Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллав

A- A A+
Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригт хүргүүлсэн Мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцав.    

Яллагдагч “Х”, “Б”, “С” нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх гэмт хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсний зэрэгцээ Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгоор Мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлсэн юм.

Уг мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны  255 албан хаагчтай “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ болон ёс зүйн хариуцлагын гэрээ”-г байгуулж, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахим хэлбэрээр, эсвэл зөвхөн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан авсны дараа удирдлагын цохолт хийлгэхийг нийт ажилтнуудад анхааруулж, авлигын эсрэг 5 удаагийн сургалт зохион байгуулжээ. Захирамжлах баримт бичиг, гэрээний төсөл боловсруулах, санал өгөх зэрэг шийдвэр гаргах бэлтгэл үе шат бүхэнд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдэл гаргадаг болсон байна. Дээрх гэмт хэргийн явцад газар эзэмших гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсан 61 иргэний гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар Газар ашиглалт, мониторингийн  хэлтсийг байгуулан нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгох, хугацаа сунгах, эрх шилжүүлэх зэрэг хүсэлтийн материалын бүрдлийг шалгаж хяналт тавин ажиллах болсон байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авсан нь сайшаалтай хэдий ч газар олголттой холбоотой иргэдээс ирүүлэх өргөдөл, гомдол буурахгүй, авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байна. Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023-2024 онд газар эзэмших, ашиглах эрх хүссэн иргэдийн хүсэлтийг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаарх судалгааг гаргуулан авч дүн шинжилгээ хийхээр тогтов.