Шударга ёс эмнэлгийн сэхээнд орлоо

A- A A+
Шударга ёс эмнэлгийн сэхээнд орлоо
Өвчингүй бие, авлигагүй нийгмийг эрүүл гэнэ. Эрүүл, сайн нийгмийн үндэс, суурь нь шударга ёс. Хэрэв шударга ёс үгүй бол тэр нийгэм хэзээ ч эрүүл байж чадахгүй. Энэ бол эртний Грекийн эрдэмтдийн өнөө цагт ч үнэ цэнээ алдаагүй яваа сургаал. Харин Монголд өнөөдөр шударга ёс нийгэмдээ биш, эмнэлэгт, сэхээний орон дээр хэвтэж байна. Шударга ёс худалдагдахаараа үхдэг гэсэн Жорж Сандын үг Монголд биелэлээ олох гэж байгаа нь тэр. Түүнийг үхүүлэхгүйн тулд, шударга ёсыг аврах “эмч нар”-ын багт хэсэг хүн, хэдхэн байгууллага зүтгээд ч хүчин мөхөсдөж буйг “өвчтөн”-ий биеийн байдал нотолно. Шударга ёсыг хэн худалдчихав аа гэхээр гааль, татварын байцаагчид, газрын албаныхан гэсэн уртаас урт жагсаалт хөвөрдөг. Гэвч эцсийн дүндээ тэд “төрийн албан хаагчид” гэсэн нэг нэр хаягтай. Төрийн албыг хязгааргүй эрх мэдэл, мөнгөний машин, бусдаас давж эдэлж болох эрх дарх гэж эндүүрсэн зарим хүн шударга ёсыг авлигаар сольж байна. Авлига бол хууль зөрчиж өгч авалцах утга төдийхөн биш ажээ. Энэ тухай Британика нэвтэрхий тольд “өөртөө болон хэн нэгэнд ашиг гаргахын тулд хууль зөрчиж хийсэн зүй бус үйлдлийг авлига гэнэ” гэжээ. Цааш нь, хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах, албаны дотоод нууц мэдээллийг зүй бусаар задруулах нь авлигын гэмт хэрэг хэмээн задалсан байх юм. Зарим судлаач авлигыг хорт хавдартай зүйрлэсэн нь бий. Авлигын уршиг хөнөөл нь хорт хавдрын дайтай ч, түүнийг эмчлэх арга, эдгэрэх магадлал нь агаар дуслын замаар халдаварладаг амьсгалын замын өвчин төдийхөн бололтой. Үүнийг олон орны жишээнэзээс харж болох ч тэдгээрийг хоёргүй санаагаар хүлээж авах, хэрэгжүүлэх сэтгэл зориг ихээхэн чухал ажээ. Телевизийн камерийн өмнө шударга ёс яриад цаагуураа шударга бус үйлдэл хийдэг төрийн албан хаагчид хэзээ ч авлигтай тэмцэж чадахгүй.

Нэг хэсэг авлигачийн үйлдэл нийгмийг тэр чигээр нь сүүдэрлэдэг. Тийм учраас төр, засгаас Авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулж, зарим нам алдагдсан шударга ёсыг Цагаан байрнаасаа эрж, намын даргаа, засгаа солиллоо. Хамгийн харамсалтай нь авлигатай тэмцэх дүрэм журам төдийхнийг цаасан дээр буулгадаг ч, авлигын цэцэрлэгч нь төр өөрөө юм. Энэ нь парламентын чуулганы танхимд эрхэм гишүүд шинэ хууль хэлэлцэж байхад тухайн хуулийг мөрдөх, хэрэгжүүлэх дунд шатныхан цоорхойг нь тоолоод сууж байдаг гэдэгтэй адил юм. Яг л салан баавгайн үлгэр шиг. Иймд шударга ёсыг аврах сайн эмч, авлигыг хянах хууль сахиулагч нь төр биш, жирийн иргэн та юм. Өөрөөр хэлбэл, иргэн та төр хэмээх өөрийн бүтээлдээ нэрвүүлэхгүй, дахиж илүү “татвар” төлөхгүй байх нь чухал.

Хүн бол бурхны бүтээл. Харин төр бол хүний бүтээл. Иргэд өөртөө үйлчлүүлэх, хамгаалуулах гэж төрийг бий болгосон. Төр бол хувь хүнд үйлчлэх учиртай нийгмийн институц болохоос хэн нэгэнд давуу эрх олгодог эрэмбэ, хууль үйлчилдэггүй оффшор зон биш билээ. Иргэддээ үйлчлэх нь төрийн үүрэг, хийх ёстой үндсэн ажил нь. Төрийн албан хаагчид бол жирийн иргэнээс ямар ч илүү эрхгүй. Харин ч төрийн албан хаагчид жирийн иргэдийн татвараар цалинждаг бол хувийн хэвшлийнхэн өөрийнхөө мөнгөөр амьдралаа залгуулдаг. Бүр нарийн ухвал Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүд, сонгуультай төрийн өндөр албан тушаалтнууд бол жирийн иргэдийнхээ зөвшөөрлөөр, тэднээсээ гуйж байж тодорхой хугацаагаар түр ажилд орсон хүмүүс. Дээр нь санал гуйсан иргэдийнхээ татвараар цалинждаг. Үйлчилж, эрх ашгийг чинь хамгаалах гэж тэдгээр хүмүүс төрд алба хааж, таны татвараар цалинжиж байгаа юм. Авах ёстой үйлчилгээгээ хүртэхийн тулд та дахин татвар төлөх нь авлига болно. Та 400 төгрөгийн үнэтэй талханд 800 төгрөг төлөхгүй шүү дээ. Түүнтэй адил төлбөрийг нь татвараа төлчихсөн төрийн үйлчилгээгээ авахдаа хууль бусаар дахин мөнгө төлөх шаардлагагүй. Энэ бол авлигатай тэмцэхэд таны оруулж буй хувь нэмэр юм. Төр бол институцээрээ эрх дархтай, хүчтэй. Түүнээс биш, тэнд байгаа албан хаагчид нь жирийн иргэнээс илүү эрх мэдэлгүй. Тооны хувьд харин ч цөөхөн. Иймд төрийг дагаж авлигыг өөгшүүлэх биш, төрийг дагуулж авлигатай тэмцэх боломж жирийн иргэдэд хэд дахин илүү байна. Цөөнх нь олноо хүндэтгэн дагаж амьдрах нь ертөнцийн жам шүү дээ. Хэрэв нэг хэсэг нь биш, нийтээрээ эмчилбэл “ноён” шударга ёс эмнэлэгийн сэхээнд хэвтэхгүй, нийгэмдээ ноёлох болно.
Сэтгүүлч Г.ОТГОНБАЯР