Хулгайлагдсан төсөв ба нарны гэрэл

A- A A+
Хулгайлагдсан төсөв ба нарны гэрэл
Дэлхий нийтийн хэмжээнд жил тутам 40 гаруй тэрбум ам.доллар авлигад хулгайлагддаг гэсэн судалгааг олон улсын зарим байгууллага гаргасан байдаг. Харин манай улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэний халаас руу шургалан, хулгайн замаар орж байгааг хэлж чадах бэлэн тоо одоогоор алга. Гэхдээ яг тооцоод үзвэл цөөнгүй оронтой тоо гарах нь дамжиггүй.

АНУ-ын Дээд шүүхийн нэгэн шүүгч “Хаана харанхуй байна, тэнд авлига цэцэглэн хөгждөг бөгөөд түүнийг дээд зэргийн ариутгагч нь нарны гэрэл юм” гэж хэлжээ. Авлига гэгчийг манайхнаас өөрөөр ойлгодог, улстөрчдийн нь хүсэл тэмүүлэл ч ойлгомжтой байдаг тэндхийн улсад төсвийг хулгайлуулахгүйн тулд төсөв захиран зарцуулагч нарын худалдан авах ажиллагаанд нарны гэрэл оруулдаг юм байна. Мэдээж, энэ нь төсвийн баримт бичиг бүхий материалаа гадаа гаргаж, хуудас хуудсаар нь наранд ээхийн нэр биш л дээ.

Төсөв яахаараа хулгайлагддаг вэ? Төсвийн зарцуулалтын үйл явц, санхүүгийн ажилтнуудын захиран зарцуулах эрх мэдэл, үйл ажиллагаа нь иргэд, олон нийтэд ил тод харагдахгүй, үзэгдэхгүй байгаа нь төсвөөс хулгай хийж болохуйц орчинг бүрдүүлээд байна. Иргэд, олон нийтэд битгий хэл дотор нь ажиллаж байгаа хүмүүст байгууллагынх нь төсөв санхүү хаалттай, нууцлагдмал байхад хулгай гарч л таарах байх. Та машинаа олны хөл бужигнасан гэрэл гэгээтэй гудамжинд биш харанхуй буланд аваачиж тавьсан бол маргааш нь хөл дүүжлэх унаагүй болохтой адил юм даа. Харин нарны гэрэл гэж юуг хэлээд байна вэ? Товчхондоо, төсвийн гүйцэтгэлд тавих олон нийтийн хяналтыг сайжруулахыг ингэж нэрийддэг юм байна. Төсвийн төгрөг бүр нь хаашаа яах гэж “одож” байгааг хянаж чаддаг болбол төсвийн зардал багагүй хэмжээгээр хэмнэгдэнэ, улмаар үр ашиг нь нэмэгдэнэ. Нэр бүхий байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу төсвийг хянаж, гүйцэтгэлийг нь шалгадаг ч тэдэн дунд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан олз ашиг ологчид байсаар л байна. Төсвийн манаач нар нь төсвийн хулгайчтайгаа хуйвалдчихаар үнэндээ “гэрийн нохой хээрийн боохойтой нийлж хоттой хонио сүйд хийх”-ийн үлгэр болчихож буй юм. Тэгэхээр төсвийг иргэд, олон нийт өөрсдөө л хянах нь чухамдаа нарны гэрэл мэт ажээ.

Иргэдийн хяналт гэдэг нь үнэн хэрэгтээ хэн дуртай нь очоод төсвийн тайлан балансыг ухаад байх тухай асуудал огт биш. Харин төсвийг ил тод байлгах замаар иргэдийн хяналтыг бий болгох тухай энд өгүүлж байна. Хүн бүр тайлан баланс уншиж чадахгүй тул бичиг үсэг тайлагдсан, дөрвөн аргын тоо мэддэг бүх хүн ойлгохуйц байдлаар төсвийг ил тод болгомоор байна. Гэхдээ төрийн байгууллагуудын өнөөгийн байдлаар гаргаж буй сар бүрийн гүйцэтгэлийн тайлангийн хэлбэрээр үзүүлэх юм бол хэн ч түүнийг ойлгохгүй, тэндээс юу ч харагдахгүй. Харин бидэнд ийм бололцоо байна. Улсын төсөвтэй харилцдаг 3000 гаруй байгууллага бүгд интернэтэд холбогдсон байгаа. Байгууллага бүрийн санхүүгийн ажилтнууд төсвийн тайлангаа сар бүр тогтмол интернэтээр мэдээлдэг л болчихмоор байна.

Улмаар бүх тайлан мэдээгээ нэг дор төвлөрүүлэн мэдээлдэг болбол бүр сайн. Дурын иргэн ямар байгууллага хэдэн төгрөгөөр хэдэн боодол цаас, компьютер авав гээд хооронд нь харьцуулж хараад л хэн нь илүү үнээр авч өөртөө ашиг олсон байна гэдгийг нь мэдэж болохоор байхад төсвийн хяналт, ил тод байдал гэдэг маань жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Төрийн байгууллагуудын худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүний төрөл тийм ч олон биш ээ. Ус, ундаа, цаас, компьютер гэсхийгээд л байгаа. Тэдгээрийг нэг бүрчлэн дурдаж хэдэн төгрөгөөр худалдаж авснаа байгууллага бүр ил тод болгоход л хангалттай юм. Үүнтэй уялдан төсвийн хөрөнгөөр худалдаж авсан бараа, бүтээгдэхүүн бүрийн хэмжээ, үнэ өртгийг нэг бүрчлэн ил тод мэдээлдэг журмыг тогтоож, мөрдөх шаардлагатай байна. Хэрэв үүнийг тогтоож чадвал төсвөөс хулгай хийх боломжгүй болно. Энэ нь төсвийн хулгайчийг айлгах, бас илрүүлэх хамгийн амархан арга гэдгийг дэлхийн олон улс орон үйл ажиллагаагаараа батлаад байна.

Ш.РАДНААСЭД
Дэлхий нийтийн хэмжээнд жил тутам 40 гаруй тэрбум ам.доллар авлигад хулгайлагддаг гэсэн судалгааг олон улсын зарим байгууллага гаргасан байдаг. Харин манай улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэний халаас руу шургалан, хулгайн замаар орж байгааг хэлж чадах бэлэн тоо одоогоор алга. Гэхдээ яг тооцоод үзвэл цөөнгүй оронтой тоо гарах нь дамжиггүй.