НҮБ-аас баталсан авлигын эсрэг улс төрийн тунхаглалын хэрэгжилтийн талаар зохион байгуулагдсан хуралд Авлигатай тэмцэх газрын дэд дарга цахимаар оролцож, үг хэлэв

A- A A+
НҮБ-аас баталсан авлигын эсрэг улс төрийн тунхаглалын хэрэгжилтийн талаар зохион байгуулагдсан хуралд Авлигатай тэмцэх газрын дэд дарга цахимаар оролцож, үг хэлэв

Австри Улсын Вена хотод 2022 оны 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы үеэр батлагдсан улс төрийн тунхаглалын хэрэгжилт, явцыг хэлэлцэх чуулган хоорондын уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Тус хурлын хүрэнд зохион байгуулагдсан “Хөрөнгө буцаах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дэд дарга Монгол Улсаас гадаад улсад гарсан авлигын гаралтай хөрөнгө орлогыг буцаан авчрах чиглэлээр сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, түүнд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын оруулсан хувь нэмрийн талаар оролцогч улсуудын төлөөлөгчдийн өмнө илтгэл тавив.

Авлигын эсрэг улс төрийн тунхаг нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 32 дахь удаагийн тусгай чуулганы үеэр батлагдсан баримт бичиг билээ. Монгол Улс болон НҮБ-ын гишүүн бусад улсууд энэхүү тунхгийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн хууль тогтоомж ба хууль сахиулах ажиллагааг боловсронгуй болгох, авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө буцаах, техникийн туслалцааг харилцан үзүүлэх, авлигын гэмт хэргийн холбогдолтой мэдээллийг улс хооронд солилцох явдлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудын хүрээнд 86 зүйл үүрэг амлалт өгсөн юм.