Авлигатай “Мэдээл-шалга-илрүүл-шийтгэ” гэсэн зарчмаар тэмцье

A- A A+
Авлигатай “Мэдээл-шалга-илрүүл-шийтгэ” гэсэн зарчмаар тэмцье
Миний хувьд энэхүү авлигын асуудлыг өвчинтэй жишиж үздэг. Өвчний вирус нь авлига хүсэх шунал, голомт нь эрх мэдэл бүхий албан тушаал, хүндрэл нь нийгэмд аалзны тор мэт хэрсэн авлигын сүлжээ юм. Өвчлөх шалтгаан нь хувийн ажил алба, ашиг сонирхлоос үүдэлтэй бөгөөд өвчин нь даамжирсаар үхэлд хүргэх бус асар их мөнгө баялаг, эд хөрөнгөнд хөтөлж аваачдаг учраас элбэг дэлбэг сайн сайхан амьдрах хүсэлтэй эрх мэдэлтэй ихэнх хүмүүс энэ өвчнөөр өвдөх дуртай болдгоороо жинхэнэ өвчин зовлонгоос огт өөр юм. Энэ өвчний амтанд, өөрөөр хэлбэл хэвтэрт орсон хүн үхэхээс нааш сална гэж үгүй. Хэдэн үе удмаараа хүндээр өвчилчихдөг талтай. Манайхны бичиж ярьдгаар “оддын өвчин” бол нийгэмд хор хохирол багатай байдаг. Харин “авлигын өвчин” онц халдвартай гамшигтай ДОХ-оос ч долоон дор өвчин юм. ДОХ-той төстэй нь үр удамдаа цусаар халдахаас гадна баялгийн замаар халдварладаг.

Авлигачийг гаднаас нь таних хэцүү. Гэхдээ явцын дунд хурдан танигдах явдал бий. Барьсан цүнх, зүүсэн зангианаасаа өөр өмчгүй амьтан уриалгахан толгой дохиод гүйж явсан бол хэдхэн хоног, сарын дотор өдөрт нэг цүнх, нэг зангиа солиод л, үг дуу нь цөөрөөд л ярвайгаад гэдийчихвэл нөгөө “авлигын өвчин” туссан нь тэр ээ. Бас эсрэгээрээ үргэлж нүдээ ирмээд инээгээд байдаг өвчтөн ч бий. Амьсгалах тоолонд эд хөрөнгө нь арвижаад байхаар баяр баясгалантай ч байлгүй яах вэ. Хуульдаа авлига авсан, өгсөн хоёрыг хоёуланг нь шийтгэнэ гэчихсэн болохоор илрүүлэхэд нэн төвөгтэй. Би Дондогт өгсөн… би Сүрэнгээс авсан… гээд хоёр гараа өргөж, хэлээ гаргаад зогсч байдаг “тэнэг дурак” энэ орчлон дээр үгүй. Төрийн бүх албан хаагчийн өрөөнд чагнах төхөөрөмж тавьчихъя гэхээр чагналаа барилаа, тагнуулдлаа эрх чөлөөнд халдлаа гээд л боломж ч үгүй. Нөгөөтэйгүүр ухаанд ухна үхсэн амьтан биш л бол өрөөндөө авлига аваад сууж байдаг авлигач гэж ер нь л байхгүй. Хөдөө гадаа, баар ресторан, амралт сувилал, гэр орондоо л зохицуулчихна шүү дээ. Авлигатай тэмцэгчид өрөө тасалгааг нь нэгжих шахам гүйж явахад мань хүмүүс тусгай газар авч өгөлцөөд Авлигатай тэмцэх газрынхны ажлын амжилтын төлөө бараг хундага өргөж байх вий.

Авлига, авлигачдыг илрүүлэх хамгийн гол хөшүүрэг бол шударга олон нийтийн үнэн зөв мэдээлэл юм. Хамгийн гол нь өдөр, сар, хоног, өгсөн, авсан эзэдтэйгээ баримттай байх нь чухал. Мэдээлэл нь хэн нэгэн төрийн албан хаагчаас хувийн өс хонзон авсан, гүжирдсэн, гүтгэсэн, худал баримтжуулсан байх юм бол зохих хариуцлага хүлээнэ гэдгийг иргэд, хувь хүмүүс сайтар ойлгох хэрэгтэй. Баттай эх сурвалжгүй таавар төдий мэдээлэл өгч, амжил удчихаад “Өө, яанаа тийм л байх гэж бодсон шүү дээ” гээд хэнэггүй зогсч болно гэвэл эндүүрэл юм. Үнэн зөв баримттай, эзэнтэй мэдээллийг төр худалдан авч, иргэдийг урамшуулах нь авлигатай тэмцэх ажилд нэн тустай, эдийн засгийн томоохон хөшүүрэг болж өгнө. Мэдээлэгчийн нэр төрийн нууцлалыг төр нарийн чанд хадгалах ёстой. Өнөөдөр төрд мэдээлэл өгсөн иргэн маргааш нь гудамжинд толгойгоо хага цохиулчихсан явж байвал ямар санагдах вэ.

Авлигатай тэмцэж, баримт цуглуулахад олон нийтийн дунд явуулсан чөлөөт болон нууц санал асуулга чухал үүрэгтэйг АНУ-ын жишээнээс харж болно. Өмгөөлөгч Жон Хайдер хэр материаллаг сонирхолтой хүн бэ? Муж улсын газрын албаны дарга Энтони Дейкийн хувийн эзэмшилд ямар өөрчлөлт гарч байна вэ? Эдгээр асуултад олон нийтийн чөлөөт, нууц санал асуулга хангалттай хариулт өгнө. Олны үг ортой гэж монголчууд ярьдаг даа. Японд бол олон түмнээс авсан мэдээллийн дагуу үүрэг хариуцлага тооцдог албан байгууллагууд нь жинхэнэ бодит илрүүлэлт явуулдаг байна. Жишээ нь зохих байгууллагаас даалгавар авсан Сүзүки Оно өөрийн дүр төрхөө хувиргаад тухайн авлига авдаг гэж ажиглагдаж буй гаалийн байцаагч Шинжү Сатод авлига өгөх замаар илрүүлдэг байна. Мөн бусдад авлига өгч ажлаа бүтээдэг хүмүүсийг ч иймэрхүү аргаар илрүүлдэг ажээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн дунд, ялангуяа сургуулийн насны хүүхэд үеэс нь энгийн, ойлгомжтой, үр дүнтэй явуулах хэрэгтэй. Тэдэнд авлига, авлигчдын мөн чанар, төрхийг их ойрын жишээн баримтан дээр авч ойлгуулж, ухааруулах нь чухал. “Энэ авлигын гайгаар, энэ авлигачийн шуналаар миний өмсөх хувцас цөөрч, идэх хоол багасч байна” гэсэн хатуухан ойлголтыг хүүхэд ахуй цагаас нь эхлэн өгөх нь чухал. Мөн хувь хүмүүсийн ашиг сонирхол, эрх бүхий албан тушаалтны зөөлөн суудлаас л энэхүү авлигын гэмт хэрэг гарч байгааг сайтар ойлгуулах нь зүйтэй.
Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ярьцгаадаг. Өнөөдөр биеэ болон гэрээ засахын тулд төрд орж ирэх явдал ихээхэн газар авчээ. Үүндээ УИХ-ын сонгуульт алба, сайд даргын албан тушаалыг дөрөө болгох явдал нэлээд байгаа нь нууц биш юм.

Сайн авлигачийг танихад хялбар нэгэн арга бий. Нүднийх нь хөдөлгөөнөөр таньж болдог. Тийм хүн бусдын гарыг дагуулж хараад байдаг гэмтэй. Мөн чимэгтэй сайхан үг хэлэх болов уу гээд чих нь дэлдэгнээд байх тал бий.

УИХ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогоо мэдүүлэх журмыг хуульчлан гаргасан ч хэрэгжүүлэх нь байтугай тоодоггүй улстөрчид, төрийн албаныхан олшров. “Хулгайч, дээрэмчин олширсон энэ цөвүүн цагт ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон хэдийгээ олон түмэнд дэлгэж, долоон булчирхайгаа тоочиж байж олзлогдоод голомтоо самруулаад ч яахав дээ” гээд хээв нэг ярьж байх эрхэм гишүүн ч байх юм. Уг нь төрд алба хашиж байгаа хүний ахуй амьдрал, хөрөнгө орлого олон түмэнд нээлттэй байх учиртай. Хэрэв төрийн албан хаагч хөрөнгө орлогоо олон түмэнд нээлттэй үлдээхгүй гэвэл төрийн ажил албаа өгөх үүрэгтэй. Би төрд алба хааснаараа төдөн төгрөгийн цалин авдаг, гэр бүлээрээ ийм бизнес хийдэг, улсад төдөн төгрөгийн татвар төлдөг энэ тэр гээд л уг нь ч сүртэй юм биш шүү дээ.
Авлигагүй орчинг яаж бий болгох вэ? Нэг талаас төрийн албан байгууллага, албан хаагчид нээлттэй, ил тод ажиллах, нөгөө талаас хувийн компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүс шударга өрсөлдөөн, шударга хөдөлмөрийг эрхэм болговол сая авлигагүй эрүүл орчин, эрүүл нийгэм бүрэлдэн бий болно. Төрийн албан хаагч Дондог гуай албан тушаалаа урвуулан ашиглаж хэнээс яаж байгаад амар хялбар хэдэн төгрөг салгачих вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байх юм бол авлига нийгмийн хүрээнээс хэзээ ч салахгүй. Мөн компанийн захирал Дондов гуай ямар ч үнээр хамаагүй алтны баялаг нөөцтэй газар мөрөөдөж байвал авлигын гэмт хэрэг хаалгыг нь байнга тогшиж байна гэсэн үг. Олон түмэнд авлигын эсрэг ойлголт, сэтгэлзүйг бий болгоход авлигын гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж, олон түмэнд ил тод болгож, шударга шийтгэлийг хүлээлгэх явдал юм.
Манай өмнөд хөрш Хятадад авлигатай холбоотой гэмт хэргийн шийтгэлийг олон түмний нүдэн дээр ил тод явуулдаг нь олон нийтийн дунд авлигыг жигших, үзэн ядахад түлхэц болдог гэж олон улсын байгууллагын мэдээлэлд дурджээ. Сингапур, Гонконг, Малайз зэрэг хөгжингүй орнуудад авлигын хэргийг илрүүлэх эдийн засгийн тагнуулын сүлжээ үйл ажиллагаа явуулдаг нь авууштай санаа юм. Англи, Франц, Герман зэрэг Европын орнуудад авлигатай холбоотой асуудлыг нэргүй мэдээлэл, дүрсжүүлсэн папарациар шалган баталгаажуулдаг нь баримтжуулсан үнэн зөв мэдээлэл болдог байна.
Авлигатай тэмцэх өөр нэг гол үйл ажиллагаа бол олон нийтийн дунд мэдээллийн хэрэгслээр авлигын эсрэг ухуулга, сурталчилгааны ажлыг тогтмол явуулах асуудал юм. Төрөөс авлигатай тэмцэх үйл ажиллагаанд идэвх зүтгэл-тэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулж байх нь зүйтэй. Тухайн иргэний оролцоотойгоор илрүүлсэн авлигын хэргийн шийтгэл болох торгуу-лийн 30 орчим хувийн мөнгөн урамшууллыг олгох нь бодит зөв үнэлгээ юм.

“Мэдээл-шалга-илрүүл-шийтгэ” гэсэн зарчмаар нийгмийн бүхий л хүрээнд төрийн байгууллага, иргэд хамтран ажиллаж чадвал авлига хэмээх өвчин тахлаас салж чадна.

М.АМАРХҮҮ
/товчлон нийтлэв/