VISUAL TOIM: “Авлигатай тэмцэх жил”-д АТГ 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ

A- A A+
VISUAL TOIM: “Авлигатай тэмцэх жил”-д АТГ 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ

2023-2024 оныг Монгол Улсын Засгийн газраас "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд ч авлигатай тэмцэх чиглэлд төр засаг болоод хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж буйг анхааралтай гэгч нь ажиглаж байна. Нэг жилийн хугацаа ч өнгөрсөн байна. Тэгвэл авлигатай тэмцэнэ гэсэн Засгийн газрын эл мэдэгдэл бодит ажил хэрэг болов уу, аль эсвэл уриа лоозон төдий болоод өнгөрөв үү. Энэ асуултад хариулт олох үүднээс АТГ өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн ажилласан талаар мэдээлэлтэй танилцъя.

-ХАСХОМ хянан шалгалт 2023 онд 118 нэгжээр өсчээ-

Хуульд заасан төрийн албан хаагч нь жил бүр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх үүрэг хүлээдэг ба их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд түүнийгээ 30 хоногт мэдүүлсэн байхыг шаарддаг билээ. Тэгвэл өнгөрсөн онд нийт 484 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ. Энэ нь өмнөх оноос 118 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн ХАСХОМ-ээ мэдүүлсэн албан тушаалтнуудаас 293-г нь дараах байдлаар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тодруулбал,

-Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийг 95 хувьтай хянан шийдвэрлэжээ-

АТГ 2022 онд 662 албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байсан бол энэ онд ахисан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, нийт 957 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Ингэхдээ шийдвэрлэлт нь 95 хувьтай байгаа аж.

-16 мянган иргэний ХАСУМ-ийг шалгав-

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн ХАСУМ-ийг хуулиар шалгах үүргийг АТГ хүлээнэ. Тэгвэл 2022 онд 14 мянга гаруй иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэж байсан бол 2023 онд энэ тоо 1636 нэгжээр өсч, 16331-д хүрчээ.

-ХАСУМ: 34 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулах шаардлага хүргүүлэв-

Харин хянан шийдвэрлэх явцад ХАСУМ-ийг хянуулалгүйгээр томилж, хууль зөрчсөн 34 томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах шаардлага хүргүүлсэн байна. Үүний цаана албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах асуудал ч хөндөгдөх билээ.

-Хүлээн авсан гомдол мэдээллээс 701-д нь хэрэг нээжээ-

Олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол шийдвэрлэлт чиглэлд хэрхэн ажиллаж буйг их асуудаг. Тэгвэл АТГ нийт хүлээн авсан гомдол мэдээллээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байдал нэг жилийн хугацаанд 80 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.

-1837 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэлт 57.6 хувьтай байна-

Хуульд заасан харьяаллын 1837 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 317 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн шийдвэрлэлт 57.6 хувьтай байгаа аж.

-АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 325 гэмт хэрэг шүүгчийн өмнө очив-

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараагаар дараагийн шатны хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх процесс хамгийн чухал билээ. Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг шилжүүлэх байдал. Авлигатай тэмцэх газар 2023 онд 325 хэрэг шилжүүлсэн байх бөгөөд энэ нь өнгөрсөн оноос 63 нэгжээр өссөн үзүүлэлт аж.

-Авлигын улмаас Монгол Улсад 845 тэрбумын хохирол учрав-

Өнгөрөгч 2021,2022 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өндөр байсан ч тэр хэрээрээ нөхөн төлүүлэлт өндөр байсан. Тэгвэл энэ онд өгч буй мэдээллээр, энэ төрлийн гэмт хэргийн улмаас 845 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлэлт нь ямар байсан бэ?

-238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн-

-17 тэрбумын хөрөнгийг битүүмжлэв-

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021, 2022 онуудад гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгож байв. Тэгвэл энэ онд 17 тэрбум төгрөгийн үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

-8 тэрбумын хахууль хураагдав -

Хахууль нь авлигын хамгийн хүнд хэлбэрт хамаатдаг. Тэгвэл "Авлигатай тэмцэх жил"-д АТГ хахуулийн 8 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний бэлэн мөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хураан авсан сайн үзүүлэлттэйгээр өндөрлүүлжээ.

Ц.Янжиндулам

Эх сурвалж