Авлигач нартаа өршөөл үзүүлж байхыг Монголоос өөр оронд харсангүй /2009.10.01/

A- A A+
Авлигач нартаа өршөөл үзүүлж байхыг Монголоос өөр оронд харсангүй /2009.10.01/
АТГ-ын өргөмжит зөвлөх Тони Квоктой ярилцлаа. Тэрбээр Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хороонд байцаагчаас дэд комиссар хүртэл 27 жил ажилласан, Япон, БНСУ, Филиппин, Бруней, Индонез, Кувейт зэрэг оронд ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр АНУ дахь Азийн сангийн урилгаар Монголын АТГ-т 2007 оноос хойш ажиллаж байна.

-Олон орны авлигатай тэмцэх байгууллагад уригдан ажиллаж байгаа туршлагатай ажилтны хувьд Монгол дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаа болон саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулийн талаар ярилцлагаа эхлэе гэж бодож байна.
-АТГ-т мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн ихэнх нь Өршөөлийн хуульд хамрагдсан. Тодруулбал, хорих ялаар шийтгүүлээд ял эдэлж байгаа хүмүүс, прокуророор хянагдаж, шүүхээр хэрэг нь шийдэгдэж байгаа болон АТГ-т мөрдөн шалгаж байгаа зэрэг 3-4 үйлдэлд энэ хууль үйлчилж байгаа. Бас нэг гол зүйл нь энэ оны зургадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн авлигын хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдсан. Энэ бүгдээс харахад Өршөөлийн хуулиас болж хамгийн их хохирч байгаа, хамгийн хүнд тусаж байгаа газар нь АТГ. Өөрийнхөө туршлагаас хуваалцахад би 1977 онд Хонконгийн АТГ-т ажиллаж байхад Өршөөлийн хууль гаргасан. Манайд анх 1974 онд АТГ-ыг байгуулсан. 1977 он хүртэл төрийн олон албан хаагч, тэр дундаа цагдаа нартай холбоотой хэргийг шийдсэн. Энэ ажлын үр дүн сайн байснаас цагдаа нар сүүлдээ гудамжинд жагссан. Яагаад гэвэл тухайн үед цагдаа нар зохион байгуулалттай авлигын хэрэгт их холбогддог байсан. Тийм болохоор эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнээс болоод Хонконгийн тухайн үеийн амбан захирагч 1977 оноос өмнөх хэргийг Өршөөлийн хуульд хамруулж байсан.

-Яг энэ байдал одоо Монголд давтагдаж байна. АТГ-ын хэдэн жил шалгасан, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг эхнээс нь хэрэгсэхгүй болгож байгаа.
-Монголын тухайд Өршөөлийн хууль баталсан ч гэсэн одоо эхнээсээ хор уршгийг нь ойлгоод Өршөөлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ нэмэлт өөрчлөлтийг УИХ хүлээн авч батлах байх. Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд албан тушаалын хэргийг хамруулахаа болих нэмэлт өөрчлөлтийг өргөн бариад байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хуульд албан тушаал, авлигын хэргийн заалтыг чангатгахын тулд нэмэлт, өөрчлөлт хийхээр Ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ.

-Та Монголд гурван жил ажилласан, манай нөхцөл байдлыг гадарлах болсон хүний хувьд Өршөөлийн болон Эрүүгийн хуульд ямар нэмэлт өөрчлөлт зайлшгүй оруулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Миний бодлоор ийм Ажлын хэсэг байгуулаад үүнийг нь Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх ахлан, АТГ-ын дэд даргыг оролцуулан ажиллаж байгаа нь зөв гэж бодож байгаа. Монгол Улсын авлигатай тэмцэх орчныг эерэг болгохын төлөө хийх зүйл маш их. Энэ Ажлын хэсгээс нэмэлт, өөрчлөлтийг зөв томъёолж оруулаад баталчих юм бол ерөнхийдөө авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчинд нь маш нааштай өөрчлөлт авчирна. Миний ойлгосноор албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх нь Монголд хүндэвтэр гэмт хэрэгт багтдаг юм билээ. Тийм болохоор ялын бодлого нь маш хөнгөн. Гэтэл олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн практикт энэ нь хээл хахууль өгөхөөс ч илүү хүнд хэрэгт тооцогддог. Жишээ нь, филиппинчүүд албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх гэсэн зүйл ангиар өмнөх Ерөнхийлөгчөө ялласныг та бүхэн мэдэх байх. Энэ зүйл ангийн хамгийн дээд талын шийтгэл бүх насаар нь хорих. Энэ хэргээс болж гарах хор хохирол нь хэдэн сая доллараар хэмжигдэнэ. Тийм болохоор албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэхийг хүнд хэрэгт оруулж, ногдуулах ялыг чангатгах хэрэгтэй. Хоёр дахь чухал зүйл нь хууль бусаар хөрөнгөжих гэсэн зүйл ангийг эрүүгийн хэрэг болгож оруулах хэрэгтэй.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хээл хахуулийн хэргийн нотлох баримт олоход их хэцүү байдаг. Мөнгө авч, өгөлцөж байгааг шүүхэд нотлох хүнд. Тиймээс энэ зүйл ангийг Эрүүгийн хуульд оруулчихвал тэд нарыг илрүүлэх, шийтгэхэд амар болно. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн практикт ч нийцнэ. Гуравдугаарт, АТГ-т хэргийн харьяаллыг нь нэмэгдүүлж, илүү эрх мэдэл өгөх хэрэгтэй. Хамгийн энгийнээр ярихад Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүйгээс АТГ-ынханд банкнаас мэдээлэл авах эрх байдаггүй. Мөн мөнгө угаах хэргийг мөрдөх эрхийг харьяалуулах хэрэгтэй. Одоо танайд цагдаа нь мөрддөг юм билээ. Авлига, мөнгө угаах хоёр хоорондоо холбоотой.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн халдашгүй эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор нь УИХ-д таван удаа тавиад одоо хүртэл шийдэгдээгүй байгааг та мэдэж байгаа байх. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын авлигатай тэмцэх хүсэл сонирхол иймэрхүү байгаа тохиолдолд яах вэ?
-Ихэнх улс оронд Парламентын гишүүний халдашгүй дархан байдал нь яллахад саад болохооргүйгээр зохицуулагдсан байдаг.

-Яаж?
-Ихэнхдээ халдашгүй дархан эрх нь Ерөнхийлөгчид л байдаг. Түүнээс биш Парламентын гишүүдэд үйлчилдэггүй.

-Энэ нь засаглалынхаа хувьд Парламентынх уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай оронд уу. Монголын хувьд Парламентын засаглалтай шүү дээ.
-Аль алинд нь. Халдашгүй байдал гэдэг бол Ерөнхийлөгчид л байх зүйл.
Яг танай тохиолдолд хэвлэл мэдээллийнхний гүйцэтгэх үүрэг маш их. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авлигачийг хамгаалж, халдашгүй байдалд нь халдахыг зөвшөөрөхгүй байгаа УИХ болон УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хороонд нь хэвлэл мэдээллийнхэн шахалт үзүүлэх хэрэгтэй.

-Монголын шүүх засаглал улс төрөөс хараат бус байж чаддаггүй. Ялангуяа, Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, чөлөөлдөг тогтолцоотой манай орны хувьд Таны дээр хэлсэнчилэн Филиппин шиг Ерөнхийлөгчийнхөө албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүж чадахгүй л болов уу.
-Шүүх өөрөө шударга бус нөлөөнд автсан тохиолдолд зарим улс авлигын хэргийг шүүх тусгай шүүх байгуулсан байдаг. Пакистан, Индонез, Филлипин зэрэг улс ийм шүүхтэй. Энэ шүүхэд ажиллах шударга шүүгчийг олон нийт сонгон шалгаруулдаг учраас олон нийтийн хяналт сайн байдаг.

-Та түрүүн хэлсэн Хонконгод авлигатай тэмцэх байгууллага байгуулагдаад гурван жил өнгөрөхөд үр дүн нь хангалттай гарч, авлигад хамгийн их өртдөг цагдаад нар эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн. Өнөөдөр Монголд АТГ байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Та Монголын АТГ-ын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?
-Монголын АТГ-ын өнгөрсөн хугацаан дахь үйл ажиллагааг нь би муугүй ажилласан гэж дүгнэж байгаа. Хагас жил болгон явуулдаг авлигын түвшин тогтоох судалгаанаас харахад тодорхой үр дүн гарсан. Жишээ нь, 2006 онд иргэдийн 28 хувь нь хахууль өгсөн гэж мэдүүлсэн байхад 2009 онд хахууль өгсөн иргэдийн тоо 15 хувь хүртэл буурсан. Мөн “Танаас хахууль нэхсэн тохиололд яах вэ” гэсэн асуултад 2006 онд 34 хувь нь “өгөхгүй” гэж хариулсан бол 2009 онд 51 хувь нь “Нэхсэн ч гэсэн өгөхгүй” гэж хариулжээ. Тэгэхээр энэ нь хоёр жилийн хугацаанд чамлахааргүй амжилт юм.

-Манай төрийн өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагчдыг хууль бусаар хөрөнгөжихөд нь хяналт тавих зорилгоор АТГ хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсон. Гэвч худалд мэдүүлсэн, нуун дарагдуулсан тохиолдолд захиргааны хариуцлагаас өөр ямар ч гэмгүй өнгөрч байгаа шүү дээ.
-Үүнд АТГ-ыг буруутгахаасаа илүү ажиллаж буй орчин болон эрх зүйн орчныг нь хангалтгүй зохицуулсан Парламентыг буруутгах хэрэгтэй. Тиймээс би дахиад хэлье. Хууль бусаар хөрөнгөжих гэсэн зүйл ангийг Эрүүгийн хуульд заавал оруулж, шалгах харьяаллыг нь АТГ-т өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, АТГ-т шалгаж буй хүнийхээ мэдүүлгийг банкнаас авах эрхийг нь олгох ёстой. Энэ мэтээс эхлээд ажиллах орчин, эрх мэдэл нь хязгаарлагдмал байгаа учраас танай АТГ-т хүндрэл их бий.

-Ер нь өршөөл үзүүлэх олон улсын жишиг ямар байдаг бол. Ямар тохиолдолд өршөөл үзүүлдэг вэ. Манайд өршөөлийг хэт хавтгайрууллаа гэсэн шүүмжлэл их гарч байгаа?
-Би авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлж байсан тохиолдлыг Монголоос өөр оронд харсангүй. Анх удаа хэрэг үйлдсэн, хэрэг нь хөнгөн, мөн нас өндөр болсон эсвэл ноцтой өвчин тусаад насгүй болсон тийм хүмүүст өршөөл үзүүлдэг.

Д.Оюун-Эрдэнэ /Өнөөдөр сонин/