Засгийн газрын “5 Ш” ажиллагаа авлигын индексийг сайжруулахад дөхөмтэй

A- A A+
Засгийн газрын “5 Ш” ажиллагаа авлигын индексийг сайжруулахад дөхөмтэй

Засгийн газрын тэргүүн авлигатай тэмцэхээ удаа дараа илэрхийлж, холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарладаг төсөөллийн индексээр манай улс байр урагшилсангүй. Үүнд дүгнэлт хийж Засгийн газраас 2023 он буюу удахгүй гарах туулай жилийг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “цагаан захтнууд”-ын өдүүлдэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдууд, агентлагуудын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Хэдийгээр авлигын индексээр байр урагшлаагүй ч энэ төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлд улирч буй бар жилд томоохон ахиц дэвшил гарсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажил хийж, цүнх баригчдыг шууд томилох бус, хүссэн хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд авах боломж бүрдүүлсэн, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйвар, олон улсад мөнгө угаасан зэрэг хэргийг илрүүлэхэд ахиц гарсан гэдэгтэй цөөнгүй хүн санал нэгдэх биз.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлан, уг чиглэлээр таван ажиллагаа хэрэгжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохоор зорин ажиллахаар болов. Уг ажиллагаануудыг “5 Ш” хэмээн нэрийдэж байна. Тодруулбал, нэгдүгээрт “Шүгэл ажиллагаа”.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулахаар зорьж байна. Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлж, олон нийтийн дэмжлэг авах, төрийн үйл чилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллахад эхний ажиллагаа чиглэх аж.

Хоёрдугаарт “Шүүр ажиллагаа” хэрэгжүүлэх нь. Энэ нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөл бүрдүүлэх, авлига, албан тушаалын хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон хүнийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх зорилготой. Мөн төрийн албыг баяжих хэрэгсэл болгогсод, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгахад чиглэж буй юм. Түүгээр зогсохгүй авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх нь эл ажиллагааны бас нэг зорилго аж.

Гурав дахийг нь “Шувуу ажиллагаа” гэж нэрлэжээ. Авлига, хээл хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төрийн өмчийг идэж шамшигдуулсан хэрэгт холбогдчихоод мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад руу оргон зайлсан хүмүүсийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэхэд энэ ажиллагаа голлон чиглэх юм билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нар АНУ-д, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Энэбиш Австралид, МАН-ын нөлөө бүхий хүн болох, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай Филиппинд бүгж буй. Бидний авсан мэдээллээр тун удахгүй Т.Бадамжунайг авчрахаар болж буй гэсэн. Нэр дурдсан албан тушаалын хэрэгт холбогдогчдыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авчирч шалгахад “Шувуу ажиллагаа” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Эл ажиллагааны хүрээнд эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад ч голлон анхаарах юм байна. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгөө оруулсан гадаадынхныг элдэв хэрэгт холбогдуулж, эд хөрөнгийг нь дээрэмддэг байдлыг устгахад чиглэх бололтой.

Дөрөв дэх нь “Шилжүүлэн авах ажиллагаа” нэртэй. Манай “цагаан захтнууд” албан тушаалаа ашиглаж татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгийг завшин, гадаадынхантай хамтарч оффшор бүсэд хээл хахууль болон үндэслэлгүй хөрөнгөжих замаар олсон хөрөнгөө нуудаг. Уг хөрөнгийг буцаан авах ажиллагааг нэлээд хүндрэл бэрхшээл, цаг хугацаа туулж байж явуулдгийг манай сонин энэ сарын 2-ны дугаартаа “Авлигачдын алсруулсан хөрөнгийг авчрах зам дардангүй” нийтлэлээр хүргэсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэг эрхэм төлөөний этгээддээ үүрэг өгч, үл хөдлөх хөрөнгөө Мэн гэх төдийлөн мэддэггүй аралд нуусан, Монголбанкийг удирдаж байсан нэгэн хамаарал бүхий хүмүүс рүүгээ бондын мөнгөнөөс шилжүүлээд эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар авч, Австрид үл хөдлөх хөрөнгөтэй болсон, Засгийн газруудад өндөр албан тушаал хашиж байсан хүн Швейцарын банкны нөлөө бүхий менежерээр дамжуулж тус улсын банканд данс нээн, их хэмжээний ам.доллароо хадгалж, мартсан, “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнууд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулагчидтайгаа нийлээд олон сая доллар гадаадад угаахад оролцож, ихээхэн хохирол учруулсан, Дарханы замын хэрэгт холбогдсон нэг эр МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан байсан хүний мөнгийг угаан нуун далдлахад оролцсон гээд тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарах юм. Тэдгээрийг буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг нь хураах ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотой зарцуулахад дөрөв дэх ажиллагаа чиглэж байна.

Тав дахь нь “Шил ажиллагаа”. Төрийн байгууллагуудын ил тод байдлыг хангах зорилготой цахимжилтыг эрчимжүүлж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй  болгох, ур чадвар бүхий менежментийн баг ажиллуулах, улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэж буй юм билээ.

Энэ “5 Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрылэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөө үзүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн болон гишүүд нь үзэж байгаа аж.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газар “Таван төгөлдөршил” эхлүүлж байсан шиг Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй гүйцэтгэх засаглал “5 Ш”-ийг хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлалаа. Үр дүнтэй хэрэгжүүлж чадвал авлигач цагаан захтнууд хуулийн хариуцлага хүлээдэг болж, Монголын төрд шударга ёсны салхи сэвэлзэж, олон улс дүгнэдэг авлигын индекс буурахад ч дөхөмтэй нь гарцаагүй.

Г.ЦОЛМОН

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин