“Dubai Unlocked” төслийг санаачлагч "Зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)" гэж ямар байгууллага вэ?

A- A A+
“Dubai Unlocked” төслийг санаачлагч

OCCRP нь Амстердам, Вашингтон, Сараево хотуудад төвтэйгээр дэлхийн зургаан тивд үйл ажиллагаагаа явуулдаг, дэлхийн хамгийн том эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллагуудын нэг юм. Тус байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь түлхэц өгөх зорилготойгоор мэдээллүүдийг нийтлэн ажилладаг, ашгийн бус мэдээллийн төв буюу дэлхий даяарх эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд зориулсан хэвлэл мэдээллийн хөгжлийн платформ юм.

Туршлагатай мөрдөн байцаалтын сэтгүүлч Дрю Салливан, Пол Раду нар 2007 онд үүсгэн байгуулсан OCCRP нь хил дамнасан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хамтын ажиллагааны анхдагч бөгөөд анх Зүүн Европт цөөн хэдэн түнштэйгээр даруухан эхэлсэн ч дэлхий дахинаа олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан, хамгийн өндөр стандартыг баримталдаг хүчирхэг төв болон өргөжжээ.

Алсын хараа: Гэмт хэрэг, авлигаас болж амьдрал, амьжиргаа болон ардчилалд аюул учирдаггүй, илүү их мэдээ мэдээлэлтэй дэлхий ертөнц.

Эрхэм зорилго: Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэлхий даяар түгээж, бэхжүүлэн, олон нийтийг эрх мэдэл бүхий хүмүүсээс хариуцлага нэхэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэмт хэрэг, авлигыг илчлэн харуулах.

OCCRP-ийн үйл ажиллагааны үндсэн дөрвөн тулгуур:

1. Мөрдөн байцаалт - Хамтын ажиллагаатай хил дамнасан төслүүдийг удирдаж, нөлөө бүхий мэдээлэл нийтэлдэг.

2. Дэд бүтэц - Мөрдөн байцаалтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд сургалт,  багаж хэрэгсэл болон нөөцөөр хангадаг.

3. Инноваци- Сэтгүүл зүйн салбарт зориулсан шинэ технологи, шийдлүүдийг боловсруулдаг.

4. Нөлөөлөл - Шинэ түншлэлийн тусламжтайгаар дэлхий дахинд гэмт хэрэг, авлигын эсрэг тэмцлийг хурдасгаж байна.

ТУЛГУУР #1 : МӨРДӨН БАЙЦААЛТ

Мөнгө, эрх мэдлийн сүүдрийн ертөнц хэрхэн ажиллаж, өдөр тутмын амьдралтай огтлолцож буйг илчлэх зорилгоор өөр мэдээллийн байгууллагуудын гүнзгийрүүлэн хөндөөгүй сэдвүүдийг эрэн сурвалжилдаг.

Тус байгууллага нь авлигыг өөгшүүлэгч банкирууд, хуульчид, нягтлан бодогчид болон бусад мэргэжлийн хүмүүсийг шүүмжилж, авлига хэрхэн санхүү, байгаль орчин, нийгэмд хор хөнөөл учруулдгийг харуулах зэрэг өөр хаанаас ч олж чадахгүй мэдээллүүдийг нийтэлдэг.

2009 оноос хойш тус байгууллагын мөрдөн байцаалтын ажлууд нь хууль бусаар олж авсан 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийг олон нийтийн эзэмшилд буцаан авчрахад тусалжээ. Мөн тэдний илрүүлсэн баримтуудын үр дүнд 600 гаруй баривчилгаа, яллах дүгнэлт болон 400 гаруй албан ёсны мөрдөн байцаалт явагдсан байна.

ТУЛГУУР #2: ДЭД БҮТЭЦ

OCCRP нь олон төрлийн 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилласнаар дэлхий даяар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чанарыг бэхжүүлж байна.

Тус байгууллага нь сэтгүүлчдэд дараах чухал үйлчилгээг үзүүлж, дэлхий даяарх OCCRP-ийн сүлжээнд харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бий болгож, тогтвортой хөгжихөд нь тусалдаг:

-Мөрдөн байцаалтын технологи болон мэдээллийн өгөгдөл

-Бат бөх хяналт, баримтад тулгуурласан шалгалт

-Цахим болон биеийн аюулгүй байдлын дэмжлэг

-Хууль эрх зүйн дарамтаас хамгаалах тогтолцоо

-Нөөц болон санхүүжилтийн тусламж

ТУЛГУУР #3: ИННОВАЦИ

OCCRP нь салбарынхаа томоохон асуудлуудад инновацлаг шийдлүүдийг гаргаж судалгаа, хөгжлийн лаборатори нь болдог. Сэтгүүлчдийн ашиглах боломжтой хэрэгсэл, мэдээллийн нөөцийг бий болгож, дэлхий даяарх эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бэхжүүлэхэд тусалдаг.

OCCRP Aleph: Мөрдөн байцаалтыг хурдасгадаг мэдээллийн хэрэгсэл

Aleph нь Теребайтаар хэмжигдэх мэдээллийг удирдах, мөн сэтгүүлчдэд мөнгөний урсгалыг мөрдөн шалгахад нь туслахад зориулагдсан хэрэгсэл юм. Aleph нь 4 тэрбум гаруй баримт бичиг, мэдээлэл агуулсан мэдээллийн платформ бөгөөд сэтгүүлчид болон идэвхтнүүдэд компаниудын санхүүгийн гүйлгээ болон бусад олон зүйлийн талаар гол мэдээллийг илрүүлэхэд тусалдаг программ хангамж юм.

Уг програм хангамж нь нээлттэй эх сурвалж бөгөөд хэн бүхэн ашиглах боломжтой бөгөөд түүнийг 50 гаруй мөрдөн байцаалтын хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн дотоод стандарт болгон ашиглаж байна.

Сэтгүүлчдийн бамбай: Эрэн сурвалжлах мэдээллийн эрх зүйн хамгаалалт

Дэлхий даяарх хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн оролцоонд чиглэсэн стратегийн нэхэмжлэл буюу SLAPP (strategic lawsuits against public participation) гэж нэрлэгддэг өндөр өртөгтэй, төвөгтэй нэхэмжлэлүүдийн бай болох нь нэмэгдэж байна. OCCRP нь жил бүр ийм төрлийн үндэслэлгүй 75 хүртэлх тооны нэхэмжлэлтэй тулгарч байгаа нь энэ төрлийн заналхийлэлд дэлхий нийтээрээ нэгдсэн хариу үйлдэл үзүүлэх зүйтэй, мөн дээрх SLAPP нэхэмжлэлүүдтэй тэмцэхэд тусдаа бие даасан байгууллагыг бий болгох шаардлагатай гэж дүгнээд байна. Сэтгүүлчдийн бамбай нь хууль эрх зүйн хувьд хууль бус аюул заналхийллээс дэлхий даяарх эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хамгаалах анхны гишүүнчлэлийн хөтөлбөр юм.

ТУЛГУУР #4: НӨЛӨӨЛӨЛ

Авлига болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хурдасгахын тулд OCCRP нь сэтгүүлчдийн илрүүлсэн нотлох баримтыг олон нийтийн эрх ашгийг хамгаалагч болох хуульчид, судлаачид, хэвлэн нийтлэгчид зэрэг нотлох баримт болох мэдээллийг ашиглаж чадах хүмүүст хүргэх түншлэлүүдийг эрэлхийлдэг ба эдгээр сувгуудаар дамжуулан тухайн мэдээ мэдээллээр ухаалаг бодлого боловсруулахад нөлөөлж, хууль зөрчигчдөд хариуцлагыг бодитоор хүлээлгэх боломжийг бүрдүүлдэг байна.

Авлигатай тэмцэх дэлхийн консорциум (GACC)

"Транспэрэнси Интернэшнл"-тэй хийсэн шинэлэг түншлэл болох GACC нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйг иргэний нийгмийн хамгаалалттай хослуулан илүү их нөлөө үзүүлэх замаар дэлхий даяар авлигатай хийх тэмцлийг хурдасгаж байна.

 

Эх сурвалж: https://www.occrp.org/en