Мэндчилгээ

A- A A+
Мэндчилгээ

Цаг тооны хуанлийн хуудас эргэн эргэсээр 2023 оныг хүн төрөлхтөнд авчирч байна. Улиран одож буй он бидний хувьд үүсэн байгуулагдсаны 15 жилийн босгыг алхсан, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, нийгэмд шударга ёсыг батжуулсан, амжилт бүтээл арвин, ухаарал сургамж хайрласан түүхэн онцлог жил байлаа. 

2022 онд манай хамт олон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүрдүүлэх, хянан шалгах, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр хууль тогтоомжид заасан чиг үүргээ иргэд, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.

Авлигатай тэмцэх газрын болон төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар авлигад автах эрсдэл өндөртэй, үзүүлж буй үйлчилгээгээрээ иргэдийн шүүмжлэлд байнга өртдөг зарим байгууллагад нааштай эерэг хандлага гарч байгаа нь Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг олон талт үйл ажиллагааны үр дүн юм. Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны дүнд авлигаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шийдвэрлэх, хулгайлагдсан хөрөнгө буцаах чиглэлд ахиц дэвшил гарсаар байгааг онцлон тэмдэглэж байна.

Авлигатай тэмцэх газартай 2022 онд идэвхтэй хамтран ажилласан, туслалцаа дэмжлэг үзүүлсэн төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газрын удирдлага, нийт иргэдэд хамт олныхоо нэрийн өмнөөс баяр талархлаа илэрхийлье.

Өнгөрч буй жилийн ололт амжилт бүхэн Та бидний хамтдаа бүтээсэн нийгмийн үнэт зүйл юм. Энэхүү хамтын үйл ажиллагаа нийгэмд шударга ёсыг сэргээж, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их үйлсийн цөм нь байсан гэдэгт миний бие болоод манай хамт олон итгэлтэй байна.

Ирж буй 2023 оны шинэ сорилтууд Та бидэнд амжилтаа улам бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно. Айлчлан буй онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 20 жилийн ой тохионо. Ирээдүйг зорьсон өөдрөг үзэл, гэгээн тэмүүлэлтэйгээр олон түмний хүсэн хүлээж байгаа шударга нийгмийг цогцлоох ариун үйл хэргийн төлөө хамтдаа урагшилцгаая. Хүн бүр авлигын эсрэг, шударга ёсны эгнээнд Авлигатай тэмцэх газартай ямагт хамт байж, бүх нийтээрээ авлигад үгүй гэж хэлье.

Та бүхэндээ ирж байгаа шинэ оны нөхөрсөг халуун мэндийг дэвшүүлж, айл гэрт аз жаргал, хүн бүрт эрүүл энхийг хүсэн ерөөе! Сайн сайхныг хүссэн ерөөл бүхэн саадгүй биелэн арвижих болтугай.

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР                  З.ДАШДАВАА

       2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр