“Монгол Улсын сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт дагалдах арга хэмжээ болов

A- A A+
“Монгол Улсын сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт дагалдах арга хэмжээ болов

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын “Эдийн засаг, байгаль орчны хэмжигдэхүүний асуудлаарх форум” энэ оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Чех Улсын Праг хотноо зохион байгуулагдаж байна.

Форумын үеэр ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн газартай хамтран “Монгол Улсын сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр дагалдах арга хэмжээг зохион байгуулав.

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмид арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглэж, ЕНБД-ын зүгээс манай улсын эдийн засаг, байгаль орчны хэмжигдэхүүний хүрээн дэх санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцож, Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан “5Ш” ажиллагааны хэрэгжилтийг танилцуулсан ба АТГ-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Ж.Болорчимэг Монгол Улсын АТГ-аас авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаан олгох чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлагыг хуваалцав.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа панелд цахимаар оролцон  ЕАБХАБ-тай 2015 оноос хамтран ажиллаж, Төв Азийн түймрийн менежментийн төвийг байгуулсан туршлагыг мөн танилцуулав. ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн газартай хамтын ажиллагааг эрчимжүүлж, зуны хэт халалт, цаг агаарын аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Төв Азийн бүс нутгийн бага хурлыг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг мөн танилцуулав.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг танилцуулж, ЕАБХАБ болон түнш улсуудын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.