Мөнгө угаах гэмт хэргийн гол бүрэлдэхүүн

A- A A+
Мөнгө угаах гэмт хэргийн гол бүрэлдэхүүн

Мөнгө угаах гэмт хэргийн гол бүрэлдэхүүн нь гэмт хэргийн үйлдлээр мөнгө олж авах, улмаар хууль бусаар олж авсан уг хөрөнгийг хууль ёсны санхүүгийн системд оруулах, бөгөөд ингэхдээ байршуулах, халхавчлах, гүйлгээнд оруулах гэсэн үйл явцыг хэрэгжүүлдэг. Мөнгө угаах гэсэн ойлголт нь хууль бусаар олсон орлогыг нуун дарагдуулах, далдлах үйл ажиллагааг хэлнэ. Энэхүү үйл ажиллагаа нь хууль бусаар олсон орлогыг хууль ёсны эх үүсвэрээс бий болсон мэт харагдуулах зорилготой юм.

Мөнгө угаах гэмт хэргийг нарийвчилсан тодорхойлолт нь улс орнуудын эрүүгийн хуулийн заалтаас шалтгаалан бага зэрэг ялгаатай байдаг. Уг ялгаа нь холбогдох байгууллага, стандарт тогтоох байгууллагуудаас хамаарах ба үүнийг дараа авч үзэх болно. Мөнгө угаах гэмт хэргийн ялгаатай тодорхойлолтуудын цөөн хэдэн жишээг харуулая. Герман Улсын Эрүүгийн хуульд үүнийг харьцангуй энгийн болгож, мөнгө угаах гэмт хэргийг “хууль бусаар олж авсан хөрөнгөө нуун дарагдуулах” гэж тодорхойлсон байдаг.

Франц Улсын Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага нь мөнгө угаах гэмт хэргийг “хууль бус гарал үүслийг нуун далдлахын тулд […] гэмт хэргийн орлогыг өөрчлөх явдал” гэж тодорхойлсон.

Мөнгө угаах гэмт хэргийн тодорхойлолтуудад багтсан нийтлэг зүйл дараах байдалтай байсан:

  1. Гэмт хэрэг эсвэл хууль бус үйл ажиллагаанаас мөнгө эсвэл хөрөнгө олж авах
  2. Энэхүү мөнгөний хууль бус гарал үүслийг далдлахын тулд хөрөнгө худалдан авах
  3. Эхлээд гэмт хэрэг үйлдэж, түүний үр дүнд мөнгө авна. Мөнгө угаах гэмт хэргийн үндэс болсон гэмт үйлдэлийг анхдагч гэмт хэрэг гэж үзнэ.
  4. Анхдагч гэмт хэрэг нь улс орон бүрт ялгаатай бөгөөд ихэвчлэн тухайн улсын эрүүгийн хуульд тусгагдсан байдаг.
  5. Анхдагч гэмт хэргийн жишээнд хар тамхины наймаа, татвараас зайлсхийх, хүн амины хэрэг, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, авлига, залилан мэхлэх, хууль бусаар хил нэвтрүүлэх, хүн худалдаалах, хууль бус зэрлэг ан амьтдын наймаа, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэрэг гэмт хэрэг хамрагдаж болно.
  6. Хэрэв хэн нэгэн ийм анхдагч гэмт хэрэг үйлдэж, түүгээрээ мөнгө олж авах, улмаар уг хууль бус хөрөнгийн гарал үүслийг нуухыг оролдвол энэ нь мөнгө угаах гэмт хэрэг болно.
  7. Гэмт хэрэгтнүүд янз бүрийн арга ашиглан хөрөнгийн хууль бус гарал үүслийг нуун дарагдуулахын тулд крипто мөнгө угаах аргыг ашигладаг. Биткойн худалдан авч мөнгө угаах хамгийн хялбаршуулсан арга зам нь хуурамч нэр ашиглан криптовалютаар гүйлгээ хийх явдал юм.

Хууль бусаар олсон мөнгөө ашиглахыг хүссэн гэмт хэргийн байгууллагууд мөнгө угаах гэмт хэргийг зайлшгүй үйлдэх шаардлага гардаг. Их хэмжээний хууль бус мөнгө үр ашиггүй бөгөөд ашиглахад аюултай байдаг. Гэмт этгээдүүд хууль ёсны санхүүгийн байгууллагад мөнгө байршуулахыг хүсдэг боловч хууль ёсны бус эх үүсвэрээс орж ирж байгаа мөнгөний хувьд энэ аргыг хэрэглэхэд амаргүй юм.

Мөнгө угаах гэмт хэрэг нь ихэвчлэн байршуулах, халхавчлах, гүйлгээнд оруулах гэсэн гурван үе шатаас бүрддэг:

  • Байршуулах үе шатанд "бохир мөнгө"-ийг хууль ёсны санхүүгийн системд нууцаар нэвтрүүлнэ.
  • Халхавчлах үе шатанд олон тооны гүйлгээ хийж, нягтлан бодох бүртгэлийн заль мэхийг ашиглан мөнгөний эх үүсвэрийг нуун дарагдуулна.
  • Гүйлгээнд оруулах үе шатанд дээрх байдлаар угаасан мөнгийг гэмт хэрэгтний үндсэн зорилгод ашиглахын тулд хууль ёсны данснаас гаргаж авна.

Энэ загвар нь бодит амьдрал дээр өөр байж болно. Мөнгө угаах гэмт хэрэг нь дээрх гурван үе шатыг бүрэн хамардаггүй, эсвэл заримыг нь нэгтгэж, олон удаа давтаж болно.

Мөнгө угаах гэдэг нь үндсэндээ хууль бус аргаар олж авсан хөрөнгийг хууль ёсны дагуу олж авсан мэт харагдуулахын тулд нуун далдлах үйл явцтай холбоотой олон талт, нарийн төвөгтэй үйл явц юм. Хууль бусаар олж авсан хөрөнгийг байршуулах, халхавчлах, гүйлгээнд оруулах зэрэг нарийн нямбай процессоор санхүүгийн системд нэвтрүүлж, гэмт хэргийн гарал үүслийг үр дүнтэй өөрчилдөг. Энэ үйл явц нь хардлага төрүүлэхгүйгээр хууль бус орлогоо үр дүнтэй ашиглахыг хүсдэг гэмт хэрэгтнүүдийн хувьд маш чухал юм.

Мөнгө угаах гэмт хэргийн тодорхойлолт, ойлголт нь өөр өөр харьяалал, стандарт тогтоогч байгууллагуудад харилцан адилгүй байдаг ч хөрөнгийн хууль бус гарал үүслийг нуун дарагдуулах явдал нь нийтлэг оршдог. Авлига, хар тамхины наймаа, залилан, хүний наймаа, татвараас зайлсхийх гэх мэт гэмт хэрэг нь мөнгө угаах гэмт хэргийг бий болгож нөхцөлдүүлж байдаг анхдагч гэмт хэрэг юм. Криптовалют бий болсноор мөнгө угаах гэмт хэргийн шинэ хэлбэрийг үүсгэсэн ба криптовалютаар хийх гүйлгээг нууц нэрээр гүйцэтгэснээр хөрөнгийн хууль бус гарал үүслийг нуун дарагдуулах үр дүнтэй арга зам болж байна.

 

Эх сурвалж: https://financialcrimeacademy.org/key-elements-of-money-laundering/?fbclid=IwAR3Tj9RDWd2T6-kLr3MTwC82FBBS5yrqtatDVUOqcnhpKI6oFnDb83hV0kE