Авлига ам руу орох шар тос биш

A- A A+
Авлига ам руу орох шар тос биш
Монголчууд бидэн уг нь "Аваа, өгөөтэй хүн" гэж ярьдаг. Энэ бол наанаа эдийн чанартай юм шиг мөртөө цаанаа хүн чанарын гүн сэтгэлийг нээсэн энгийн сайхан хар үг буюу. Аваа, өгөө гэдгээ ач тус гэсэн сайхан итгэлээр харуулдаг чанар ч манай өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нь бий.

Гэвч өдгөө аваа ,өгөө нь хэрээс хэтрээд өр төлөөс, бэл барьцаа, хандив бооцоо, хар тооцоо, хэргэм зэргэмийн ов мэх, хуйвалдаан булагнааны хов гогцоо болж, алдхан биеийг байтугай ард түмнийг хүлж багласан хээл хахуулийн тор болжээ. Үүнийг "Авилга" гэдэг бололтой. Тэгэхээр авилга нь авлагаас тэс өөр юм. Хүн хүндээ урьд нь өгсөн юмаа буцааж авах биш, хүн хүндээ туслахын өмнө урьтаж авахын шуналыг хэлээд байна уу ч гэлтэй. Шуудхан хэлэхэд шунал ч юм шиг. Шулуухан ярихад шуналын тулам ч юм шиг. Авилга тэгэхээр ам руу зүгээр ордог шар тос биш юм.

Нэг хүнийг бус нийтийг идсэн, гэр орныг бус улс гүрнийг мөлжсөн авилгын аюулаас айх уу, болих уу? Аманд нь орж араанд нь зуулгах уу? Аль эсхүл... Авилга өнөөдөр монгол хүний манцуйнд мэндэлж, ханцуйнд үржиж, ходоодыг дүүргэж, хоолойд тээглээд байгаа гэж үү?

Ямартаа ч Авилгатай тэмцэх газар /АТГ/-тай болж, авилгатай тэмцэх олон нийт, иргэдийн хөдөлгөөн өрнөж, олон улсын судалгаа, шинжилгээний газрууд ч ажилладаг болоод байгаа нь асуудлыг дэл сул яриагаар бус ил тод баримтаар хөндөхөд тустайг хэлэх юун билээ.

Монгол улсын Засгийн газар , АТГ сүүлийн хагас жил гаруй хугацаанд авилгатай тэмцэх ажлаа эрчимжүүлсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш АТГ 142 хэргийг мөрдөн шалгасан бөгөөд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ,бусад албан хаагчид хамрагдсан нь үүнийг гэрчилнэ. Дээрх хэрэгт холбогдогчдоос 104 хэргийг прокурорт шилжүүлэн гурван хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдээд байна. АТГ авлигын тухай гомдол мэдээлэл хүлээн авах шууд утас ажиллуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх ажил шургуу явуулсан нь үр өгөөжөө өгч эхэлжээ.

Ингэснээр төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгч сурч байна. Зарим нэг мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтнуудад Засгийн газраас захиргааны арга хэмжээ авч, хэд хэдэн хүнийг ажлаас нь халсан юм. Ерөнхий сайд С.Баяр анх ажил хүлээж авснаасаа хойш бүх яаманд авлигын эрсдэлдээ үнэлгээ хийж, авилгатай тэмцэх төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалган "Авлигыг үл тэвчих" бодлого баримталж байгаагаа эрс мэдэгдсэн. Үүнээс хойш иргэдийн 46,4 хувь нь Засгийн газрыг өмнөхөөсөө илүү сайн ажиллана, 47,7 хувь нь хэвээрээ ажиллана, 3,3 хувь нь муу ажиллана гэж үзсэн нь тодорхой итгэл хүлээлгэснийх гэлтэй. Гэвч сүүлийн үед энэ итгэл сулрах хандлагатай болж байна. Учир нь, авлигад өртсөн албан тушаалтнууд тэр бүр шийтгэлээ хүлээхгүй, шийтгэл хүлээсэн ч тэр нь хуулийн өөрчлөлтөөр хөнгөрөх, хэрэгсэгдэхгүй болох явдал гарч байгаагаас үүдэлтэй.

Харин АТГ соён гэгээрүүлэх ажил явуулж эхэлснээс хойш иргэд ч авилгаас сэргийлэх, түүнд өртөхгүйг эрмэлздэг болсон нь багагүй дэвшил гэж авлигын талаар судалгаа хийдэг газрууд үзэж байгаа нь олзуурхам. Тэдний судалгаагаар өнгөрсөн хугацаанд өрхийн түвшинд авлигын тохиолдол буурч, хахууль өгсөн иргэдийн тоо хоёр жилийн өмнөхөөс 19 хувь буурчээ.

Иргэд авлигын тухай судалгаанд ч идэвхтэй оролцдог болж. Судалгааг ч өргөн хүрээтэй хийдэг болж. Тухайлбал, авилгын анхны судалгааг зөвхөн Улаанбаатарт хийдэг байсан бол хөдөө орон нутагт сүүлийн судалгаануудыг хийхэд Архангай, Сэлэнгэ, Увс, Хэнтий, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгууд идэвхтэй оролцсон байна. Ийнхүү судалгаагаар бага зэргийн сайжрал ахиц гарсан хэдий ч монгол улсад авилгал нийтлэг үзэгдэл хэвээр хэмээн үзэл нь буураагүйг бас дурдалтай. Анхаарууштай.

Авлига буурахгүй байгаагийн цаад үндэс нь ядуурал, ажилгүйдэл, инфляцийн өсөлттэй шууд холбогдож байна. Энгийн хэллэгээр талх, гурилын үнэ өссөн нь тарчиг амьдралтныг "шанаадаж" унагачихаад, зальхай овжин шуналтныг "таргалуулж" оодруулаад, зуучлагч, дамжуулагч, дундаж суудалтныг " гар хүндрүүлэх" хүнд суртлаар өөгшүүлж буйг нуултгүй. Авлигын үүр уурхай энд цэцэглэж, авлигын тор тэнд гогцоолдон ороолдож, үргэлж саад бэрхшээл учруулдаг. Чухам үүнтэй тэмцэх цаг болсныг олон нийтийн судалгаа ч харуулж байгаа. Олон нийт ч шаардаж байгаа.

Авилга тэгэхээр ам руу зүгээр ордог шар тос биш. Анхандаа ам руу зүгээр ороод байгаа мэт ч аажимдаа там руу хөтлөөд байна гэсэн үг. Тиймээс бэлэнчлэн баяжихийг хэн хүнгүй цээрлүүштэй. Авилга гээч тамаас үр хүүхдээ сэргийлж, ариун шударга өсгөх нь ирээдүй хойчдоо өгч буй том бэлэг буюу. Аяа, авилгаас зугтая. Авлига авдаггүй овлиготой явья. Овлигогүй хүнийг монголчууд бид тоодоггүй. Авлига-Овилго ийм л өрөөсөн дунгуй. Өрөөсөн дунгуйнууд өнхрөн холдох болтугай.

Ж.Батсайхан
2008.05.20