Т.Мөнхтунгааг: “Иргэний хэлсэн гомдол дахин давтагдахгүй байх нь чухал” /2008.11.12/

A- A A+
Т.Мөнхтунгааг: “Иргэний хэлсэн гомдол дахин давтагдахгүй байх нь чухал” /2008.11.12/
Манай сонин Авлигатай тэмцэх газартай хамтран “1969 мэдээлж байна” булан ажиллуулах болсон билээ. Үүнтэй холбогдуулан тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.

-1969 утсаар хэчнээн гомдол, мэдээлэл иргэдээс ирүүлдэг вэ?
-Долоо хоногт 30 гаруй гомдол, мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан цагаас иргэдээс авлигын гэмт хэргийн шинж чанартай гомдол, мэдээлэл хүлээн авч эхэлсэн. Дийлэнх нь хүнд сурталтай холбоотой мэдээлэл эзэлж байна. Манай газраас төрийн байгууллагын авлига, хүнд суртлыг илчлэх сурталчилгааны аян зохион байгуулж эхэлсэн. Хэрвээ та анзаарсан бол төрийн байгууллагын албан тушаалтнуудын өрөөний хаалганы харалдаа, эсвэл ширээний нь орчим ”Энд авлига, хүнд суртал байвал 1969 рүү залга” гэсэн цэнхэр өнгийн наалт байгаа. Бидний хүргэж өгсөн энэхүү наалтыг наагаагүй, сурталчилгааны зурагт хуудсыг байрлуулаагүй газрууд ч бас бий. Энэ байгууллагууд бол авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй, төрийн албыг мөнгөөр худалдахад бэлэн газрууд гэж ойлгогдож байгаа. Энэ талаар ч бид удахгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болно. Үүнд төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллаж байгаа.

-Энэ утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
-Иргэдийн ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд Авлигатай тэмцэх газар бодитой хандаж байгаа. Зарим гомдол, мэдээллийн мөрөөр төрийн байгууллагууд руу тухайн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар шаардлага илгээж, арга хэмжээ авахуулдаг. Түүнчлэн зарим байгууллагын удирдлагуудтай тусгайлан уулзаж байна. Энэ ажил бол манай дотоодод тасралтгүй хийгдэж буй ажил. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан, ялангуяа танай сонины хуудсаар дамжуулан “1969 мэдээлж байна” булан нээж, иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээллийг цувралаар олон нийтэд хүргэх нь иргэний хяналтын дор төрийн үйлчилгээг сайжруулах илүү бодитой ажил болох юм.

-Иргэний гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан төрийн байгууллагад ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн гол нь иргэний хэлсэн гомдол тэр байгууллагад дахин давтагдахгүй байх ёстой юм. Тиймээс иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд нэр дурдагдаж буй төрийн байгууллага, түүний албан тушаалтнууд хойшдоо анхаараач, ажил албандаа ахиц дэвшил гаргаач, иргэдийг дахин бүү чирэгдүүлээч гэсэн үүднээс “1969 мэдээлж байна” буланг “Нийгмийн толь” сонинтой хамтран ажиллуулж байгаа юм.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл багасна гэдэг нь авлига хүрээгээ төдий хэрээр хумина л гэсэн үг. Тиймээс хүнд суртлыг авлига болж гаарахаас нь өмнө иргэдийнхээ оролцоотойгоор багасгах учиртай. Иргэдийн гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан төрийн байгууллагын албан тушаалтнууд, удирдлагуудад Авлигатай тэмцэх газрын хаалга нээлттэй байгаа. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бид бүх төрлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.