Авлигын эсрэг олон улсын өдөрт /2009.12.07/

A- A A+
Авлигын эсрэг олон улсын өдөрт /2009.12.07/
Д.Саранцацралт: Надад хэн нэгэнд долигонохгүй л бол ажлаасаа хөөгдчих вий гэж айж, авлигал өгөх шаардлага байхгүй.
Авлигын эсрэг олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдөр олон нийтийн дуу хоолойг сонсох, авлигын эсрэг олон нийтийг уриалан дуудах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Нэг л өдөр авлигатай тэмцдэг гэж эрхэм уншигч та бүү эндүүрээрэй. Нийгмийн гамшиг болсон авлига гэгч энэ хорт үзэгдлийн эсрэг тэмцэлд олон түмнийг илүү их уриалан дууддаг ийм л өдөр юм.

Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор, өргөн хүрээнд гурав дахь удаагаа “АВЛИГА таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэх гэж байна.

Тиймээ, авлигыг таслан зогсооход таны “ҮГҮЙ” л чухал. Авлигын эсрэг тэмцэлд олон хүн дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэдний нэг нь Төрийн шагналт зураач Д.Саранцацралт. Төрийн шагналт зураачтай уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэе.

-Хэдхэн хоногийн дараа буюу 12 дугаар сарын 9-нд “Авлигын эсрэг олон улсын өдөр” болно. Үүнтэй холбоотойгоор таньтай ярилцаж байгаа юм аа?
-Аан за. Би ч тэр авлигаас чинь их хол хөндий хүн дээ /инээв/.

-Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны шагнал”- арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Таны бодлоор шудрага, шудрага байх гэж юу гэсэн үг бол?
-Ер нь бол шударга байх ёс суртахуун, зан гэдэг бол хүнд бурхнаас өгсөн өгөгдлүүд дотор нь бий. Тэгэхээр нэгэнт өгөгдсөн тэр занг бид хөгжүүлэх ёстой. Түүнийг зүгээр амны уншлага болгоод байж болохгүй. Амьдралдаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хүн бүхэнд байдаг шударга зангаа бид эд материал, эрх тушаал гээд энэ материаллаг ертөнцийн зүйлсэд худалдчихаад байгаа юм шиг санагддаг юм. Гэхдээ шудрага хүн зөндөө байгаа. Зөндөө байгаа гэдэгт би итгэдэг.

-Хэрвээ бурхнаас хүн бүхэнд сайн сайхан өгөгдөл өгдөг юм бол яагаад бидний зарим нь тийм ч “сайхан” хүн байдаггүй юм бол оо?
-Хүн бүхэн “цаанаас” ирэхдээ сайн сайхан амьдарч, сайн сайхан байхын төлөө буюу сайхан өгөгдлүүдтэй ирдэг. Гэвч ирсэн хойноо эцэг эхийн хүмүүжил, нийгэм зэргээс шалтгаалаад муу зүйлтэй орооцолдоод өөрчлөгдөөд, саармагжаад ирдэг. Жишээлбэл, Швед, Щвейцари ч юм уу европын орнуудад хүмүүс нь толгой дараалан сайн хүмүүс байдаг. Сайн гэж би ёс суртахууныг нь хэлж байна л даа. Улс эх орондоо хайртай, бие биенээ хүндэлдэг тийм өндөр ёс суртахуунтай болоод төлөвшчихсөн байдаг. Гэтэл манай Монголчуудын хувьд бол өөр. Дөч, тавьтай миний насны хүмүүс дөнгөж өсвөр насныхны л оюун ухаанд хүрэхээр байгаа нь өөртөө болон нийгэм, бусдад хандаж байгаа хандлагаас нь харагддаг.

Нийт массыг харахаар ёс суртахуун гэдэг тал нь хаягдчихсан. Өөрийнхөө хэргийг бүтээхийн тулд найз нөхөд гээд хэний ч толгой дээр гишгэж гарахаасаа сийхгүй болчихсон. “Би, би” гэцгээгээд л. . . Тэгсэн мөртлөө “би”-г нь очоод харахаар хийж бүтээсэн зүйл байхгүй. Тийм ёс суртахуунгүй байдал давамгайлж байна. Энэ нийгэмтэй л холбоотой. Тэгэхээр бид оюун ухаанаа хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ оюун ухаан гэхээр “3-4 их дээд сургууль төгсөх ёстой, Кэмбрижид сурах ёстой” гэсэн ойлголт биш. Мэдээж боловсрол хэрэгтэй. Гэвч хүн гэдэг утгаараа сэтгэлийн боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Сэтгэлийн боловсролыг эрдэм мэдлэгтэйгээ нийлүүлээд ирэхээр жинхэнэ ёсоороо төгс төгөлдөр хувь хүн төлөвшиж гарч ирэх юм. Манай боловсролын системд сэтгэл боловсруулах систем гэж алга. Одоо манайд гоё машин унаж, өчнөөн их дээд сургууль төгсөж, гоё хувцас өмссөн атлаа хэн ч биш болчихсон нийгэмдээ харгис ханддаг, хэнийг ч хайрлаж чадахаа больчихсон тийм хүмүүс маш ихээр урган гарч байна. Тиймээс сэтгэлийн боловсрол гэдэг талаасаа анхаарч, өөрийнхөө сэтгэлийг боловсруулах хэрэгтэй юм гэж боддог.

-Үнэхээр өнөөдрийн нийгэмд уурлаж бухимдмаар шудрага бус байдал их л байх юм. Таны бодлоор?
-Мэдээж манай нийгмийн хөгжил нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад үнэхээр өөр байгаа. Гэхдээ бид өнөөдөр эхлээд дандаа муугаа ярьж байна. “Тийм ч юм байхгүй, зам муу байна” гээд л. Энэ бол тэртэй тэргүй бидний нүдэн дээр байгаа зүйл. Гэхдээ бид сайн талыг ч бас авч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл, хүн бүхэн “муу, муу” гэж ярьсаар байгаад хүмүүсийн сэтгэл, оюун санаа маш их бохирдож байна. Тэр чинээгээрээ хүмүүсийн ажил амьдрал дорой байна. Та бүхэнтэй уулзаад яг баримттайгаар муу муухай зүйлийн тухай ярих хүмүүс их байгаа байх. Би бол уран бүтээлч хүн учраас тийм баримт талаас нь их хол. Миний ажиглаж мэдэрч байгаагаар нийгэмд сайн ч зүйл байна, саар ч зүйл байна. Тэгэхээр сайн талаа илүү хөгжүүлж, сайн талаа илүү их бодох болсон байна. Бүгд муу тийшээ ярьсаар байгаад амны билгээс ашдын билэг гээч нь болоод байгаа ч юм шиг надад санагддаг юм.

-Хэчнээн сайн талыг харъя, сайхан бодолтой байя гэвч санаа зовоох асуудал мундахгүй юм. Иргэдийг уурлуулж бухимдуулсан бүхнийг “засч янзлах” ёстой хүмүүс нь УИХ-ын 76 байтал тэр хүмүүс ард түмнийг бухимдуулагч болж хувирсан ч юм шиг?
-Харин тийм ээ. Энэ бол бас л хүн болгоны санаа зовж байгаа л асуудал. Тэр төр засагт байгаа хүмүүс өөрийгөө “чадна, мэднэ” гээд л зүтгэж байгаа. Гэхдээ ард түмэнд би бас буруу өгөх гээд байна. Яагаад ярьсаар байгаа атлаа тэр болохгүй хүмүүст саналаа өгөөд байгаа юм бэ. Өөрсдөө өгчихөөд араас нь гоншигонох чинь тиймхэн л байгаа байхгүй юу. Бид олон жил хууртагдаж саналаа өглөө. Одоо харьцангуй туршлага сууж байна. Тэгэхээр дараа дараагийн сонгуульд хүмүүс өөрийнхөө бодлоор л саналаа өгөх хэрэгтэй байна. Дээр нь “чадна” гэж гарч байгаа тэр хүмүүст ичих нүүр, булчирхай зэрэг нь байдаг юм бол ард түмнийхээ төлөө ажиллах болчихсон байна ш дээ. Бид бас 21-р зуунд ингэж муухай амьдармааргүй байна. Хойд, урд хөрш гээд бусад орныг хар л даа. Хүмүүс яаж амьдарч байна. Гэтэл ийм цөөхөн хүнийг сайхан амьдруулчихаж чадахгүй байгаа бол одоо болих л хэрэгтэй. Заавал тэнд зууралдаад байх ямар хэрэг байна. Гэхдээ яахав, тэнд зууралдах өөр ашиг сонирхол байдаг л гэсэн л дээ. Гэхдээ тэр ашиг сонирхол чинь гүйцсэн бол одоо больдог юм уу, эсвэл ард түмэн, улс эх орондоо хийх ёстой юмаа хийгээчээ л гэж хэлмээр байна. Түүнээс одоо тэднийг ашиг оллоо гээд хараагаад байх нь залхмаар. Гэхдээ яах вэ, монгол хүн ашиг олоод баяжиж байгаа бол сайхан л байна. Нэг ч гэсэн Монгол хүн баян амьдарч байгаа бол. Гэхдээ баяжчихсан юм бол одоо бушуухан дараагийнхаа алхамд орооч ээ л гэж хэлмээр байна. Ганцаараа баян байх чинь уйтгартай ш дээ. Бүгдээрээ баян амьдарвал сонирхолтой байна биз дээ.

-Гэхдээ хүний хүсэл, шунал хэзээ ч дуусч дундардаггүй юм биш үү?
-Энэ маш энгийн хариулт шүү дээ. Хүмүүс өөрсдөө их уруу татагдаж байна. Орчин үеийн олон реклам сурталчилгаа хүмүүсийг их уруу татаж байгаа. Хүн хамгийн гол нь өөрөө өөрийгөө таньж чадаагүй нөхцөлд юунд ч уруу утатагдаж, юу руу ч гүйхэд бэлэн байдаг. Хүн өөрийгөө таньж мэдсэн тохиолдолд тэр бүхэн лүү гүйгээд, тэр их хэрэгцээ материалыг өөртөө цуглуулаад байх шаардлага байхгүй. Тиймээс дээр хэлсэнчлэн өөрийнхөө сэтгэлийн дотоод боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал тэр олон машин, гутал, хумсны будаг цуглуулах ямар ч шаардлага байхгүй шүү дээ.

-Та сонголт хийсэн иргэдийг буруутгаж байх шиг байна. Гэвч өөр сонголт хийе ч гэсэн нэр дэвшиж байгаа хүмүүс дотор тийм ч “сайн” хүн байхгүй байх шиг?
-Одоо байгаа 76 гишүүн дотор сэтгэлийн боловсрол эзэмшсэн хүнийг олж харж чаддаггүй. Гэхдээ хүн хэдэн дээд сургууль төгссөн, хэдэн хэлтэйгээрээ биднийг удирдах ёсгүй шүү дээ. Бид өөрсдөө ч гэсэн тэнэг л байгаа. Төгссөн сургуулийг нь л харна. Орос, англи хэлтэй гэнгүүт “энэ их боловсролтой хүн байна шүү” гэдэг дүгнэлтийг өгчихдөг. Гэтэл тэр хүнтэй ярьж үзэх хэрэгтэй шүү дээ. Ардын дуунд хүртэл “тавхан үгэнд чинь танигддаг юм аа” гээд гардаг. Хичнээн гоё бялуу шиг үг ярьж байгаа ч гэсэн ярилцаад суухад хүн мэдэгддэг шүү дээ. Тиймээс манай ард түмэн сонгох гэж байгаа хүнээ сайн шалгаж байх хэрэгтэй. Олон талын судалгаа хийх хэрэгтэй. Түүнээс хэдэн хэлтэй вэ гэдэг бол боловсролын шалгуур биш л гэж хэлмээр байна.

-Сонголтдоо бид илүү хариуцлагатай хандахгүй бол үнэхээр хэцүү болсон юм шиг?
-Тийм. Бид хариуцлагатай хандах ёстой. Нэр дэвшиж байгаа хүмүүс ч гэсэн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй шүү дээ. Хүн бүхэн л өөрийгөө “би мундаг, сайн” гэж хэлэх байх л даа. Гэхдээ хэдэн төгрөг цуглуулснаараа мундаг, сайн хүн болохгүй.

-Манай нийгмийг хөгжиж байгаа гэсэн судалгааны дүн гардаг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлдэг. Бид яагаад хөгжөөгүй гэж. “Намайг жаахан байхад” гээд өөрийнхөө бага байсан үетэй харьцуулаад үзвэл тэнгэр газар шиг зөрүүтэй. Саарын цаана сайн юм байж л байгаа. Ардчилал хөгжөөд хэчнээн их эрх чөлөөтэй, эд материалтай болсон билээ. Гэхдээ ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаж байгаа эсэхдээ бас хийх ёстой хүмүүс нь хийдэг л байх гэж боддог.

-Таныг хэдийгээр танихгүй ч гэсэн хараат бус, юунаас ч үл хамаарах хүн юм болов уу гэж бодогддог юм. Тийм хараат бус байдлыг өөртөө хэрхэн бий болгодог вэ. Магадгүй залууст сонирхолтой байх?
-Би зөвлөж чадахгүй шүүдээ. Ямар бурхан багш биш. Харин өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа туршлагаасаа ярихад ингэж хараат бус байх нөхцөл нь нэгдүгээрт урлаг байна. Миний баярлаж явдаг зүйл нь бурхан надад урлагийн ажил өгчихсөн. Урлаг бол юунд ч захирагддаггүй өөрийн гэсэн ертөнц юм. Тиймээс тэр ертөнцөд татагдаад, түүгээр дулдуйдаад яваад байж болох юм. Миний хувьд хэн нэгэнд долигонохгүй л бол ажлаасаа хөөгдчих вий гэж айх, авлигал өгөх, бялдуучлах шаардлага байхгүй. Зөвхөн би өөрөө өөртөө л захирагдахыг хүсдэг. Тийм болохоор нийгмийн амьдралтай тийм ч ойр биш. Ер нь хүний амьдралд тэгж их хэрэглээд байх зүйл байхгүй шүү дээ. Хүний амьдралд багахан зүйл л хэрэгтэй. Гэтэл зарим хүн тэр хэрэгцээгээ дэлгэрүүлчихээд л, түүнийгээ олж авах гээд шаналаад байдаг. Надад тийм шаналаад байх зүйл байхгүй. Тэр нь надад илүү амар.

-Гэхдээ хүн нийгмийн амьдралаас хол байлаа байлаа гээд зайлшгүй нийгмийн харилцаанд орж, төрийн үйлчилгээг ч мэдээж хүртдэг байх. Хүмүүс төрийн үйлчилгээг их муулдаг. Харин таны хувьд?
-Төрийн албан хаагчид их хүнд сурталтай хэцүү шүү дээ. Ажил төрөл асуугаад явахад маш их зантай, хүмүүсийг яавал дарамтлах вэ гэсэн аргыг хайсан тийм л хүмүүс шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тийм болохоор тэр хүмүүсээс би их айдаг. Ядаж л нэг албан газрын үүдээр ороход л жижүүрээс нь айдаг. Жижүүрүүд нь хүртэл аймаар, аймаар юм асуугаад л. Хамгийн “аймаар” хүмүүс бол төрийн албан хаагчид гэж бодож байгаа.

-Энэ нийгэмд бусдад үлгэр дуурайл болж, шудрага үнэний элч төлөөлөгч болохоор хүн хэн бэ гэвэл та хэний нэрийг хэлэх вэ?
-Би хүний үгээр үг хийх тийм дуртай биш. Аливаа хүнтэй танилцаад, уулзаад, шудрага байгааг нь мэдэрсэн үедээ л шудрага хүн гэж хэлэхээс “тэр байна, энэ байна” гээд нэрийг нь цохож хэлэх нь учир дутагдалтай юм. Олон түмэнд тэгж өөрийнхөө үзэл бодлыг хэлмээргүй байна. Яагаад гэвэл тэр хүнийг бусад нь харж л байгаа. Угаасаа шудрага хүн бол би нэрийг нь тодруулсан тордуулаагүй өөрөө гараад ирнэ. Шудрага хүмүүс зөндөө байгаа. Байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.