М.Энх-Амар: Увсын ИТХ-ын дарга хөрөнгөө мэдүүлэлгүй нуусныг тогтоосон

A- A A+
М.Энх-Амар: Увсын ИТХ-ын дарга хөрөнгөө мэдүүлэлгүй нуусныг тогтоосон
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар М.Энх-Амартай ярилцлаа. Тус хэлтэс он гарсаар 900 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. Үүнээс 201 албан тушаалтныхыг нарийвчлан шалгасан бөгөөд 17 нь хөрөнгө, орлогоо санаатайгаар худал мэдүүлснийг тогтоосон байна.

-Төрийн өндөр, дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэх мэдээлэл олонтоо гарах боллоо. Тухайлбал, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавтай холбоотой хэрэг байна. Харамсалтай нь, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид нь түүнийг ажлаас нь огцоруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин танайх үүнийг хууль бус шийдвэр хэмээн үзэж байгаа. Ярилцлагаа үүнээс эхлэх үү?
-Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Засаг даргыг хөрөнгө, орлогоо худал мэдүүлж, хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Ингээд Авлигын эсрэг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Дорнод аймгийн ИТХ-д “Энэ албан тушаалтан хууль зөрчсөн байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно уу” гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаад энэ хүнийг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал, аймгийн Засаг даргыг огцоруулах эсэх тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчид биш харин Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар шийдэх ёстой. Иймээс бид Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх манай нэхэмжлэлийг хүлээж аваад Захиргааны хэрэг үүсгэж улмаар хариуцагч талыг хууль зөрчсөн гэж үзсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ч гэсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч шийдвэрээ хүчингүй болгосноор хэргийг хаасан байгаа. Уг нь шүүх хуралдааны өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд тус аймгийн ИТХ-ын хуралдаан болж хэлэлцэх асуудлынхаа жагсаал­тыг батлахаар хуралдсан байгаа юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга За­саг даргаа огцруулах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан бо­ловч хоёр намын бүлэг эхний хур­лаар энэ асуудлыг оруулах шаардла­га­гүй гэж үзсэн байдаг. Энэ нь тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эхнээсээ л аймгийн Засаг даргадаа хариуцлага тооцох сонирхолгүй, хамгаалж үлдэх гэсэн нь харагдаж байгаа юм.
-ИТХ-ын төлөөлөгчид болон Тэргүүлэгчид нь Засаг даргаа хамгаалж үлдлээ гэлээ. Тэгвэл тэдэнд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бий юү. Тэд хууль зөрчсөн хүнийг хамгаалаад байна шүү дээ. Мөн энэ тохиолдолд хууль зөрчсөн аймгийн Засаг даргад хариуцлага тооцох өөр хууль зүйн үндэслэл бий юү?
-Хуульд ИТХ-ын нийт төлөөлөгч­дын гурваны нэгээс доошгүй хувь нь Засаг даргаа огцруулах тухай санал гаргасан тохиолдолд асуудлыг хурал хэлэлцдэг. Энэ тохиолдолд ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, асуудлыг шийдэх хуулийн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд тухайн Засаг даргыг хууль зөрчсөн байна хэмээн аймгийн ИТХ-д асуудлыг тавьж болно. Энэ тохиолдод мөн л 15 хоногийн дотор хуралдаж, асуудлыг шийдэх ёстой юм. Яахав, энэ асуудалтай холбоо­тойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас манайд албан бичиг ирүүлсэн л дээ. Уг бичгээс тус аймгийн Засаг даргад хариуцлага тооцоход Ерөнхий сайдын зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй юм байна гэдэг нь харагдаж байсан.
-ИТХ-д хариуцлага тооцох асуудлын тухайд юу хэлэх вэ?
-Тэдэнд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин манайд байхгүй л дээ. Хамгийн гол нь, тус аймгийн ИТХ бүх зүйлийг хууль ёсны дагуу буюу бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад ямар ч шийдвэр гаргасан түүнийгээ л манайд хууль ёсны дагуу мэдэгдэх ёстой.
-Ингэхэд өмнө нь манайд ийм төрлийн хэргийг шийдэж байсан уу?
-Шийдэж байсан. Саяхан гэхэд Дорнод аймгийн ерөнхий аудитар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн байсныг бид улсын Ерөнхий аудиторт мэдэгдсэнээр ажлаас нь чөлөөлсөн байгаа.
-Хэвлэлээр шуугиж байгаа бас нэг хэрэг бол ГЕГ-ын ажилтныг хө­рөнгө, орлогын мэдүүлгээ са­наа­тай­гаар худал мэдүүлсэн гэх мэ­дээ­лэл. Гэтэл энэ асуудлаар ГЕГ-ын удирдлагууд танай эсрэг мэдээлэл хийсэн байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Гаалийн ажилтны тухайд бид тэдний хэлж байгаачлан хэн нэгний явуулгаар, бас өөрсдийнхөө санаа­чил­гаар шалгаж байгаа юм үгүй. Манай газарт Пүрэвдулам гэдэг хүнтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Ер нь манай байгууллага албан тушаалтнуудтай холбоотой ирсэн өргөдөл гомдол бүрийг шалгадаг шүү дээ. Энэ журмын дагуу шалгаад хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн болохыг тогтоосон. Бас энэ тухай ГЕГ-ын удирдалгуудад мэдэгдсэнээр тэд ирж уулзсан. Ингээд түүнд холбогдох материалыг нь үзээд “бид ажилтандаа хариуцлага тооцно” гэж хэлсэн. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Харамсалтай нь, ямар арга хэмжээ авсан талаараа өнөөдрийг хүртэл манайд албан ёсны хариу ирүүлээгүй байна.
-Тэдний гүтгэлэг гэж үзэж байгаа шалтгаан нь юу юм бол?
-Энэ тухай өөрсдөө тайлбарлах байх. Гэхдээ ГЕГ-ын удирлагууд бидэнтэй ирж уулзахдаа бид хариуцлага тооцох гэхээр бусад ажилтнууд нэгнийгээ шалгуулах гээд байж болзошгүй гэж байсан.
-Энэ юу гэсэн үг вэ?
-Энэ хүндээ хариуцлага тооцох юм бол бусад нь бие биеийнхээ мууг үзэх байдлаар нэгнийгээ шалгуулаад байж болзошгүй гэж байсан. Яг энэ асуудалд манай байгууллагын байр суурь гэвэл, албан тушаалтнууд үнэ­хээр шударгаар ажиллаад, хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн бол айж эмээгээд байх явдалгүй шүү дээ. Харин болохгүй, бүтэхгүй нөхөд байгаа бол төрийн алба цэвэр байх ёстой гэдэг утгаараа бид хуулийн дагуу хариуцлага тооцоод л явна. Бид аливаа асуудалд ийм л байрь сууриас хандаж байгаа. Мөн яг үүнтэй ижил асуудал гэвэл Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалантай холбоотой баримт. Дүүргийн ИТХ нь Нийслэлийн Засаг дар­гаа хараад суучихдаг. Гэтэл нийслэлийн Засаг дарга энэ асуудалд ямар байр суурьтай байгаагаа өнөөд­рийг хүртэл манайд мэдэгдээгүй.
-Төрийн байгууллагын удирд­лагууд хууль зөрчсөн албан ту­шаалт­нууддаа хариуцлага тооцох­гүй байна гэлээ. Үүнийг та юу гэж ойлгож байна вэ?
-Тэдэнд авлигатай тэмцэх, төрийн албыг цэвэрлэх хүсэл сонирхол алга гэж л ойлгож байгаа. Саяхан бид Увс аймагт ажиллаад ирлээ. Тэгэхэд Аймгийн ИТХ-ын дарга нь хөрөнгө, орлогоо мөн л худал мэдүүлсэн байсан. Тодруулж хэлбэл, өөрийн эзэмшилд байдаг нэлээд хэдэн объектоо нуун дарагдуулсан байна. Иймд бид түүнд хариуцлага тооцох тухай асуудлыг мөн л ИТХ-д тавиад байгаа.
-Та төрийн өндөр дээд албан тушаалтнууд хууль зөрчсөн этгээ­дүүдэд хариуцлага тооцох асуу­далд хойрго ханддаг гэж хэллээ. Ингэхэд дэлхийн бусад улс орон яадаг юм бол?
-Бусад улс орон хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн болон өгөхгүй бай­гаа, эсвэл тухайн албан тушаалтан үн­дэслэлгүйгээр их хэмжээний хө­рөн­­гө мөнгөтэй болсон бол ажлаас нь шууд халж, эрүүгийн хэрэг үүсгэн шал­гадаг. Түүнчлэн, тухайн албан тушаал­­тан хөрөнгө, орлогын мэдүүл­гээ хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд албан тушаалыг нь бууруулж эсвэл цалинг нь тодорхой хувиар хасах жишээтэй. Харин манай хууль тогтоомжид энэ тохиолдолд ганцхан ажлаас халах үндэслэл болно гэсэн заалт байдаг. Иймээс хэрэгжүү­лэхэд жаахан төвөгтэй байх шиг байна.
-АТГ-аас төрийн өндөр дээд албан хаагчдаас хөрөнгө, орлогын мэдүүлэг аваад гурван жил болж байна. Хамгийн сүүлд авсан мэ­дүүл­гийг саяхан олон нийтэд ил тод зарласан. Гэтэл түүнийг харсан зарим нь үнэнчээр мэдүүлж чадаж байна уу хэмээн эргэлзэж байна. Ингэхэд шинэ хөрөнгө орлогын мэдүүлэгийг үнэн зөв эсэхийг хянах боломж бий юу?
-Төрийн өндөр дээд албан ту­шаалт­нуудын хөрөнгө, орлогын мэ­дүүл­гийг олон нийтэд ил тод мэдээлж байгаа. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл болон байгууллагынхаа вэб сайтаар дамжуулж. Үүнтэй холбоотой­гоор хэвлэл мэдээллийн хэрэгс­лэлээр янз бүрийн л мэдээлэл гарч байна, таны асууж байгаачлан. Энэ асуудалд манай байгууллагын байр суурь ямар байна вэ гэвэл, Авлигын эсрэг хуульд зааснаар бол албан ту­шаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүл­гээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймээс тэднийг хуульд заасны дагуу үнэн зөв мэ­дүүлсэн байх л гэж найдаж байна. Үнэндээ нуусан, хаасан зүйл байхыг үгүйсгэхгүй. Энэ нь ч төрийн өндөр албан тушаалтан тухайлбал, аймгийн Засаг дарга нарыг шалгахад эхнээсээ нотлогдож байгаа. Гэхдээ бидэнд бүгдийг нь хардаж сэрдээд, шалгаад байх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хамгийн гол нь олон нийт тэр хүний тухай мэдээлэл өгсөн тохиолдолд бид шалгана. Шалгалтынхаа хариуг тэ­дэнд эргээд мэдэгдэнэ. Бидний ажил­лах хууль эрх зүйн орчин энэ юм даа.
-Танай байгууллага өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой цөөнгүй асуудлыг шалгаж байгаа. Гэвч үр дүн нь тийм ч сайн биш байна. Үүнийг танай байгууллагын хүч сул байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно оо. Яг л тийм нөхцөл байдал үүсчихээд байгаа.
-Тэгвэл хүчтэй болгохын тулд таны бодлоор яах ёстой вэ?
-АТГ, Засгийн газартай хамтраад авлигатай тэмцэх асуудлаар тодор­хой төлөвлөгөө боловсруулсан. Мэ­дээж бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа маш олон байгууллага байна. Тэдэнд баярладаг. Хамгийн гол асуудал гэвэл, албан тушаалтанд хариуцлага тооцох механизм нь тухайн байгууллагын удирдлагад байдаг учраас хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал гарч байгаа. Үүнийг нуух аргагүй. Иймээс хариуц­лагын тогтолцоог өөрчлөх ёстой. Товчхондоо бол манай байгууллагад зөрчил гаргасан албан тушаалтанд хүчтэй хариуцлага тооцдог болох тийм л хууль, эрх зүйн орчин хэрэгтэй байна. Тухайлбал, хэн нэгэн албан ту­шаал­тан хөрөнгө, орлогоо худал мэ­дүүлж энэ нь батлагдсан тохиолдолд бид арга хэмжээг шууд авдаг байх жишээтэй. Тэрнээс биш ганц албан бичиг явуулчихаад хүлээгээд суугаад байх нь санасан хэмжээний үр дүн авчрахгүй байна шүү дээ.
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг дахин шинэчлэх гэж байгаа гэсэн. Яагаад?
-Маягтыг сайжруулах, боловс­ронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Иймээс бид саналаа боловсруулаад УИХ-д хүргүүлсэн. Одоо ашиглаж буй маягтад дутуу, дулимаг зүйл бий. Зарим мэдээллийг дутуу авах бас бөглөхгүй байх гээд. Иймээс манай байгууллага бусад орны хөрөнгө, орлогын мэдүүлэг болон туршлага зэргээс санаа авч өөрийн орны онцлогт тохируулан маягтыг өөрчилж байгаа. Ингэснээр албан тушаалтнууд шууд хараад бөглөчихөөр тийм л хялбар болгож байгаа юм. Мөн цахим хэлбэрээр бөглөдөг болгохоор Дэлхийн банктай хамтарч ажиллаж байна. Ингэснээр хүссэн хүн болгон хэний ч хөрөнгө, орлогын мэдүүлгийг чөлөөтэй үздэг болох жишээтэй. Мөн шинээр ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гэж авахаар болж байгаа.
-Энэ талаар тодруулаач?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ашиг сонирхлын эсрэг хуулийн төсөл санаачилсан шүү дээ. Энэ төслийг удахгүй УИХ хэлэлцэх байх. Үүнтэй уялдуулан ийм мэдүүлэг авахаар болсон. Хүмүүс гайхаж байж магад­гүй. Ашиг сонирхлын зөрчлийн мэдүү­лэг гэж юу юм бэ гэж. Энэ нь тухайн албан тушаалтантай холбоотой ах дүүс, аж ахуй нэгж болон бүлэглэлийн талаархи бүрэн мэдээл­лийг авна гэсэн үг юм. Бас тухайн албан хаагч төрийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөр бизнес хийж байна уу, үгүй юү гэдгийг тодорхой болгох юм. Бусад оронд ч бас ийм маягт бай­даг. Ингэснээр бид ний­тээрээ авли­гаас урьдчилан сэргийлж чадна гэж ойлгож болно. Бид ийм л зорилготой ажиллаж байна. Дашрамд хэлэхэд, манай байгуул­лага, иргэдээс авлигын талаархи мэдээллийг байнга авдаг. Иймээс бидэнд хүссэн цагтаа мэдээ­лэл өгч болно. Түүнчлэн төрийн албан ту­шаалт­нууд ч гэсэн ямар ч хөрөнгө­тэй, орлоготой бай хамгийн гол нь түүний­гээ үнэн зөв мэдүүлж, төрд шударгаар ажиллаж байгаагаа батлах шаардла­гатай юм.

Л.Оюунгэрэл