Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хил хамгаалах байгууллагын хилийн цэргийн анги, тусгай салбарын захиргаа хариуцсан орлогч 37 албан хаагчид авлигын эсрэг сургалт зохион байгуулав.
Сургалтыг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Авлигын эсрэг манлайлал”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр удирдан явуулсан бөгөөд салбарын нөхцөл байдлын судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Уг сургалтын талаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Д.Мөнгөнжин “Хил хамгаалах байгууллагын хилийн цэргийн анги, тусгай салбарын захиргаа хариуцсан орлогч нараар дамжуулан хилийн цэргийн анги нэгтгэлийн шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, шударга ёсны үзэл санаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх, авлигын хор хөнөөлийг ойлгох, жигших үзлийг бий болгож, авлигын эсрэг өөрсдийн дуу хоолойг хүргэхэд зөвлөмж өгсөн, үр дүнтэй сургалт боллоо” гэж дүгнэж хэлэв.
Нийгэмд шударга ёсыг тогтооход хүн бүрийн оролцоо чухал болохыг онцлон хилийн цэргийн албан хаагчдад энэ төрлийн сургалтыг тогтмол хийж хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд сургалтыг газар дээр нь очиж явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.