БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

A- A A+
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал нар байлцав.

Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж эдийн засгийн тогтвортой хөгжил, шударга ёсыг хангахад хоёр улсын авлигын эсрэг чиг үүрэгтэй байгууллагын нягт хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлов.

Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-ын авлигатай тэмцсэн туршлага, үр дүнг онцлон дурдаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судлах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх үйлсэд Элчин сайд Ноён Цай Вэньpуйгийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цаашдын амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэв. Элчин сайд Цай Вэньруй нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч, хүндэтгэл илэрхийлсэн явдалд талархал илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн, үр дүнтэй хамтран ажиллаж байна.