Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Оюуны өмчийн газар, “Эрүүл мэндийг дэмжих сан”, Батлан хамгаалах яамны төсөл хэрэгжүүлэх нэгж, Барилга захиалагчийн алба зэрэг байгууллагатай хамтран ажиллав.
Эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар дүн шинжилгээ хийхэд Зөвшөөрлийн тухай хуулиар түлш, эрчим хүчний зарим зөвшөөрлийг Эрчим хүчний сайд олгохоор байтал тусгай зөвшөөрөл олгох эрхийг хэсэгчлэн төрийн өмчит компанид шилжүүлсэн нь ил тод байдлыг хангаагүй, хуулиар эрх олгогдоогүй байхад хууль зөрчиж үндэслэлгүй төлбөр тогтоон, их хэмжээний орлого төвлөрүүлэн зарцуулж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй гэж үзэн Эрчим хүчний яаманд Зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан соён гэгээрүүлэх өдөрлөгт тус дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний болон 25 хорооны 180 төрийн албан хаагч, 912 иргэн, нийт 1092 хүнийг хамрууллаа.