Хууль бус хөрөнгө буцаах сүлжээний удирдах зөвлөлийн хуралд оролцов

A- A A+
Хууль бус хөрөнгө буцаах сүлжээний удирдах зөвлөлийн хуралд оролцов

Шинэ Зеланд Улсын Квинстаун хотноо 2022 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээ(ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон Жилийн бүгд хурал сургалтад Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон УЕПГ-ын төлөөлөгчид оролцов.

Тус сүлжээ нь бүс нутгийн нийт 27 гишүүн орноос бүрдэх бөгөөд гадаад улсад байрлах хууль бус хөрөнгийг үр дүнтэй буцаан авах чиглэлд хамтран ажиллах, мэдээлэл солилцох, албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой юм.

Монгол Улс нь тус сүлжээний даргалагч улсаар 2019 онд ажиллаж тухайн жилд Удирдах зөвлөлийн хурал болон Жилийн бүгд хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Шинэ Зеланд Улсад даргалагч улсын статусыг шилжүүлсэн.

Сүлжээний удирдах зөвлөл нь Монгол, Шинэ Зеланд, Австрали, Индонез, БНСУ, Тайланд, Япон улсуудаас бүрдэх бөгөөд удирдах зөвлөлийн сүлжээний цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Жилийн бүгд хурлын үеэр болсон сургалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ж.Болорчимэг нь 12,2 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг АНУ, Латви зэрэг улсаас буцаан авчирсан Монгол Улсын сайн туршлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлснийг гишүүн орны төлөөлөгчид сайшаав.

Хурлын төгсгөлд гишүүн орнууд хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр үргэлжлүүлэн үр дүнтэй хамтрын ажиллаж, мэдээлэл солилцох арга хэмжээг илүү шуурхай гүйцэтгэж байхаар тохирч, тус сүлжээний 2023 оны даргалагч улсаар Тайланд Улсыг сонгосон байна.