Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 291 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 212 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 31 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 262 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар илэрсэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар 4 өргөдөл, гомдол болон 2 албан тушаалтны ХАСХОМ-ийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн 2024 оны ажлын бэлтгэлийг хангаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн мэдүүлэг гаргагч нарт “Мэдүүлэг, мэдэгдэл тайлбар гаргах асуудал” сэдвээр зохион байгуулсан цахим сургалтад 290 албан тушаалтныг хамрууллаа.