Авлига гуайг адгаас нь

A- A A+
Авлига гуайг адгаас нь
Манай нэгэн нэр төртэй улстөрч саяхан телевизээр үг хэлэхдээ авлигыг Монголд найман жилийн дотор ор мөргүй арилгаж болно гэлээ. Уг нь худлаа ярихааргүй хүн. Мөн хашиж байсан албан тушаал нь ч ийнхүү хазааргүй морь шиг туух нөхцөл олгох ёсгүй нэгэн. Тэгээд бас гадаад дотоодгүй тэнэн, гажиг үсэгтэй ном үзэж, гахай шувууны мах идсэн нөхөр гэж байгаа.

Нөгөө талаас түүнийг авлига хэмээх “мангасыг” дарах айхтар жор олсон байхыг үгүйсгэхийн арга алга. Монгол Америк биш. Цөөхөн хүнтэй. Нэг хоёрыг нь цаазлаад орхихоор авлига энэ тэр бодохоо болих магадлал бий. Айна гэсэн үг. Энэ нь бидний манжид 300 жил дарлуулсны ач. Уг нь тийм ч туулай шиг зүрхтэй хүмүүс байгаагүй юм шүү дээ.

Яагаад ингэхэд миний бие иймэрхүү юм дурсав гэхээр дэлхий нийт авлигыг багасгана л гэж ярьж байна. Түүнээс биш шууд устгачихсан туршлага алга. Жор алга. Түүхэнд аймаар аймаар дарангуйлагчид төрсөн боловч түүнийг дагаад авлига бүүр ч их цэцэглэж байж. Бас хаана ядуурал байна, тэнд авлига өсөн үржинэ.

Ингэхэд яахаараа тартагтаа тулсан ядуу нөхөр өөрийгөө яая гэж байж авлига өгдөг юм хэмээн та бодож байж магадгүй. Тийм биш. Ядуурлын сүүдэр нь ихэвчлэн боловсролгүй, мэдээлэлгүй орчин байдаг. Ийм л орчин авлига гуайн үүрээ засах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.

Авлигыг нэгмөсөн булшлах мундаг арга байхгүй гэж дээр хэлсэн. Тэгэхээр янз бүрийн аргаар хавсайдаж л байж түүнийг багасгана. Магадгүй устгаж ч болно. Ер нь авлигыг устгана гэдэг хүний төрөлхийн нэгэн араншин болох шуналыг хазаарлана гэсэн үг шүү дээ. Мөн шунал гэдэг тийм ч муу муухай зүйл биш. Огт шуналгүй байна гэж хаашаа харсан юм байхав. Бас үүнийг ямар амьдрал гэхэв. Би шуналгүй гээд шав шалдан явдаг хүн байхгүй.

Ингэхэд хүнд тэрхүү төрөлхөөс заяасан шуналыг хүүхэд байхад нь аль тийш чиглүүлэх вэ гэдгээс л их зүйл хамаардаг бололтой. Ирээдүйн авлигач төрөх эсэх чухам энэ үед л шийдэгддэг аж. Энд хүүхэд хэмээн ихэд тусгайлан онцолсон нь хэд хэдэн учир жанцантай. Тухайлбал, шунал нь аль эрт муу зүг рүүгээ хазайсан хөгшин баагийнуудыг өөрчилнө гэдэг бүтэшгүй зүйлийн нэг яах аргагүй мөн. Мянган мундаг хууль гаргаад нэмэргүй. Харин хүүхэд өөр. Тэд юу ч бичиж болох цагаан цаастай адил цас шиг ариухан амьтад төрдөг. Гэвч бид эвддэг. Бас авлигач болох эхний суурийг нь тавьдаг. Яаж гээч? Дөнгөж төрөөд уйлахаар нь мөөмөө өгдөг нь авлигад сургаж байгаа эхний хичээл. Уг нь цагаар хөхүүлдэг бол юу гэж уйлахав. Дараа нь мань нөхөр давраад байнга тэврүүлдэг зан сурна. Жаахан томроод ирэхээрээ чихэр өгөхгүй бол саваад уначихдаг болно. Энэ маягаар ирээдүйд алдартай авлигач болох хичээл үргэлжилнэ дээ. Аяга тавгаа угааж, гэрээ сайн цэвэрлэсэн байна гээд ээж нь мөнгө өгнө. Түүний дараа мөнгө өгөхгүй бол хөдлөхөө больдог. Тэр авлигачийн хичээлээ маш сайн сурч буйн жишээ энэ. Мөн эцэг эх нь хүүхдээ урамшуулаад байна хэмээн бодовч, ирээдүйд хэн нэгнээс шан харамж авах ичих булчирхайгүй болгон дасгаж буйн дээд хэлбэр.

Уг нь зайлуул тэрхүү бяцхан амьтан мөнгө төгрөгөнд шунах уу, хоол цайнд шунах уу гэдгээ хараахан тодорхойлоогүй байдаг цаг. Тиймээс авлигыг гагцхүү хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ тархинд муухай зүйл гэдгээр нь суулгаж өгөх хэрэгтэй гэнэ. Ямартай ч гадныхан ингэж үзэх болсон байна. Яг компьютерийн программ шиг. Түүнээс биш одоогийн манайхан шиг угийн багаасаа авлигад дасчихсан нөхрийн цалинг нэг сая болгоод тус нэмрээ тун бага өгөх байх. Мөн авсан, өгсөн хоёрыг нь зэрэг шийтгэх заалттай тийм инээд барсан хууль гаргаад багасгана гэвэл горьдсоны гарз. Уг нь энэ дэлхий дээр авлигыг багасгахад эрхэм сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм гэнэ лээ. Даанч манай сэтгүүлчид бусдынхаа л адил багаасаа авлигад сурсан, дээр нь гүтгэсэн гээд шууд шоронд хийчих хуультай, хоорондоо эв түнжингүй, хэсэг бүлэгт үйлчилдэг гээд олон шалтгаанаас үүдэн авлигад өөрсдөө тун хайртай болчихсон. Тийм учир түүнтэй тэмцээд багасгана хэмээн ойрын хэдэн жилдээ тэднээс ямар нэг нааштай юм хүлээх хэрэггүй. Хайнагийн шар тугаллахыг хүлээсэнтэй адил болно. Харин авлигыг адгаас нь буюу дөнгөж төрсөн хүүхдэд жигшүүлэхээс эхэлбэл найман жил нь юу юм бэ гэхэд 20-иод жилийн дараанаас үр дүнгээ өгч магадгүй. Ийм л байна.

Зарим нэг нь ном эрдэмд шунаад цагаан солиотой болсон ч гэх нь бий. Эд хөрөнгийн шунал гэж байна. Албан тушаалд шунана. Харин албан тушаалаа ашиглаад, тэртэй тэргүй үзүүлэх ёстой үйлчилгээнийхээ төлөө, эсвэл хэн нэгнийг хэрэг ял, алба гувчуур зэргээс чөлөөлөн, түүнийхээ оронд шан харамж авах шуналыг л авлига гээд байх шиг.

Юуны өмнө үр хүүхдийнхээ тархинд байгаа шуналыг манайхан эртнээс зөв тийш нь залан чиглүүлэх хэрэгтэй. Амар хялбар аргаар мөнгө олох аргад бус спорт, ном эрдэмд шунадаг болго. Боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Бас ичих булчирхайг нь тун сайн хөгжүүлэх нь чухал.

Сэтгүүлч Д.БААСАНЖАРГАЛ