"ХУЛГАЙЛАГДСАН ИРЭЭДҮЙ: Африкийн хүүхдүүдэд үзүүлэх авлигын нөлөө"

A- A A+

“ХУЛГАЙЛАГДСАН ИРЭЭДҮЙ: Африкийн хүүхдүүдэд үзүүлэх авлигын нөлөө” хэмээх гарчигтай тус судалгааны тайлан нь боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зарим авлигын үйлдлийг судалжээ. Үүнд багш, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил таслалт болон үнэ төлбөргүй үйлчилгээнд албан бусаар төлбөр авах зэрэг асуудлыг хамруулав. Эдгээр нь хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээний тоо хэмжээ багасах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмжийг бууруулах, чанаргүй үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй байна.

Энэ төрлийн анхны судалгааг 2018 онд Африкийн Авлигын эсрэг жил болгон зарласны дагуу “Авлигын эсрэг тэмцэлд ялах нь: Африкийн өөрчлөлтөд хүрэх тогтвортой зам” сэдвийн хүрээнд хийж байжээ.

Тус судалгааг Африкийн Холбоотой хамтран ажилладаг хүүхдэд чиглэсэн байгууллагууд болох “Plan international”, “UNICEF”, “Save the Children International”, “World Vision International”, “Африкийн хүүхдийн бодлогын чуулган”, “Олон улсын хүүхдийн сан”, “SOS Children’s Village International” зэрэг байгууллагууд “Африкийн холбооны авлигын асуудлаарх зөвлөл” болон “Хүүхдийн эрх, халамжийн асуудлаарх Африкийн мэргэжилтнүүдийн хороо”-той хамтран явуулсан байна.

“Африкийн холбооны авлигын асуудлаарх зөвлөл”-ийн дарга Бегото Миаром “Хүүхдүүд төрийн чанаргүй үйлчилгээ болон авлигыг эсэргүүцэх чадвар багатай байдгаас шалтгаалж ялгаварлан гадуурхалтад илүү их өртдөг” хэмээн хэлжээ. Мөн Зүүн Африкийн “World Vision” байгууллагын бүсийн удирдагч Стивен Омолло хэлэхдээ “Африкт сая сая хүүхэд, залуучууд авлигын улмаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, сайхан ирээдүйгээсээ салсаар байна” гэв.

Судалгаанаас харахад гэнэтийн шалгалтын үеэр багш нарын дунджаар 24 орчим хувь нь сургуульдаа байгаагүй бол 18 хувь нь сургуульдаа байсан ч хуваарийн дагуу хичээл ороогүй байна.

Эрүүл мэндийн салбарын ажил таслалтын түвшин өндөр ур чадвартай эрүүл мэндийн ажилтнууд, ялангуяа эмч нарын дунд хамгийн их байна. Ажил таслалтын түвшин Танзанид хамгийн бага буюу 14 хувь, харин Угандад 46 хувьд хүрсэн байна.

Сургуулиас ялгаатай нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажил таслалтын дийлэнх нь хариуцсан албан тушаалтнаасаа зохих ёсоор зөвшөөрөл аваагүй байгааг тэмдэглэжээ. Эрүүл мэндийн байгууллагад голчлон бага түвшний ажилтнуудыг ямар нэг хараа хяналтгүй ажиллуулдаг болохыг мөн нотлох баримтаар баталгаажуулсан байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид (өвчтөн, сурагчид гэх мэт) хахууль өгөх замаар давуу эрхтэй үйлчилгээ авах гэсэн тохиолдлуудыг судалсан байна. Африкчуудын дийлэнх хувь нь нийгмийн үйлчилгээнд үнэгүй хамрагдахын тулд, мөн үйлчилгээг түргэн шуурхай авахын тулд хахууль өгдөг. Боловсролын салбарт хахууль өгч өндөр оноо авах нь түгээмэл байдаг бөгөөд хууль бус санхүүгийн урсгал болон өндөр түвшний авлига нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тайланд онцлон харуулжээ.

Аль ч улс оронд засгийн газар нь хүүхдэд зориулсан төсөл, хөтөлбөрүүдэд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгодог. Өндөр түвшний авлига нь ихэвчлэн хүүхдүүдэд зориулагдсан дэд бүтцийн систем, үйлчилгээ бий болгоход зориулагдах боломжтой хөрөнгө мөнгө, нөөцийг алдахад хүргэдэг байна.

“Хүүхдүүдэд хөрөнгө оруулах нь Африкийн нийгэм болон эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай” гэж “Хүүхдийн эрх, халамжийн асуудал хариуцсан Африкийн мэргэжилтнүүдийн хороо”-ны дарга Гоицоэоне Наникиэ Нкве хэлжээ. Түүнчлэн “Хүүхдүүд хэрэгтэй үйлчилгээгээ авахад авлига саад болж байгааг бидэнд хэлж байна. Тэдний сэрэмжлүүлэгт бид анхаарлаа хандуулж, авлигатай тэмцэх ёстой бөгөөд ингэснээр ирээдүй үе маань боломжоо бодитоор эдлэх болно” хэмээжээ.

“План Интернэшнл” Африкийн Холбооны газрын захирал Самуэль Норгах хэлэхдээ “Авлигын бүх хэлбэр нь хүүхдэд зориулсан үйлчилгээнд зарцуулах өрхийн болон төрийн хүртээмжийг бууруулдаг” гэж тэмдэглэжээ.

Тиймээс авлигатай тэмцсэнээр хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг гэр бүл, засгийн газарт нэмэгдүүлэх чухал алхам болно. Африкийн Холбооны Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Дорис Мпоуму “Авлига нь олон сая хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, сайхан ирээдүйтэй байх хүний үндсэн эрхийг булаан авч байна” гэж тэмдэглэв.

Авлигыг бууруулах үйл ажиллагаа нь Африк хүүхдүүдийн хөгжлийн төлөөх хүний эрхийн үндсэн үүрэг болж буй билээ.

 

Эх сурвалж: https://au.int/en/articles/stolen-futures-impact-corruption-children-africa