1.1 Мониторингийн шаардлага
Ардчилсан засаглалын гол шалгуур үзүүлэлт нь: “Тухайн улсын төрийн байгуулал хэр ардчилсан байна вэ?” гэсэн энгийн боловч маш тодорхой асуудал байдаг. Үүнийг хангах гол механизм нь төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал бөгөөд нээлттэй мэдээлэл бол сайн засаглалын суурь, ардчилсан нийгмийн амин сүнс юм.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт: “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” хэмээн иргэнийхээ эрхийг баталгаажуулахын зэрэгцээ хуульд өөрөөр заагаагүй бол ил тод байх, ард түмэнд үйлчлэхийг төрийн албаны үндсэн зарчмуудын нэг байхаар Төрийн албаны тухай хуульд заасан байна.
НҮБ-ын тусгай илтгэгч “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний” талаар 2000 онд тавьсан илтгэлдээ: “Хууль тогтоомжид мэдээллийг боломжийн түвшинд, нээлттэй, ил тод болгох тухай заалт оруулах, төрийн байгууллага нь өөрийн санаачилгаар үндсэн мэдээллээ нийтлэх, мэдээлэл нээлттэй байх зарчимд үл нийцэх, хууль тогтоомжийг өөрчлөх” шаардлагатайг цохон тэмдэглэсэн.
Манай улс 2003 онд болсон “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон” улсуудын олон улсын 5-р бага хурлын үеэр баталсан “Улаанбаатарын тунхаглал”-д “Ардчилал бол нээлттэй, ил тод нийгэм“ болохыг тунхаглаж, “Нээлттэй, ил тод нийгэм мэдээлэл чөлөөтэй бүрдүүлэх, эрэлхийлэх болон түгээхийг “хөхиүлэн дэмжинэ” гэж амлажээ.
2002 онд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Лондон хотноо төвтэй олон улсын “19-р зүйл” (ARTICLE 19) байгууллагатай хамтран шилжилтийн үеийн Монгол улсын “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй Монгол Улсын хуулиудад” хийсэн задлан шинжилгээний тайланд: “Монгол улсад төрийн байгууллагын нээлттэй байдал хангалтгүй байгаа нь гол бэрхшээл юм” хэмээн тэмдэглэсэн байна.
2002 онд УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2.3-р зүйлд: “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангах, олон нийтэд ил тод байх, бусад улс, олон улсын байгууллагын дэвшилтэт арга, туршлагыг харгалзах зарчмыг баримтална” гэжээ.
Монгол Улс Авилгын эсрэг Олон Улсын конвенцид нэгдэн орж, 2006 оны 07 сарын 06-ны өдөр Авилгын Эсрэг Монгол Улсын хууль батлагдаж, Авилгатай Тэмцэх Газар /цаашид “АТГ” гэх/ байгуулагдсан билээ.
Авлигын эсрэг хуулийн олон нийтийг соён гэгээрүүлэх /5-р зүйл/, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа /6-р зүйл/, өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх /9-р зүйл/, АТГ-ын чиг үүрэг, бүрэн эрх /18-р зүйл/-ийн хүрээнд АТГ-аас “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг ил тод байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах” талаар 18 зүйл бүхий зөвлөмж бичиг боловсруулж, 2007 оны 4-р сард төрийн байгууллагуудад хүргүүлжээ.
АТГ-аас хүргүүлсэн дээрх зөвлөмжийн хэрэгжилтэд хөндлөнгийн байгууллагын /Глоб Интернэшнл/ зүгээс хийж буй “Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлын мониторинг” төслийг АТГ-ын захиалга, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр хагас жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу