АВЛИГЫГ ЗОГСООХ ОЮУТАН МИНИЙ ГОЛ АРГА–ШУДАРГА БАЙХ

A- A A+
АВЛИГЫГ ЗОГСООХ ОЮУТАН МИНИЙ ГОЛ АРГА–ШУДАРГА БАЙХ
“Төр, түшмэл нь хариуцлагатай, иргэд
нь шударга байж авлигыг хязгаарлана”
Авраам Линкольн
/ АНУ-ын ерөнхийлөгчөөр 1861-1865 онд
ажиллаж байсан, 16 дахь ерөнхийлөгч /

Авлига гээч хар хорын үүл улс орон, нийгмийг тэр аяар нь бүрхчихээд байгаа нь хэчнээн аюултай. Оюутнууд бид ч энэ аюулд ялгаагүй бас өртчихөөд байна.

Сургуулиа дүн сайтай төгсөх, төрийн юмуу аль эсвэл хүүхэд бүр орох гэж хошуураад байгаа нэр хүнд сайтай их дээд сургуульд элсэх , за тэгээд оюутан болсон хойноо шалгалт шүүлэг өгөх, дүн тавиулах, дээр нь бас арай тохьтой дотуур байранд суух гээд бидний амьдралын алхам тутамд энэ авлига гээч бузар шунал тааралддаг болчихжээ.

“Энэ олон салаа замын хаагуур нь явах вэ, та минь ээ...” гээд дуулдаг шиг бид ч бас адилхан одоо “…Авлигаар дүүрсэн энэ оюутны амьдралынхаа хаагуур нь туулж гарах вэ, та минь ээ...” гээд хип хоп хэмнэлээр үглэх боллоо.

Авлига хаанаас бий болдог вэ?

Авлига хаанаас бий болдог талаар би ганцхан жишээ хэлэх гэсэн юм. Уржнан жил надтай хамт аравдугаар анги төгссөн нэг хөвгүүн бий. Манай нөгөө ангийнх л даа. Сурлагаар нэг их гавихгүй мөртлөө арвын гэрчилгээгээ дандаа онц сайн дүнтэй авчихсан байсан. Яагаад тэгсэн гэхээр, ээж нь манай багш нарын заримтай нь найз учраас тэдэнтэйгээ найраад дүнг нь өндөр гаргуулчихсан нь тэр. Харин сайн танил биш багш нарт нь болохоор арга эвийг нь олж байгаад бэлэг сэлт өгчихсөн гэсэн. Учир нь ийм. Ээж нь ингээд сургачихсан болохоор тэр хөвгүүн одоо ч бас л орсон дээд сургуульдаа хуучин шигээ л хичээлээ хийхгүй хир нь дүнгээ тавиулсаар л яваа гэж түүнтэй хамт сурдаг манай ангийн охин надад саяхан ярьж байсан. Миний мэдэх олон ийм жишээний ганцхан нь энэ.

Авлигын эсрэг чи өөрөө юу хийх вэ?

Хүн бүр л шударга байя. Оюутан хүн их эрдэм мэдлэг олж авах эсэх нь өөрөөс чинь л хамаарна.Мянган сайхан өндөр оноо, онц дүн тавиулаад, хичнээн гоё ганган диплом авлаа ч гэсэн өөрөө толгой хоосон бол чи сургуулиа төгсөөд хаана ч гологдоно. Би саяхан Баабар ахын бичсэн маш гоё нэг нийтлэл сониноос уншсан. Тэр дотроос “Зах зээлд диплом биш чадвар борлогдоно” гэж хэлсэн нь надад маш их таалагдсан. Оюутан бид ёстой жинхэнэ олж унших ёстой, өнөө цагт их хэрэгтэй сургамж зөвлөгөө энд их бий. Та нар заавал олж уншаарай. Би хэлье. “Зууны шуудан ” сонины 2007 оны аравдугаар сарын дугаарт байгаа.

Тэхээр оюутан бидэнд шударга бусаар, хуурамчаар олж авсан ганц ч оноо хэрэг болохгүй. Тийм учраас багшийг царайчлах, гарыг нь хүндрүүлэх ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Та нар намайг “…Ёстой чи тэгж харагдаач“ гэж бодож байж магадгүй. Та нарын ч буруу биш. Амьдрал дээр нээрэн хавтгайдаа л багш, оюутнууд авч өгөлцөж байгаа юм чинь. Оюутан хүн зуун хувь шударгаар яваад бүх юм сайхан бүтэхгүй л дээ. Гэвч үүнийг бас өөрөөр шийдэж болно гэдгийг би өөр дээрээ туршиж үзсэнээ та нартайгаа хуваалцъя.

Би нэг удаа компьютер дизианы олимпиадад оролцох бэлтгэл хийгээд англи хэлний хичээлийн даалгавраа бүрэн хийж чадаагүй юм. Тэгээд улирлын эцсийн шалгалт өгөх боллоо. Манай багш их хатуу хүн. Хичээл хийгээгүй тохиолдолд шууд л муу тавина. Би ч их айж байсан. Ангийн найз маань шуудхан л “Аавыгаа багштай уулзуулаад аргалчих“ гэлээ. Нээрээ ч ингэж болох л байлаа. Тэгвэл хичээл нөхөж хийнэ гэхгүй санаа амар, бас ч гайгүй дүн тавиулчина. Гэвч би тэгээгүй.

Хоцорсон тэр хичээл надад их хэрэгтэй санагдаад байлаа. Би багшаасаа хичнээн их эмээж байсан ч гэсэн зориг гаргаад багшдаа үнэнээ хэллээ. Бас багшдаа амлалт өгсөн. Арав хоногийн хугацаанд хичээлээ нөхөж хийнэ гэж. Тэгсэн багш ер юу ч болоогүй юм шиг “Тэг, тэг” гэх нь тэр. Тэгснээ “Чи үнэнээ хэлсэн чинь сайн хэрэг. Хэнд юу ч тохиолдож болно, үнэнээ ингээд л хэлчихэж байх хэрэгтэй ш дээ“ гэлээ. Би ч тэгээд багшийнхаа итгэлийг биелүүлж хичээлээ гүйцээж хийж шалгуулсан. Ингэж болдог л юм байна лээ. Багшийг аргалах, гарыг нь хүндрүүлэх энэ тэр гээд толгойгоо зовоох хэрэггүй. Жижигхэн хэр нь ийм үл ялигхан шалтгаанаар л авлига гэдэг тэр хар мангасыг чинь хүмүүс бид л өөрсдөө бий болгоод байгаа юм биш үү, гэж би одоо бодох болсон.

Тэхээр миний хэрэглэсэн энэ “ШУДАРГА БАЙХ” ГЭДЭГ ЭНГИЙН АРГА Л АВЛИГЫГ ЗОГСООХ ЭХНИЙ АЛХАМ гэж би бодож байна.

Оюутнууд болон багш нар авлигатай хэрхэн тэмцэх вэ?

Дүнгээ хуурамчаар гаргуулах гэдэг оюутнууд, гар хардаг багш нарын муу муухай зуршил бүрийг оюутнуудын өөрсдийнх нь олон нийтийн хяналтанд байлгаж шударгаар илэрүүлж болно. Илэрсэн зөрчлийг нь сургуулийн олон нийтийн зөвлөлд мэдэгдэж дор бүрд нь арга хэмжээ авхуулна. Ингээд хэвшчихвэл ямар ч оюутан багшаас дүн гуйх шаардлаггүй болно. Өөрөө л хичээнэ. Хичээлээ дутуу хийсэн бол нөхөж хийнэ. Өөрөөсөө болоод тааруу дүн авсан бол өөртөө л зэм хүлээлгэнэ.

Ямар ч оюутан, дотуур байрандаа илүү хангамж эдлэх гээд байрны багшийнхаа гарыг хүндрүүлдгээ больё.

Хэрвээ багш ёс зүйгээ зөрчсөн бол хатуу арга хэмжээ авагдана. Шавиасаа гар хардаг, бүр цаашлаад дүнгээр боож дарамталдаг багшаа сургуулийн захиргаанд илчлэе. Харин бид багшийнхаа ачыг онц сурлагаар л хариулъя. Өөр илүү юм өгөхгүй байя.

Оюутнуудын хичээл, шалгалтын дүнг бидний өмнө нээлттэй ил тодоор үнэлж дүгнэж байх нь зөв. Хамгийн шударга зарчим энэ болно.

Авлигын ямар ч илрэл, зөрчилгүй анги, тэнхим болохын тулд сургууль дээрээ өөр хоорондоо харилцан хяналт тавьдаг дадал заншилтай болъё.

“Авлига авах, өгөх ямарваа боломж нөхцөлийг нь бүрэн хаасан тийм үлгэр жишээ сургууль бий болгох хөдөлгөөн өрнүүлмээр байна. Тэгээд авлигагүй сургууль, хамт олныг шалгаруулж, шагнаж урамшуулахад яагаад болохгүй” гэж манай нэг ахмад багш ярьж байсан.

Түүнээс гадна, сургуулиуд дээр сурагч, оюутнууд, багш нарын дунд авлигын эсрэг мэдээлэл сурталчилгааг яг л ДОХ-оос сэргийлэх сурталчилгаа шиг хийвэл их үр дүнд хүрнэ дээ. Энэ хавар манай Дарханы FM 106 радиогаар авлигын эсрэг олон сэдвийг дүрслэн харуулсан “Хөсрийн өвсгүй цэцэрлэг” нэртэй радио жүжиг олон өдөр явсан. Их сонирхолтой, үйл явдал нь үнэн бодитой санагдсан. Тэгээд радиогаас нь сонсогчид хүүхэд, залуучуудын дунд авлигын эсрэг сэдэвтэй асуулт хариултын уралдаан зарласан. Би мөн л оролцсон.

Хамгийн гол нь ийм жүжиг, нэвтрүүлэг их явж байвал хүүхдүүд, оюутнууд бидэнд үнэхээр сонирхолтой гэдэг нь харагдсан.Түүнээс биш “- Авлига хортой ! Авлигагүй нийгэм байгуулцгаая!” гэж ирээд л нэг дарга, албаны хэлээр яриад байвал бид ерөөсөө анхаарахгүй шүү!

Авлигыг зөвхөн би л зогсоож чадна

Мэдээж оюутан би ганцаараа авлигыг зогсоож чадахгүй л дээ. Тэхдээ л миний оролцоо заавал хэрэгтэй. Иргэн бүхний оролцоо нийлж байж л авлигыг зогсооно.

Манай улсад Авлигатай тэмцэх газар байгуулсныг залуу хүний хувьд би зөв гэж боддог. Ийм байгууллага байхгүйгээр манай улсад энэ аюултай гэм хорыг тасалж чадахгүй гэж залуучуудаас гадна олон ахмад хүн ярьж байхыг би сонссон.Нэгэнт ингэж их газар авчихсан авлигыг маш яаралтай хатуу арга хэмжээ авч байж л устгаж чадах нь эргэлзээгүй. Авлигатай тэмцэх газраас хийж байгаа олон ажил байгаа байх. Би л лав хоёр ажлыг нь мэднэ. Манай ээж л лав 19-77 гэсэн утас руу нэг удаа утасдаж, газрын албаны түшмэлийн тухай хов хэлж байхыг нь би мэднэ.

“Авлигыг зөвхөн Та л зогсоож чадна” гэж бичсэн Авлигатай Тэмцэх Газрын дарга Б.Дангаасүрэн гуайн захидлыг би “Зууны мэдээ” сонин дээрээс олж уншсан. Оюутан би, ер нь хэн ч уншихад их ойлгомжтой, энгийн чухал захидал гэж надад санагдаж байсан. Харамсалтай нь энэ захидлыг бичсэн тэр сайн хүн дөнгөж саяхан байхгүй болсонд би их сэтгэл өвдсөн. Зурагтаар хүмүүс энэ захидлыг нь “-Тэр хүний гэрээс боллоо доо” гэж ярьцгааж байсан. Би ч бас адилхан тэгж бодож байгаа.

Миний оролцож байгаа зохион бичлэгийн нэрийг их онож өгчээ. Авлигатай би чухам яаж тэмцэх юм бэ? Энэ л хамгийн чухал асуулт. Би болон миний найз нөхөд, оюутан бүр авлигатай шударгаар, идэвхтэй, тодорхой ямар нэг юм хийж тэмцсэн цагт л авлигыг бид устгаж чадна гэж би бодож байна. Түүнээс биш төр засгаас, Их Хурлын гишүүд, дарга сайд нар, жирийн иргэд хэн нь гэсэн “Авлигыг бүгдээрээ устгацгаая!” гэж мянга сайхан яриад, чанга хашгираад амжилтанд хүрэхгүй байх аа. Нийгмийн эд эс болсон хүн бүхэн л өөрсдөө хичээж тэмцэж, иргэн бүр л энэ тэмцэлд тодорхой хувь нэмэр оруулж байж, авлигын хар савраас улс орон, ард түмнээ аварч хорт могой шиг тэр хар үүлийг зайлуулна. Тэр дотор оюутан бидний, миний хувь нэмэр бүр ч ихээ.

Ийм учраас оюутан би урьд урьдынхаасаа илүү шударга байж, нийгмийн идэвхээ ч дайчлан харуулах цаг болсон гэж бодож байна!

Дархан-Уул аймгийн “ЭРДЭМ ХӨТЛӨГЧ” дээд сургуулийн
англи хэлний II курсийн оюутан Р.ГАНТӨГС