Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 146 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 110 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 820 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, татварын байгууллагын удирдах албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, гаалийн улсын байцаагч “Б” бусдад давуу байдал бий болгосон гэх, Булган аймгийн Орхон сумын удирдах албан тушаалтан “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.