Б.Батзоирг: Авлигын хэргийн хохирогч нь ард түмэн, бас төр байдаг

A- A A+
Б.Батзоирг: Авлигын хэргийн хохирогч нь ард түмэн, бас төр байдаг
АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-АТГ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь хангалттай сайн ажиллаж чадах­гүй байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаархи таны бодол?
-Таны асууж байгаачлан олон түмний зүгээс шүүмжлэл ирдэг л дээ. АТГ ажлаа хийхгүй байна, том биш жижиг жараахайтай хөөцөлдөж байна гэдэг. Мэдээж ийм шүүмжлэл байх нь зөв. Гэхдээ манайхан зарим нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болов уу. Тухайлбал, манай нийгэмд авлига гэдэг ойлголт аль эрт бий болж, үүнтэй зэрэгцээд авлигатай хэрхэн тэмцэх вэ гэж ярьж эхэлсэн. Гэтэл АТГ бай­гуу­лагдаад, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад ердөө л хоёр жилийн нүүр үзэж байна. Монголын ард түмнийг авлига гэдэг хорт үзэгдэл удаан хуга­цаагаар зовоосон болохоор манай байгууллагыг маш хурдан үр дүнд хүрнэ гэж ойлгодог байх. Авлигатай үр дүнтэй тэмцэж дэвшилд хүрсэн орны туршлагаас харахад үр дүн нь бараг арваад жилийн дараа гарсан байдаг. Тэгэхдээ бид олон жилийн хуга­цаа шаарддаг гээд зүгээр суугаад байгаа юм биш. Саяхан НҮБ-аас ир­сэн шинжээчид авлигатай хийх Мон­гол төрийн бодлогод эерэг буюу нааш­тай хандлага бий болсныг цохон тэмдэглэсэн. Олон улсын “Транспе­ренси интернэшнл” (ТИ), Азийн сан зэрэг байгууллагаас явуулсан судалгаанаас харахад авлигатай тэмцэх чиглэлээр төрөөс явуулж буй бодлогод итгэж буй иргэдийн тоо бага ч гэсэн өссөн үзүүлэлттэй байгаа. Үүнийг АТГ-ын үйл ажиллагаанд өгч буй үнэлэлт, дүгнэлт гэж үзэж болно.
-Шүүмжлэлийн тухайд?
-Шүүмжлэлийн тухайд гэвэл иргэд манай байгууллагын дагаж мөрдөж байгаа хууль, эрх зүйн орчинг ямар байна вэ гэдгийг төдийлөн мэддэггүй байх. АТГ нь авлига, хүнд сурталтай тэмцэх, шу­дарга ёсыг тогтоох чиглэлээр барим­талж буй төрийн бодлогыг хуульд заасны дагуу, бие даасан, хараат бус байдлаар биелүүлэх чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага. Гэтэл зарим хүн манайхыг Засгийн газрын бай­гууллага гэж ойлгоод байдаг. Тэг­вэл үгүй, манайхыг УИХ-аас байгуул­даг бөгөөд хоёр даргыг мөн томилдог. Бид хийсэн ажлаа эргээд УИХ-д тайлагнадаг юм.
Мөн манай байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд эрх зүйн орчин нь тийм ч хангалттай бус. Тодруулбал, сайн зохицуулаагүй гэд­гийг хэлэх хэрэгтэй болов уу. Нэгэнт л бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой учраас энэ ч, тэр ч хуулийн заалт болохгүй байна гээд хуу­лиас дээгүүр эрх мэдэл эдлэх ёсгүй. Хууль батлах үе шат нарийн уч­раас өнөөдөр болохгүй байна гээд маргааш нь нэмэлт өөрчлөлт оруул­чихдаггүй шүү дээ. Тэгэхээр манай байгууллага хуулийн заалт буруу зөв эсэхээс үл хамааран хуулийн дагуу л ажиллаж байна гэж хэлэх байна.
-АТГ-ыг үйл ажиллагаа явуу­лахад саад болж буй хэд хэдэн хуулийн заалт байна гэлээ. Тухайл­бал?
- Монгол төрийн бодлогын хурдыг нь сааруулж байгаа хэд хэдэн хуулийн заалт бий. Бүгдийг нь тоочвол цаг их орно. Иймээс зарим нэг заал­тыг товчхон хэлье. Тухайлбал, хээл хахууль өгсөн хүнийг хэргээ сайн дураараа илчлээд ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалт байна. Уг нь энэ заалт Монгол Улсын анхны Эрүүгийн хууль буюу 1926 оны Шүүх цаазын бичигт анх хуульч­лагдсан бөгөөд 2008 оныг хүртэл 80 гаруй жил мөрдөж байсан юм. Гэтэл 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дээрх заалтыг хүчингүй болгочихсон. Гэтэл хээл хахууль гэ­дэг ихэвчлэн өгсөн, авсан хүмүү­сийн хооронд л үйлдэгддэг, нуугдмал гэмт хэрэг. Харамсалтай нь, манай хууль тог­тоогчид энэ заалтыг хүчингүй бол­гос­ноор хээл хахууль өгсөн хэмээн өөрийгөө илчилж ирсэн хүнийг нь авсан хүнтэй нь адилхан шийтгэхээр болсон. Бод л доо, ямар ч эрүүл ухаант­ай хүн “Би тэр хүнд хахууль өгсөн, шийтгүүлье” гээд өөрөө өөрий­гөө бариад өгчихгүй биз дээ. Гэтэл олон улсад хахууль өгсөн хүн сайн ду­раараа хэргээ илчилж ирсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлдөг хуулийн заалт байдаг бөгөөд Авлигын эсрэг конвенцид хүртэл байгаа. Дараа­гийнх, олон улсын төвшинд “шүгэл үлээгч” буюу гэрч, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал юм. Энэ нь дан ганц авлигын гэмт хэргийг төдийгүй бусад онц хүнд гэмт хэргийг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Энэ талаар Монгол Улсад цогц зохицуулалт байхгүй, журмаар л зохицуулж байна.
Хэрэв энэ асуудлыг хурдан зохицуулахгүй бол манай улс тун удахгүй ТИ олон улсын байгууллагын судалгаанд оролцсон Латин Америк болон Баруун Балкан, Турк улсын иргэд шиг болж болзошгүй. Тодруул­бал, “Хээл хахуулийн гэмт хэргийн хо­хи­рогч болж буй иргэд заналхийлэлд өртөх магадлал өндөр байна. Бид ав­ли­гатай холбоотой мэдээлэл өгө­хөөсөө айдаг” гэж хэлдэг болох байх.
-Манай улсад мэдээлэл өгсөн хүнийг заналхийлэх тохиолдол гардаг юм болов уу?
-Манай улсын хувьд ялангуяа авлигын гэмт хэргийг илрүүлэхэд үнэлшгүй хувь нэмэр оруулдаг сэтгүүлчид ийм заналхийлэлд ихээр өртөх магадлалтай. Тэгэхээр гэрчийг хамгаалалтад авах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх тухай асуудал цаашдаа зайлшгүй гарч таарна. Ер нь энэ асуудал ганц манай биш, цаг­даагийн байгууллагад ч бас тулгарч байгаа. Гэхдээ манайд гэрчийг хам­гаалах талаар ямар ч хууль эрх зүйн орчин байдаггүй гэж ойлгож болохгүй. Манайх олон цагдаагийн байгууллагад дотооддоо мөрддөг гэрч, мэдээ­лэгчийг хамгаалах журам гэж бий.
-Танай байгууллагыг авлига, хээл хахуультай холбоотой хэрэг шалгахаар банкинд хан­дахаар шаардлагатай мэдээл­лийг гаргаж өгдөггүй гэсэн?
-Авлига, хээл хахуулийн хэрэг нь асар их мөнгөтэй холбоотой байдаг учраас тэр тухай мэдээллийг авахын тулд бид банктай зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Ха­рамсалтай нь, хоёр гурван арил­жааны банк мэдээлэл гаргаж өгөхөөс эрс татгалздаг. Угтаа бол энэ нь авлигач­дыг өөгшүүлж байгаа хэрэг л дээ. Гэ­тэл сүүлийн үед дэлхий нийтэд бан­кууд нээлттэй ил тод ажиллах зарчмыг баримталж эхлээд байна. Дэлхийд ха­м­гийн, өндөр нууцлалтай гэх Швей­царийн банк хүртэл шүү. Тус банкны­хан авлига хээл хахуультай холбоо­той мэдээллийг холбогдох газруудад шууд гаргаж өгдөг. Бас Африкийн зарим орон банкны дансны мэдээллээ хууль хяналтын байгууллагад ил болгох ажлыг эхлүүлж байгаа талаар тухайн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж эхлээд байна.
-Манай банкууд яагаад өгдөг­гүй юм бол. Нэрийг нь хэлж болох уу?
-Банкны тухай хуульд АТГ-т мэдээ­лэл өгнө гэсэн заалт байхгүй гээд гаргаж өгдөггүй. Энэ удаа авлигатай тэмцэхэд шууд бусаар саад учруу­лаад байгаа банкны нэрийг дурьдах бо­ломжгүй байна. Мөн одоо мөрдөг­дөж буй Банкны тухай хууль, авлигын эсрэг хуулийн уялдаа холбоог хан­гаагүйгээс болж ийм асуудал гарч байна гэдгийг хэлье.
-Сүүлийн үед төрөөс төрсөн тэрбумтнууд гэж ярих нь их боллоо. Үүний цаана авлига, хээл хахууль цэцэглэж байгаа нь нууц биш. Энэ талаар танайхаас хийсэн судалгаа бий юу?
-Судлаач хүний хувьд хэлэхэд төрөөс төрсөн тэрбумтан гээд байгаа хүмүүс тодорхой хэмжээний орлого­той байж ямар ч үндэслэлгүйгээр гэнэт их хэмжээний хөрөнгөтэй бол­чихож байгааг хэлж байгаа юм. Тэрийгээ тайлбарлаж чаддаггүй байх жишээтэй. Гэтэл олон улсын Авлигын эсрэг конвенцид “Төрийн албан ту­шаал­тан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэл­тэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа бол Үндэсний хууль тогтоомжийн онц­логт тохируулан гэмт хэрэгт тооцох ёстой” гэж заасан байдаг. Харамсал­тай нь, манайд ийм хуулийн заалт мөн л байхгүй. Тэгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага дахин гарч ирч байгаа юм.
Ийм арга замаар мөнгө олсон авлигачид хөрөнгөө ихэвчлэн гадаа­дын банкинд байршуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг асуудал олон улсын практикт байдаг бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хулгай­лагдсан хөрөнгө гэж нэрлэдэг. Яагаад гэвэл энэ нь тухайн улсын ард түмэнд зориулагдах ёстой хөрөнгө, мөнгийг хэн нэгэн авлигач гадаадад байр­шуул­чихаж байна гэсэн үг. Сүүлийн үед НҮБ-аас хулгайлагдсан хөрөнгийг ард түмэнд нь буцаан олгох асуудлыг хурцаар тавьж байгаа. НҮБ-ын авлигын эсрэг конвенцид ч энэ талаар тусгасан.
Авлигачдад ард түмний хөрөнгө, мөнгийг хууль бусаар аваад дотоодод битгий хэл гадаад улсад ч байршуулах боломж хумигдаж эхлээд байна.
-АТГ, ТИ байгууллага хамтран судалгаа хийсэн тухай та дурдлаа. Судалгаагаар бизнес эрхлэгчид хамгийн их авлига өгдөг гэсэн байсан?
-Энэ бол олон улсын ТИ байгуул­лагын судалгааны дүн. Нийт 69 орны 73 мянга гаруй хүн уг судалгаанд оролцсоноос олонхи нь ингэж хариул­сан байсан. Судалгааны энэ дүн таван жилийн өмнөхөөс найман хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарсан юм билээ. Илэрч байгаа хэлбэр нь, бизнес эрхлэгчид өөрийн ашиг сонирхолд нийцсэн хууль, дүрэм журам батлуу­лахын тулд авлига өгдөг гэсэн байсан. Мөн яг энэ үзэгдлийг бусад оронтой харьцуулахад Монгол, Оросын холбооны улс болон хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсад хамгийн их байдаг. Манайд энэ асуудал тусгалаа олоогүй.
-Мөн улс төрийн намууд авли­гад хэр өртдөг вэ гэсэн судал­гаанд манай улс нэлээн дээгүүрт орсон байсан. Энэ тухай мэдээллийг дэлгэрэн­гүйгээр нь өгч болох уу?
-Энэ олон улсын байгууллагын гаргасан судалгаа болохоор бид зөвхөн Монголд хийснийг нь аваад мэдээлчихэж болохгүй байна. Зөвшөөрөл авах хэрэгтэй. Судлаач хүний хувьд хэлэхэд энэ бол цэвэр улстөрчдийн хүсэл сонирхлын асуудал юм. Монгол Улс таны хэлж байгаачлан нэлээд дээгүүрт орсон байна билээ. Манай улс, улс төрийн хоёр томоохон хүчинтэй. Тэгвэл энэ хоёр нам авлига авахгүй байя гэж бусдыгаа яагаад уриалж болохгүй гэж. Энэ бодох л ёстой асуудал. Бас энэ санааг дэмжээд аваад явбал авлигатай тэмцэхэд маш их хувь нэмэр болж байна гэсэн үг.
-Та дээр цухас дурьдсан. АТГ том ­биш жижиг загастай хөөцөл­дөж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байна гэж. Гэхдээ энэ үнэн шүү дээ?
-Хүмүүс том, жижиг загасыг яаж барьдгийг мэдэж байгаа байх. Ер нь жижиг загас барихад амархан байдаг биз дээ. Үүнтэй л адил. Жижиг хэргийг илрүүлэхэд амархан, бас шүүхээр шийдэгдэх нь ч хурдан байдаг. Гэтэл томоохон хэргийг илрүүлээд шүүх рүү шилжүүлэхээр яаж, удаж ший­дэгддэг билээ. ТИ байгууллагын сая хийсэн судалгаанаас харагдаж байсан. Ойрхи Дорнод, Монгол, Орос, Хойд Африкийн орнуудад жижиг авлига их байна гэсэн дүн. Хамгийн аймшиг­тай нь, иймэрхүү жижиг авлигад бага, дунд орлоготой иргэд хамгийн их өртдөг. Тэдэнд хүндээр тусдаг байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд жижиг гээд бай­гаа авлигад хоёр, гурван өдрийн хоо­лныхоо мөнгийг бүгдийг зарцуул­чихдаг.
-Гэхдээ иргэд томоохон албан тушаалтан холбогдсон хэргийг хэрхэн яаж шийдэгдэж байгаа бол гэж сонирхдог?
-Томоохон авлигын хэргийг АТГ-ын хуульд заасан тусгай арга, хүч хэрэгсэл, техникээр илрүүлэх ажлыг хийж байгаа. Энэ ажиллагааны талаархи мэдээлэл төрийн маш чухал нууц ангилалд хамаардаг учир хэнийг, хэрхэн шалгаж байгаа, ямар ямар баримт цугларч байгаа талаар хэн ч мэдээлэх эрхгүй. Гэхдээ хүмүүс авлигатай тэмцэнэ гэдэг нь дан ганц авлигачдыг барьж шийтгээд байна гэж өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Бас авлигатай холбоотой хэргийг том, жижиг гэж ангилах нь утгагүй юм.
-Яагаад?
-Албан тушаалтан хэн нэгэн хүнийг хахууль аваад ажилд оруул­чихаж гэж бодъё. Тэгвэл төр л хохир­но. Жишээ нь, манайхыг өртөөний дар­гыг бусдаас хахууль авсан хэр­гээр шийтгэлээ гэж ихээхэн шүүмжил­сэн. Гэтэл тэр ажилтан нь галт тэрэг ирж байхад буруу дохио өгвөл юу бо­лох вэ. Үүнээс болж галт тэрэг мөр­гөлдөж хүний амь нас эндлээ гэхэд үр дагаврыг нь мөнгөөр хэмжихийн арга­гүй биз дээ. Эцэст төр л энэ бүхний хариуцлагыг хүлээнэ. Тиймээс л авлигад том, жижиг гэсэн асуудал байдаггүй гэж хэлээд байна. Зарим хүн авлигын хэрэг гэхээр хэн хохир­чихоод, хэчнээн сая төгрөгийн хохи­рол учраад байгаа юм бэ гэдэг. Гэтэл авлигын хэргийн хохирогч нь ард түмэн, төр байдаг юм. Та бүхэн мэдэж байгаа байх. Хэн нэг нь зодуулчихлаа, хулгайд эд зүйлээ алдчихлаа гэхэд араас нь ихээхэн нэхэл дагал, хэл ам болдог. Гэтэл авлигын гэмт хэргийн араас хэн нь хөөцөлдөж, хэл ам бол­дог билээ. Энүүхэндээ гэхэд авлигачид хамгийн түрүүнд хэвлэлийнхний амыг барихаас л үйл ажиллагаагаа эхэлдэг юм.

Л.ОЮУНГЭРЭЛ