Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Ханбогд Ираета” ХХК-ийн удирдлагууд, ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр сургалт зохион байгууллаа.
“Ханбогд Ираета” ХХК нь ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлснээр Монгол Улсын авлигын индекс буурах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тус компанийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа”, “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд сургалт хийж, сонирхсон асуултад нь хариулт өгч мэдээлэл солилцов.
Цаашид хувийн хэвшлийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах, бусад хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран авлигын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.