Л.Нарантуяа: Улсын эмнэлгүүд төлбөрийн жишиг хэмжээг 10 000-25 000 төгрөгөөр нэмснийг хүчингүй болгууллаа

A- A A+
Л.Нарантуяа: Улсын эмнэлгүүд төлбөрийн жишиг хэмжээг 10 000-25 000 төгрөгөөр нэмснийг хүчингүй болгууллаа

Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд хэрэгжиж байгаа тoлбoртэй тусламж, үйлчилгээний журам болон тариф тогтоосон шийдвэрүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хянаж хүчингүй болгуулжээ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяагаас тодрууллаа.

-Улсын эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээний зарим дүрэм, журам, шийдвэрийг АТГ-аас хүчингүй болгуулсан юм байна. Хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн ийм арга хэмжээ авхуулав?

-Авлигын эсрэг хуульд зааснаар авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж, хүчингүй болгуулах ажлыг АТГ хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам болон тариф тогтоосон шийдвэрүүдийг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулах ажлыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан. Тодруулбал, “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж хуульчилсан байдаг. Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/216 дугаар тушаалаар Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам баталсан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмыг батлах эрхийг хуулиар зөвхөн Эрүүл мэндийн сайдад олгосон.

-Эрүүл мэндийн тухай хуулийн эл заалтыг ямар эмнэлгүүд зөрччихсөн байна вэ?

-Хуульд ийнхүү заасан байтал Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Хүүхдийн төв сувилал, “Амгалан” амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Эмгэг судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг төлбөртэй тусламж үйлчилгээний журмыг давхардуулан баталсан байсан. Түүнийг хүчингүй болгуулахаар АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн юм. Тухайлбал, “Амгалан” амаржих газрын захирлын 2022 оны А/21 тушаалаар баталсан Төлбөрт үйлчилгээний төлбөрийг төвлөрүүлэх журам, ГССҮТ-ийн захирлын 2022 оны А/163 тушаалаар баталсан Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журам, Геронтологийн үндэсний төвийн захирлын 2022 оны А/35 тушаалаар баталсан Төлбөртэй үзүүлэх тусламж, үйлчилгээний журам, СЭМҮТ-ийн захирлын 2023 оны А/14 тушаалаар баталсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, УНТЭ-ийн захирлын 2022 оны А/170 тушаалаар баталсан Тусламж үйлчилгээний санхүүжилтийн журам, УГТЭ-ийн захирлын 2022 оны А/141 тушаалаар баталсан Эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журам, ХӨСҮТ-ийн захирлын 2022 оны А/184 тушаалаар баталсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, Хүүхдийн төв сувиллын захирлын 2022 оны А/56 тушаалаар баталсан Хүүхдийн төв сувиллаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журам, Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2023 оны А/12 тушаалаар баталсан Эмгэг судлалын тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх журам нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа юм.

-Ямар үйлчилгээ төлбөртэй байсан юм бол. Та тодорхой жишээ хэлж болох уу? 

-Энд нэг зүйлийг тодруулж хэлэх шаардлагатай болов уу. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг Эрүүл мэндийн болон Сангийн сайдаас батлан мөрдүүлэхээр хуульчилсныг дээр дурдсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоодог. Энэ дагуу төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээ бүгд төлбөртэй. Харин төрөөс зарим тусламж, үйлчилгээний төлбөрийг бүрэн хэмжээгээр, заримынх нь төлбөрийн тодорхой хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, тодорхой хэсгийг үйлчлүүлэгч иргэн өөрөө төлдөг.

Гэхдээ дээрх төлбөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн болон Эрүүл мэндийн сайдын баталсан төлбөрийн жишиг хэмжээнд байх ёстой. Энэ дагуу бид ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тарифыг нягталсан. Эмнэлгүүд төлбөрийн хэмжээг тогтоохдоо эрх бүхий этгээдээс баталсан төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүйгээр тогтоосон байсныг нь хүчингүй болгуулсан. Жишээлбэл, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирлын тушаалаар зүрхний эхог 40 000, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоог 25 000, бамбай, үений хөндийн эхог 25 000, тархины судасны допплерографиг 40 000 төгрөгөөр тус тус тогтоосон байсан. Энэ нь Сангийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан төлбөрийн жишиг хэмжээнд 15 000 төгрөгөөр тогтоосон журмыг зөрчиж, төлбөрийг 10 000-25 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг.

-Зарим эмнэлэгт эмч нарын цол, зэргээс хамаарч үзлэгийн тариф тогтоосон байдаг шүү дээ.

-Таны хэлсэнчлэн ийм байдлаар төлбөр авч байсан нь зөрчил гэж хэлж болно. Эрүүл мэн­дийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагаас үзлэгийн төлбөрийг эмчийн ахлах, тэргүүлэх болон клиникийн профессорын, зөвлөх эмчийн, Гавьяат эмчийн, анагаах ухааны докторын үзлэг гэх мэтээр ялгаатай тогтоосныг бид хүчингүй болгуулсан. Жишээ нь, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар хүчингүй болгосон шийдвэрийг баримтлан “Амгалан” амаржих газар, таны асуусан Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, ГССҮТ, ХӨСҮТ эмнэлгийнхэн Гавьяат эмч, анагаах ухааны доктор, зөвлөх эмчийн үзлэгийг 35 000, тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор эмчийн үзлэгийг 25 000, бусад их эмчийн үзлэг, зөвлөгөөг 15 000 төгрөг гэх зэргээр ялгаатай тогтоосон байсныг хууль журамд нийцүүлсэн. Уг нь Сангийн болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/А/293 тоот тушаалаар батлан мөрдөж байсан Эмчийн үзлэгийн төлбөрийн жишиг хэмжээг тухайн салбарын сайд нарын 2022 оны 49.А/118 дугаар тушаалаар хүчингүй болсон байдаг. 2022 оноос мөрдөж буй журмын дагуу бол ахлах, тэргүүлэх, профессор, доктор, Гавьяат эмчийн үзлэгийн төлбөрийг ялгавартай тогтоогоогүй.

-Эмнэлгийн гадаах автомашины зогсоол төлбөртэй, заримдаа дүүрсэн байдгаас иргэд автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ орхидог. Түүнийг нь ачигч аж ахуйн нэгжүүдийнхэн амархан “шүүрснээс”, маргаан үүсдэг шүү дээ. Ер нь эмнэлгүүдийн гадаах зогсоолуудын төлбөртэй холбоотой асуудлыг хянаж шалгасан болов уу?

-Хянаж шалгасан л даа. Үүнийг ойрын хугацаанд холбогдох байгууллагуудаар шийдвэр­лүү­лэх шаардлагатай юм билээ. Эмнэлгийн гаднах зогсоолд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоо­лын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс үүдэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжгүй байна” гэдэг. Нөгөө талаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэнээс төлбөр хурааж байна гэх гомдол АТГ-т удаа дараа ирсэн.

Уг нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/216 дугаар тушаапаар баталсан Төрийн өм­чийн эрүүл мэндийн байгууллагаас үзуүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмын 2.9-д “Үйлчлүүлэгчийн автомашины зогсоол ашиглалтын төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд авахгүй” гэж заажээ. ЭМЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн тайланд дурдсанаар тус яамны харьяа 19 байгууллага автомашины зогсоолтой. Үүний ес нь төлбөргүй, 10 нь төлбөртэй зогсоолын үйлчилгээ үзүүлж буй юм билээ.

-Эдгээр төлбөртэй үйлчилгээнээс болж ямар хохирол, үр дагавар учирч байсныг таслан зогсоосон бэ?

-Хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, төлбөр хураамжийг давхардуулан журамлах, төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн батлах нь албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл төдийгүй үйлчилгээ авч буй иргэдэд чирэгдэл учруулж буй нэг хэлбэр.

Аливаа шийдвэр зөвхөн хуульд нийцсэн байх, зохицуулсан харилцаа нь тодорхой байснаар ир­гэдэд ойлгомжтой, тэр хэмжээгээр төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх боломж бүрдэх ёстой. Жишээ нь, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээний 602-т хэт авиан оношилгоо (зүрх, бамбай, үе, тархины судасны допплер)-ны төлбөрийг 15 000-аар тогтоосон. Гэтэл нэр бүхий төрийн өмчийн эмнэлгээс уг үйлчилгээний төлбөрийг 25 000-аар тогтоож, иргэдээс төлбөр авсан тохиолдолд зөрүү буюу үндэслэлгүйгээр 10 000 төгрөг илүү авсан асуудал гарч ирнэ. Иргэд зөрүү төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллагаас нэхэмжлэх боломжтой. Иргэд нэг талаас үндэслэлгүй өндөр төлбөр төлж хохирох, илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжилж авахад хүнд суртал, чирэгдэл үүсэх эрсдэлтэй. Нөгөө талаас иргэнээс үндэслэлгүй төлбөр хураамж авсан төрийн байгууллага, албан тушаалтан хохирлыг арилгах ёстой. Бид ийм хүндрэл чирэгдэл гарахаас урьдчилан сэргийлж, хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгуулах, таслан зогсоох арга хэмжээ авсан юм.

Ярилцсан Г.РАВЖАА

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин.

2024.02.21.