эсрэг Тусгай судалгаа шинжилгээний алба байдаг бөгөөд ямарваа нэг эрх зүйн акт боловсруулах үед тус байгууллагад хүргүүлэх шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч нэг хууль, журмын төсөлд тусгай хууль тогтоомжийн шинжээчид тавигдах шалгуур, шинжээчдийн тоо, тэдгээрийн сонгон шалгаруулах шалгуур, төслийг үнэлэхэд гүйцэтгэх үүрэг, цалин хөлсний талаар нарийвчлан заагаагүй байна. Эдгээр цоорхойнууд нь авлигын эрсдэлийг бий болгож, ялангуяа шаардлагагүй "шинжээчдэд" хэт их урамшуулал олгох зэргээр төсвийн хөрөнгийг зүй бусаар ашиглах нөхцөл үүсэж болзошгүй гэж үзэж байгаа юм. Иймд хэнийг шинжээчээр тооцож болох, тэдгээр шинжээчийг хэрхэн сонгон шалгаруулах талаар тодорхой шалгууруудыг бий болгох үүднээс дүрмийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байгааг ТАЯА-аас зөвлөсөн байна.

Молдав улсын хувьд бүх хууль тогтоомжийг Авлигатай тэмцэх үндэсний төв /засгийн газрын харьяа байгууллага/ болон Авлигад дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх төв /ТББ/-өөс хууль тогтоох үйл явцад оролцдог. Түүнчлэн, Молдав улсад хэрэглэгдэж буй авлигыг нотлох арга зүй, удирдамжийг боловсруулахад тус улсын авлигатай тэмцэх байгууллагууд нягт хамтран ажилладаг. Эрх зүйн актад авлигын эсрэг үнэлгээ хийснээр аливаа улс орны батлагдан гарч буй хууль тогтоомжид хяналт тавих оролцогч талуудын тоо, төлөөллийн үзэл бодол, ил тод байдлын ерөнхий түвшинг нэмэгдүүлдэг.

Ерөнхийдөө эрх зүйн актад авлигын эсрэг үнэлгээ хийх нь олон нийтэд хуулийн төслүүдийн талаар илүү их мэдээлэл өгдөг бөгөөд энэ нь эргээд эдгээр хуулийг илүү өргөн хүрээнд хэлэлцүүлэхэд түлхэц болж, засгийн газраас сонгогчдыг хууль тогтоомжийг “гэнэт” батлах явдлыг бууруулдаг. Олон нийтийн хяналт нэмэгдэж байгаа нь эмхэтгэгчид болон хууль тогтоогчид засварлах агентлагийн зөвлөмжийг хүлээн авч үзэх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн төрийн эрх бүхий байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд авлигыг шалгаснаар эдгээр байгууллагууд ихээхэн хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулж, өөрсдийн ажлаасаа олж авсан мэдлэг нь авлигатай тэмцэх цаашдын стратегийн үндэс суурь болж чаддаг.

Эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээ нь авлигыг гарахаас өмнө урьдчилан сэргийлж, төрөөс хууль батлах үйл явцыг бэлтгэл үе шатаас эхлээд хуулийн төсөл боловсруулах бүхий л үйл явцад авлигатай тэмцэх байгууллагын оролцоог шаарддаг. Энэ нь төсөл боловсруулах үйл явцад оролцох оролцогчдыг нэмэгдүүлж, одоо байгаа авлигатай тэмцэх стратегийг илүү бат бөх болгоход шаардлагатай мэргэшсэн мэргэжилтнүүдийг бий болгоход тус болох юм. Тиймээс эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээ нь эрдэмтэн, судлаачид болон олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг төдийлөн татахгүй байгаа нь жаахан гайхмаар юм. Энэхүү нийтлэлийн зорилго нь эрх зүйн акт дахь авлигын эсрэг үнэлгээ буюу авлига үүсгэж болзошгүй үг хэллэг, агуулга тодорхой хууль тогтоомж, дүрэм, журмуудад байгаа эсэхэд авлига үүсэхээс өмнө шинжилгээ хийх тухай ойлголт бөгөөд энэхүү ойлголтод илүү олон хүний анхаарлыг хандуулах юм. Эцсийн эцэст урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хамаагүй дээр шүү дээ.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2018/08/03/corruption-proofing-statutes-and-regulations-the-next-big-thing-in-anticorruption-strategy/#:~:text=It%20is%20a%20relatively%20new,Tajikistan%2C%20Ukraine%2C%20and%20Uzbekistan.