Н.Жанцанноров: Хүн бүхэн өөрийнхөө нүүдлээр л нүүх ёстой /2009.12.10/

A- A A+
Н.Жанцанноров: Хүн бүхэн өөрийнхөө нүүдлээр л нүүх ёстой /2009.12.10/
Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхаглажээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад хоёр дахь удаагаа “АВЛИГА таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэж байна. Авлигын эсрэг тэмцэлд олон хүн дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Өмнө нь бид төрийн соёрхолт зураач Д.Саранцацралтын ярилцлагыг уншигчиддаа хүргэж байсан бол энэ удаад Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой ярилцсанаа хүргэж байна.

-Шудрага гэж юу гэсэн үг болохыг та өөрийнхөөрөө тайлбарлаач?
-Хүн бүхний амнаас гарч байгаа үг шударга ёсонд нийцэх үү гэвэл харьцангуй ойлголт. Өөрөөр хэлбэл хүн бүхэн аливаа зүйлийг өөр өөр талаас нь бодож ярьдаг. Гэхдээ хүн бол өөрийнх нь танин мэдэхүйн мэдрэмж хэр өргөн байгаагаас шалтгаалаад аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөхдөө харьцангуй ханддаг. Тэр нь мөн үү, биш үү гэдэг нь маргаантай учраас шударга гэдгийг нэг хүний тодорхойлолтоор гаргаж ирэхэд зовлонтой. тэгэхээр “Шударга амьдрана, шударга байна” гэдэг нь хүний дотоод мөн чанартай холбоотой нарийн зүйлсийн суурь асуудал болов уу гэж бодож байна.

Магадгүй, хүй нэгдлийн үеийн хувцас хунаргүй байх үед шудрага ёс нэлэнхүйдээ хүний орчлонд дүүрэн байсан. Өөрөөр хэлбэл хүний харилцаанд нуух хаах юмгүй, гоёж гангалж, атаархахгүй, орон байр бариад суучихгүй, зөвхөн өөрийнхөө үр хүүхдийн төлөө явахгүй. Яагаад гэвэл цаана нь арслан заан байна. Тиймээс бүгдээрээ нийлнэ. Тэр үед л шударга ёс мандаж байсан болов уу. Хүний нийгмийн хөгжил өөрчлөгдөн тэлэхийн хэрээр хүмүүсийн ил юм нь далд орох хандлага руу орно. Тэр далд юм нь жинхэнэ хүнийхээ мөн чанартай зөрчилдөөд ирэхээр л шудрага бус болж хувирч байна гэж би ухаарч байна.

-Өнгөрсөн жил олон нийтийн санал асуулгад үндэслэн танд Авлигатай тэмцэх газраас Шударга ёсны шагналыг өгч байсан санагдаж байна. Таны бодлоор яагаад энэ шагналыг танд өгсөн юм бол?
-Олон нийтийн санал асуулгаар та шалгарлаа гээд намайг шагнасан шүү. Гэхдээ намайг шудрага хүн гэж судлаад, тагнуул туршуул тавиад тэгээд “энэ шудрага хүн юм байна” гэж тогтоогоод, тэгээд шагнасан гэж үзэхгүй байгаа. Хэрвээ тэгсэн бол би тэр хэмжүүрт нь хүрэх ч байсан юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Яагаад гэвэл би өөрийгөө “шударга” гэж тодорхойлж ерөөсөө чадахгүй. Би “шударга шүү” гэж хүнд хэлж чадахгүй. Шударгыг надтай харилцаж байгаа хүмүүс л тодорхойлно. Шударга байхыг би хичээдэг... гэж хэлэх ч хэцүү. Харин яагаад надад шагнал өгснийг тааж онохыг хичээсэн л дээ. Тэгэхээр энэ хүн тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн хүн байна. Түүн дээрээ бага зэрэг гэгээрлийн шинжтэй зүйл боддог юм байна. Хэрвээ боловсролтой, тэгээд гэгээрлийн шинж рүү тэмүүлдэг хүн бол өөрийгөө авч явахдаа бусдад хэрэгтэй юм шиг ажиглагдсан байх. Тэгээд “Нэг муу” бичсэн хөгжим нь цаанаасаа хүний сэтгэлийг хөдөлгөөд, хүмүүсийг хоорондоо хүнийхээ мөн чанараар харилцах харилцаанд нь энэ хүний толгой тархи, үйл ажиллагаа, гарч байгаа бүтээл нь ямар нэгэн хэмжээгээр хэрэг болж байгаа учраас “Шударга ёсны шагнал”-ыг өгч болох юм гэж дээ л гэж өөртөө дүн тавьж, өөрийгөө тоож байгаа юм шүү дээ.

-“Шударга” гээд ярихаар олон зүйл ярих боловч нийгмийн баялгийн хуваарилалтын талаар хөндье гэж бодож байна. Саяхны судалгаагаар манай улсын хүн амын ердөө гурван хувь нь л хангалуун амьдарч байгаа гэж гарчээ. Энэ нь өөрөө баялгийн хуваарилалт манай нийгэмд тун ч шударга бус байгааг харуулж байх шиг. Харин энэ дээр таны үзэл бодлыг сонирхвол?
-Би яг шударга бус хуваарилж байгаа эсэхийг тоолж үзээгүй болохоор надад хэдийг, чамд хэдийг өгч байгааг мэдэхгүй. Зүгээр өөрийнхөө амьдралын урсгалыг эргээд харахад шудрага, шудрага бустай холбоотойгоор нэг юм бодогдох нь бодогддог юм. Жишээлбэл би үндсэн хууль батлалцсан 92 оны парламентын гишүүн л дээ. Тэгээд хоёр жил болоод биеийн байдлаас болоод чөлөөлөгдөж, өөрөө гарсан хүн байгаа юм. Одоо ингээд бодоод байхад би буруу зүйл хийчихсэн ч юм шиг. Түүнээс хойш таван жилийн дараа муу ёрлосон ч юм шиг миний бие муудсан л даа. Тэгээд мөнгө байхгүй. Манай найз нар монголын бүх хүнээс хандив цуглуулж, түүгээр нь эмчлүүлж байж би эрүүл саруул болсон. Монголын ард түмний хүчээр би боссон юм. Одоо бодоход үнэхээр баярладаг. Гэхдээ зарим хандивлагч нь бас залуусын хэлдгээр но-той. “Чамайг үхэх гэж байхад чинь би төчнөөн төгрөг өгсөн. Одоо чи тэгэх ёстой” гэх мэт дарамтууд ирдэг л дээ. Яах вэ, хүн бүр өөр өөр юм чинь. Тэгэхээр “чи яах гэж өгсөн юм” гэлтэй нь биш, өөртөө л гомдохоос.

Аа хэрвээ... хэрвээ би УИХ-аас гараагүй бол хандив цуглуулах байсан уу, үгүй юу гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл надтай нэг ширээнд сууж байсан хүн УИХ-ын дарга, цэцийн дарга, намын дарга гээд улс төрийн өндөр албан тушаалтнууд байна. Тэр хүмүүсийг хөрөнгөтэй гэж яриад байдаг байхгүй юу. Би Шаравдоржийнд ч юм уу, Дэмбэрэлийнд орж үзээгүй болохоор мэдэхгүй юм л даа. Юу ч болсон тэгж яриад байгаа юм. Гэтэл би болохоор хандив цуглуулсан. Хэрвээ зүүгдээд яваад байсан бол гэж бодоод. Бид адилхан л 49 мянган төгрөгний цалинтай л ажиллаж эхэлсэн. Энд бол шудрага шудрага бусын тухай асуудлыг шүүдэг нь би биш. Зүгээр нүдэн баримжаагаар харахад ийм.

Би өөрөө тааруухан шийдвэр л гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хориод жилийн дотор нэг ч багийн дарга “би энэ ажлыг больё, чадахгүй юм байна” гээд татгалзаж байсангүй. Бүгд чадаж байна, эсвэл бүгд чадъя гэж зүтгэж байна. Нэг ч багийн дарга. Би төрийн сайдын тухай яриагүй. Гэтэл бүх зүйл болж байна уу, чадаад байна уу гэхээр та бид бүгдээрээ л харж байна ш дээ. Тэгэхээр энд дахиад шудрага ёсны тухай асуудал байна. Би заавал тэнд малын хөлийн татварын тухай хуулийг яриад сууж байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Тэгж ярьвал малын хөл гэвэл би Э.Бат-Үүлээс дээр л дээ. Яагаад гэвэл би мал маллаж өссөн, Э.Бат-Үүл энд тоглож байсан юм чинь. Гэхдээ л би монгол хүн болж төрсний хувьд өөрийнхөө хийж чадах зүйлээ илүү сайн хийх тэр цаг хугацааг алдаж болохгүй ш дээ. Энэ талаасаа бол шудрага шийдэл шиг байгаа юм, минийх. Ахуй амьдралынхаа хувьд бол алдаатай шийдэл гаргасан нь үнэн байгаа юм.

Би баялгийн хуваарилалт гэвэл алт, зэс, Оюутолгой, Тавантолгой гээд их зүйл ярьж болно. Энийг улиг домог болтол ярьж байна. Тэгээд яриад эхлэхээр л “төр засаг анхаармаар байна, төр засагт шийдүүлмээр байна, төр засаг юу ч хийхгүй байна” гэдэг. Харин төр засгийн хүмүүс нь болохоор “бид судалж байна, төлөвлөгөө гаргасан, концепц боловсруулсан, шуурхай ажиллаж байна” гэж байгаа юм. Ингээд л яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид суурь асуудлуудаа бодохгүйгээр зүгээр нэг Л.Гүндалай, Ц.Нямдорж, Ц.Элбэгдоржтой ноцолдоод хэрэггүй. Угаасаа УИХ-ын гишүүн болсон нь Л.Гүндалайгийн, Ерөнхийлөгч болсон нь Ц.Элбэгдоржийн буруу биш байхгүй юу. Биш. Тэд нар төрийн өндөр албан тушаалд зохих ёсоор нь яваад л бид зөвшөөрөөд л явсан. Тэгэхээр тэдний буруу гэж байхгүй.

-Та Сонгуулийн хуулийг өөрчлөх тухайд л ярих гээд байна уу даа?
-Сонгуулийн хуулийн тухай ярина. Гэхдээ суурь асуудал болох Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэх гээд байна. Үндсэн хуулийг өөрчлөхөд алтан хугацаа гэж байдаг бол тэр нь өнөөдөр. Яагаад гэвэл хоёр намын нэг нь дийлэнх олонх болж чадаагүй, эвслийн засгийн газартай ийм нөхцөлд үнэхээр Монгол улсын хөгжлийн төлөө санаа тавьж чадвал Үндсэн хуулийг өөрчлөх боломж байгаа. Гэхдээ би Үндсэн хуулийн түлхүүр зарчмуудыг өөрчлөх тухай яриагүй байна. Манай үндсэн хууль бол сайн. Гагцхүү үндсэн хуультай холбогдуулаад үндсэн хуульд нарийвчлан зааж өгсний дараагаар их хурлын, засгийн газрын, сонгуулийн тухай гэсэн бусад хуулиуд руу орох зөв түлхүүрүүдийг үндсэн хуулинд шингээж өгмөөр байгаа юм. Тухайлбал, төсвийн хэлэлцүүлэг дээр С.Отгонбаяр, Т.Ганди, Т.Бадамжунай сайд нарын асуудал байнгын хороод дээр өөдтэй явахгүй байна гэнэ ээ. Энэ гурав чинь их хурлын гишүүн бус сайд байхгүй юу. Тийм учраас “их хурлын гишүүн бус сайд болох нь хэцүү юм байна” гэдэг ойлголт гараад байгаа юм. Миний ойлголтоор бол тэр гурав их хурлын гишүүн биш учраас асуудал нь явахгүй байгаа биш нөгөөдүүл нь их хурлын гишүүн учраас тэр гурвын асуудал явахгүй байгаа юм. Тэгэхээр их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байж болно гэдгийг хуулиндаа нээгээд өгчихсөн учраас их хурал, засгийн газар нь холилдчихож байгаа байхгүй юу. Ингээд холилдчихоор С.Отгонбаяр тэр гурав балрах нь аргагүй шүү дээ.

Жишээ нь хэн нь ерөнхий сайд юм бэ гэдэг асуудал урган гарч байгаа юм. Хуулиараа бол С.Батболд ерөнхий сайд нь үнэн. Их хурлын дарга Хэрлэнбаян-Улаанд зун оччихоод “энэ отрын их том газар. Тийм учраас гурван жил энэ газар луу мал оруулахгүй байх асуудлыг газар дээр нь шийдлээ” гэж зурагтаар ярихыг би үзлээ л дээ. Гэтэл ерөнхий сайд амьд, мэнд, улаанбаатар хотод байсаар байтал гагцхүү Ерөнхий сайдын хийх ажлыг тэнд Их хурлын ангийн дарга очоод газар дээр нь шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу болоод байна. Дэмбэрэл дарга бол аливаа нэгэн асуудлыг олонх болсон нөхцөлд л шийдвэр гаргадаг хүн шүү дээ.

Төрийн гурван өндөрлөг гээд яриад байдаг. Ямар хуулинд төрийн гурван өндөрлөг гэж байгаа юм бэ. Би олж үзээгүй. Төрийн өндөрлөг бол Ерөнхийлөгч шүү дээ. С.Батболд бол төрийн өндөрлөг биш, Засгийн газрын тэргүүн шүү дээ. Харин төрийн өндөр албан тушаалтан бол мөн. Дэмбэрэл бол төрийн өндөр сонгуультан, бөгөөд хурал үймүүлэхгүй, аятайхан удирдаад яв гээд сонгогдсон дарга нь.

Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн фермер дээгүүр очоод л “тийм комбайны асуудлыг ингэж шийдье” гээд л яриад байх юм. Ингэж болохгүй.

-Ерөнхий сайд уг нь албан тушаал дээрээ байж л байдаг, гэтэл түүний ажлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хийгээд явж байгаа харагддаг?
-Амьд мэнд, ажлаа хийгээд явж л байна. Тэгэхээр ард иргэд энэ ерөнхийлөгчид л болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ хэлэхэд болчих юм байна гэж бодно. Гурван хүн хийгээд байдаг. Ийм байдал бий болчихоод байна. Ийм байдал чинь л 76 хүнд 76 тэрбум төгрөг өгүүлчихэж байгаа юм. Энэ 76 тэрбум төгрөг бол 2012 оны сонгуулийг угтаж Монгол орон даяар цацсан “мөнгөн ус”. Тэгэхээр 2012 оны сонгуулиар ямар үр тариа ургах нь ойлгомжтой. Би нэг тойрогт нэг тэрбум төгрөг харамлаад байгаа юм биш. Өгөх хэрэгтэй. Гагцхүү өнөөх том хуулиудаараа л явах ёстой. Хэн мөнгө зардаг билээ. Ерөнхий сайд. Их хурлаас мөнгөө олж авдаг, зарчихаад ингэж зарлаа гэж жилийн дараа тайлагнадаг. Ганц л хүн шүү дээ. Мөнгөө барьдаг ганц л хүн байх хэрэгтэй. Нэг авдартай, 76 түлхүүртэй байвал юу ч бүтэхгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь шудрага болон шудрага бус хуваарилалттай чинь холбоотой болж таарч байгаа юм.

Их хурлын гишүүн хоёрхон үндсэн үүрэгтэй. Хууль тогтоодог, тогтоосон хуулиа хэрэгжиж байгаа эсэхийг хянадаг. Харин одоо тэрбум төгрөг аваад гарахаараа хянадаг биш хэрэгжүүлдэг хүн болж таарлаа. Яаж мөнгө зарж байна вэ гэдгийг хянадаг үүрэгтэй хүн яаж мөнгө зарах вэ гээд явж байгаа байхгүй юу. Жишээлбэл хувьсгалт нам олонх болчихлоо. Гэтэл дараагаар нь Ерөнхийлөгч ардчилсан намаас гараад ирлээ. Монгол улсын ерөнхийлөгч хуулиар олгосон хоёр том эрхтэй. Хууль санаачлах, хуулинд хориг тавих. Нөгөөтөх нь явсаар байгаад парламентад олонх нь нэг нам, нөгөө намынх нь ерөнхийлөгч нь өөр намынх юм бол ерөнхийлөгчийн институт нь парламентийн сөрөг хүчин шиг гараад ирж байгаа байхгүй юу. Энэ нь ерөнхийлөгчийн дагасан, олонхийг дагасан гээд сонирхлын бүлэглэлүүд бий болгочихож байгаа юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх боломж одоогийн 76-д байгаа болов уу. Та юу гэж бодож байна?
-Би зарим хүнд байгаа гэж бодож байна. Ганц нэг улсуудаас цухалзаад байна билээ. Д.Энхбат, О.Чулуунбат хоёр телевизийн ярилцлагад ороод ярьж байхад нь анзаарсан. Үндсэн хуулийг өөрчилье гэхгүй байна лээ л дээ. Гэхдээ ерөнхийдөө миний бодоод байгаа чигийг тэд хараад байгаа юм байна гэж ойлгосон. Гагцхүү нэг болгоомжлол байгаа. Хэрэвзээ өнөөдрийнх шигээ гутал гутал дотроо хөлөө хийлцсэн нөхцөлд үндсэн хуулийг нээчихээд зөв хааж чадахгүй байх вий гэдэг. Тиймээс үүн дээр иргэний нийгэм хүчтэй орохгүй бол үндсэн хуулийг буруу хаачихвал бүр нээснээсээ долоон дор юм болох гэмтэй. Үндсэн хуулийн дараа сонгуулийн хуулийг яаралтай янзлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бизнесменүүд чинь одоо мэдээ үзэж байхад төрсөн нутагтаа “тийм хөшөө, ийм суврага босголоо” л гэнэ. Сонгуулийн ажил эхэлчихсэн байна. Хэрвээ 2012 онд сонгуулийн хууль, аргачлал энэ хэвээрээ байх юм бол аль аймагт хэн олон суврага босгосон нь гараад ирэх нь л дээ. Тэгэх юм бол дахиад л нөгөө 76 чинь гарна. Ийм нөхцөлд засаг төр, интернэт, хэвлэл мэдээлэл бүх зүйл иргэний боловсрол руу нэгдэж орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би улс орныг хөгжүүлэх зөв хүнийг сонгохгүй юм бол болохгүй юм байна гэдэг тэр ойлголтыг өгөх хэрэгтэй.

-Ирээдүй хойч үеийнхээ хувь заяаг худалдаж, авлигад өртөхгүйн тулд “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй юм шиг байна?
-Ерөөсөө л тэр шүү дээ. Шударга байя гэвэл өөртөө л үнэнч байх хэрэгтэй. Өөртөө үнэнч байна гэдэг чин л шударга шүү дээ. Жараад оны үед Р.Чойном хамгийн шударга бус хүн байсан шүү дээ. Одоо бол хамгийн шударга байгаа биз дээ. Тэгэхээр аль нийгэм байх нь чухал биш хүн өөртөө л үнэнч байх нь чухал.

-Төрийн зүгээс иргэдийг авлигадаад байгаа энэ буруу зүйлийг зогсоох, ядахдаа бууруулах боломжтой газар нь Авлигатай тэмцэх газар. Энэ байгууллагын үйл ажиллагааны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Зарим хүн “Авлигатай тэмцэх газар байгуулагдлаа. За тэрнийг барьж аваад цаазалчихна даа. Тэгэхээр ёстой нэг болно доо” гэдэг ч юм уу ийм байдлаар ярьдаг. Ийм замбараагүй юм хийнэ гэдэг ойлголт олон хүнд байдаг байж магад. Авлигатай тэмцэх газрын хамгийн том хийх ёстой ажил бол гэгээрлийн асуудал гэж би боддог юм. Миний сүүлчийн ярьснаар иргэний боловсролтой холбоотой. Түүнээс арван төгрөг авсан хүнийг барьж хорих нь шүүх байгууллагын асуудал. Судалгаа явуулах хэрэгтэй. Маш сайн судалгаа явуулах хэрэгтэй. Бараг эдийн засгийн тагнуулын сүлжээний түвшинд сайн судалгаа явуулах ёстой. Яадаг юм, Тагнуулын түвшинд хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол төрийн өндөр албан тушаалтны авлигыг яаж илрүүлэх юм. Гэхдээ ил тод, нарийвчилсан аргатай том судалгаануудыг явуулах ёстой. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хүчтэй хийж чадвал авлига багасна. Мэдээж авлига байгааг илрүүлэх нь ч чухал. Төр засаг тэрэн дээр нь дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ төр засаг дэмжлэг үзүүлнэ гэж байдаггүй юм шүү дээ ер нь. Төр засгийн зүгээс хийх ажил нь эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ёстой. Ингэснийхээ дараа түүнд зарцуулах хөрөнгийг нь шийдэж өгөх ёстой. Тэгээд л боллоо. Тэгээд л төр засаг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанаас зайлаад өгөх ёстой.

-Эрх зүйн орчин нь одоогоор хангалттай сайн бүрдээгүй л байгаа. Тэгэхээр яах болж байна вэ?
-Хэрвээ эрх зүйн орчин нь бүрдээгүй бол Авлигатай тэмцэх газар байх ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Хэнээс ч хамаарахгүйгээр ажилладаг түүнийг нь тогтоодог тийм эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй. Гэвч юунаас ч хамааралгүй, Авлигатай тэмцэх газрын дарга нь хэнээс ч хамааралгүй байвал Сталин ч бий болж болно. Аливаа зүйл хоорондоо уялдах ёстой. Холилдох биш уялдах ёстой. Холилдох,уялдах хоёр чинь шал өөр шүү дээ.

-Ардчилсан нийгмийн талаар?
-Ардчилал гэдэг чинь явж явж дүрэм журам зохиоё, түүгээрээ тоглоё л гэж байгаа юм. Түүнээс хүн бүхэн эрх чөлөөтэй дуугарна, шатааж, буудаж болно гэдэг ч юм уу тийм зүйл биш. Жишээ нь япон бол гайгүй ардчилсан орон шүү дээ. Гэтэл томоохон тайзан дээр нь тоглоё гэхэд 17 төрлийн зөвшөөрөл авах ёстой. Замбараагүй хүнд суртал байгаа биз. Манайх бол дуурийн театрын дарга руу утсаар ярьлаа. “Өвгөн чинь нэг концерт тоглоё, тайз нь чөлөөтэй юу, чөлөөтэй”. Ингээд л дурлалаа дуулна уу, юугаа дуулна хамаагүй. Ардчиллын суурь нь шатрын хөлөг байгаа байхгүй юу. Тэмээ тэмээнийхээ нүүдлээр, морь мориныхоо нүүдлээр л нүүнэ. Тэгээд шатраа тэр дүрмээрээ л тоглоно. Тэгэхээр манайх шатрынхаа хөлөг үндсэн хуулиа хийчихлээ. Тэгээд тэмээ тэмээнийхээ нүүдлээр нүүхгүй юм чинь яаж хожилцох юм. Тэгээд хүү чинь хамгаалалттай байдаг биз дээ, дандаа. Гэтэл хүүгээ урагш нь түлхчихээд хаячихна.

Их энгийн жишээ ярья л даа. Би нэг залуутай хоёулаа улаан гэрлээр орж байгаа юм. Яг зэрэг. Хоёуланг нь цагдаа шүгэлдээд зогсоолоо. Тэгээд над дээр ирээд “Жанцанноров гуай дахиж ингэж явж болохгүй шүү. Таныг уг нь торгох ёстой. Гэхдээ яахав. Таныг ухамсартай хүн учраас зүгээр өнгөрөөлөө” гээд байгаа юм шүү. Би харин ч ухамсаргүй үйлдэл хийж байхад чинь. Тэгээд намайг явуулчихаж байгаа юм. Дараагийн нөгөө залууг барьж аваад чи улаан гэрлээр орсон гээд торгож байгаа юм. Тэгэхээр өнөө залуу бодно. “Хэдэн хөгжим бичээ л биз, хэдэн төмөр зүүгээ л биз. Тэрийг торгохгүй байхдаа яадаг юм. Шударга ёс хаана байна” гэж. Тэгэхээр өнөө цагдаа нүүдлээрээ нүүхгүй байгаа байхгүй юу. Торгохоор бол хоёуланг нь торгох ёстой. Хэрвээ миний машины мотор тэр залуугийнхаас гурав дахин хүчтэй бол намайг гурав дахин илүү ч торгож болно. Хүн дайрвал бүр л аюултай. Тийм л байх ёстой. Тэр Жанцанноров хөгжмийн зохиолч байх нь ер нь ямар хамаа байна аа. Дүрэм зөрччихөөд байхад чинь. Яг үүн шиг аварга, бөх хүн очихоор нэг өөр, начин очихоор нэг өөр. Их хурлын гишүүн очихоор нэг өөр, багийн дарга очихоор өөр байж болохгүй шүү дээ. Нүүдлээрээ л нүү. Хүн бүхэн. Энэ л эрх чөлөө мөн. Тамхи татахгүй газар тамхи татвал ерөнхий сайдыг ч торго. Тэгэхгүй бол л шударга ёсны тухай асуудал байхгүй болно.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын шударга бус үйлдлийн талаар их л ярих болж?
-Төрийн өндөр албан тушаалтнуудыг тэр дээшээ гарахаас нь өмнө хязгаарлалт тавьсан хуулиуд байх ёстой. Хэрвээ төрийн өндөр албан тушаалд очих гэж байгаа бол та төрөө, эсвэл морио сонгоно оо. Хэрвээ үнэхээр монголын ард түмэнд юм хийх гэж байгаа л бол морио хаях хэрэгтэй. Өөр арга байхгүй. Тийм учраас их хурал, засгийн газрын гишүүн болохын тулд замбараагүй олон ёс зүй, ёс суртахуун, боловсрол, эдийн засгийн хязгаарлалтуудыг тавьж өгөх ёстой. Тэр дээсийг алхаж байж болдог. Тэр чөдөрт эх орныхоо төлөө юм хийнэ гэсэн аавын хүү л явах ёстой. Тэгж л өөрийгөө буулганд хийж илжиг болох ёстой. Ард түмний илжиг. Амьжиргаа сайжруулах ямар ч нөхцөл байхгүй. Тэгж зүтгэх ёстой. Ингэхгүйгээр явахгүй. Түүнээс 801 хүний нэр цуглуулаад ордог тийм дээрэмчин гэж хаа байсан юм. Тэгээд тийм хүнээр улс орноо жолоодуулдаг гэж хаа байсан юм. Энэ мэт үндсэн том асуудлаа шийдэхгүйгээр цаашаа явахгүй.

Гэхдээ нөгөө талаасаа ард түмний илжигнүүдийг хайрлаж хамгаалах ёстой. Би боддог юм. Сайд нарын дэлгүүр ч байж болно. Төрийн өндөр албан тушаалтны тусгай эмнэлэг байж болно. Тэд нараар илжгээ хийлгэж байгаа юм чинь тэдэнд тэр хэрийн зүйлийг өгөх ёстой. Сайд дэлгүүрээр явж мах цуглуулна гэж юу байх вэ. Тийм цаг, заваа төрийн үйлчилгээндээ зориулах ёстой.

-Иргэд төрдөө итгэх ямар ч итгэлгүй болсон харагдах юм?
-Би жишээлбэл гэрэлт коммунизмд үнэн голоосоо итгэж байсан. Тийм итгэлийг би өөрөө олж авсан юм биш. Надад олгосон байхгүй юу. Ажлаас гадуур дугуйлангүй юм байхгүй. Тэр дугуйлан бүрт нь гэрэлт коммунизмаа ухуулна. Тэгээд би социализмд итгэсэн. Тэгээгүй бол би бөөс хуурстайгаа л явах ёстой байсан. Тэгэхээр төр юм чинь бас нэг өөрийн гэсэн сурталтай байх ёстой байхгүй юу. “Чиний төлөө ийм зүйл байгуулах гэж байгаа учраас иргэн чиний талаас ийм юм хэрэгтэй байна. Тийм болохоор иргэний боловсрол гэж ийм зүйл чамд өгнө. Үүнд чинь тэдэн тэрбум төгрөг төсөвлөсөн учраас чи сурах ёстой” ч гэдэг юм уу.

-Хэрвээ та УИХ-д нэр дэвшвэл ямар зорилго тавих вэ?
-Би дэвшихгүй л дээ. Сумын засаг дарга жишээлбэл хийх ажил байхгүй шүү дээ. Сумын дарга, багийн даргын үндсэн үүргүүдийн нэг нь иргэний боловсролын асуудал байх ёстой. Дахиад үндсэн хуультай холбоотой асуудал гарч ирж байна. Суман дээр юу байна, хэн байна. Засаг даргын тамгын газар, тэнд ажилладаг нөхдүүд, тэдний гэр бүл. Улсаас иддэг хэсэг. Сургууль, түүний албад, гэр бүлийнхэн нь. Мөн төсвөөс мөнгө иддэг. Эмнэлэг, түүний албан хаагчид гэр бүл, иднэ ээ. Хэсгийн төлөөлөгч нэг цагдаа иднэ ээ, байгаль хамгаалагч иднэ ээ. Ингээд 320-иод суман дээр чинь мөнгө бүтээж байгаа газар 300-аадад нь байхгүй. Үлдсэнд нь бий л дээ. Би нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Дийлэнх олонх нь л төсвийн мөнгөнөөс иддэг. Тэгээд манай төрийн бодлого гэсэн чинь сумдыг харж үзнэ ээ, өндөр хүчдэлийн шугам явуулна гээд л өчнөөн олон зуу, мянган км явуулаад, өнөө хэдэн тооны иддэг хүмүүст өндөр хүчдэлийн шугам хүргэнэ. Кабель явуулна аа гээд л. Түргэн тусламжийн тэрэг явуулна аа гээд л. Хэрвээ би Өвөрхангайгаас их хуралд дэвшвэл “сумаа татан буулгана, хоёр сумыг нийлүүлнэ. Бүх нүүх суух зардлыг улсаас гаргуулна. Тэгээд сум 20 багштай байсан бол 40 багштай болно. Энэ ажлыг хийх хуулийг санаачлана” гээд л үзэж тарна. Тэгэхгүй тэгээд хэдий болтол энэ хэдэн сумдыг амьдруулах ч үгүй, үхүүлэх ч үгүй байлгах гээд байна вэ. Ямар нэгэн төвлөрлүүдийг бий болгохгүйгээр эдийн засаг хөгждөг юм уу.

-Тэгвэл та гарахгүй л байх?
-Тэгвэл намайг зуун хувь эсэргүүцнэ.

О.Ариунбилэг