Д.Дуламсүрэн: Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас хэн ч үзэж болно /2009.07.17/

A- A A+
Д.Дуламсүрэн: Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас хэн ч үзэж болно /2009.07.17/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Танай байгууллагаас санаачилсан “Ил тод байдлыг илтгэх үзүүлэлт батлагджээ. Шалгуур үзүүлэлтийг бий болгосноор авлигатай тэмцэх эхний алхам болох уу?
- Авлига, хүнд суртлыг үүсгэдэг шалтгааны нэг нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод бус байдал бөгөөд иргэд төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл муутай байдгаас төрийн үйлчилгээ авах, мэдээлэл олж авахын тулд танил талаа хайх байдалд хүрэх сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг нь нээлттэй болгох, мэдээллийг хүртээмжтэй байлгах, ажилтнуудын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Хамтарсан ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдаж, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Б.Долгор сайд даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь яамдын удирдлагууд манай байгууллагын дарга ордог ба миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь ажилладаг. Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөнд “Ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг батлахаар тусгасан байгаа. Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор төрийн байгууллагууд ил тод ажиллаж байгаа эсэхийг хэрхэн үнэлж болох талаар манай байгууллага судалж үзээд энэхүү үзүүлэлтийг гаргаж, Засгийн газарт хүргүүлэн, Засгийн газраас энэ оны 143 дугаар тогтоолоор уг үзүүлэлтүүдийг баталсан. Засгийн газрын гишүүд агентлагийн дарга болон Засаг дарга нартай байгуулах үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуур болгон дүгнэж байх юм.

-Албан тушаалтнуудыг хянах ёстой Авлигатай тэмцэх газар нь Засгийн газартай хамтарч ажиллахаар юу болох вэ гэсэн шүүмжлэл гарч байсан?
-АТГ нь хараат бус, бие даасан төрийн тусгай байгууллага. Авлигатай тэмцэхэд манай байгууллагын төдийгүй төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн хамтын оролцоо нэн чухал. Эдгээр нь авлигыг таслан зогсооё, шударга ёсыг тогтооё гэсэн нэгдсэн нэг хүсэл зоригтой байж, нийгмийн энэ сөрөг үзэгдэлтэй хамтран тэмцэж үр дүнд хүрнэ. Авлигын эсрэг хуулиар ч тэд тодорхой үүргийг хүлээж хэрэгжүүлэх ёстой. АТГ нь улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иргэдтэй хамгийн ойрхон тулж харьцдаг, төр засгийн бодлогыг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид төрийн захиргааны байгууллагад ажиллаж байна. Засгийн газартай хамтарч ажиллана гэдэг нь төрийн үйлчилгээ үзүүлж, иргэдтэй харилцаж байгаа бүх төлөөлөгчтэй ажиллаж байна гэсэн үг.

-Танай байгууллагынхан төрийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулж байгаа гэж байсан?
-Төрийн албан хаагчид мэргэжлийн чиглэлээр сургалтад түлхүү хамрагддаг, харин төрийн байгууллагын ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллах болон ёс зүйн дүрмээ хэрхэн баримталж ажиллах талаар тусгайлсан сургалтад хамрагдаагүй байдаг. АТГ байгуулагдсанаар төрийн албан хаагчид ёс зүйн дүрмийг сахин мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын төвшинд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байгаа. Тухайн байгууллага хэдийгээр ёс зүйн дүрэмтэй, баримтлах ёстой хэм хэмжээг заасан байдаг ч хяналт тавих механизмыг бүрдүүлж чадаагүй байдаг. Тэгэхээр ажилтнуудад сургалт явуулснаар “ёс зүйн хэм хэмжээний дүрмийг баримталж ажиллана, зөрчвөл хариуцлага хүлээнэ” гэдгээ ухамсарлан алдаа дутагдал гаргахгүй ажиллахад нь зохих нөлөө үзүүлдэг гэж хэлж болно.

-Төрийн албан хаагчид ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ. Хуульд юу гэж заасан байдаг вэ?
-Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид хориглох зүйл, хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан байдаг. Авлигын эсрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мөн зохих хариуцлагыг хүлээлгэхээр тусгасан. Түүнээс гадна төрийн албан хаагчид Засгийн газраас баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний тухай дүрмийг нийтлэг байдлаар мөрддөг. Гэхдээ уг дүрмэнд ямар нэг хариуцлагыг тусгаагүй, 1999 онд батлагдсан буюу 10 жилийн өмнөх дүрэм болохоор шинэчлэх шаардлага байгаа. Энэ дүрмийг шинэчлэх талаар АТГ Төрийн албаны зөвлөлд санал хүргүүлэн хамтран ажиллаж байгаа. Зарим байгууллагууд өөрийн байгууллагын ёс зүйн дүрмийг уг дүрэмтэй уялдуулан батлан мөрдөж байна. Уг дүрмүүдэд хүлээх хариуцлагын талаар заасан байгаа. Манай байгууллагын 1969 утсаар ирж байгаа гомдол, мэдээлэл ихэвчлэн төрийн албан хаагчдын хүнд суртал чирэгдлийн талаар байдаг бөгөөд тэр дундаа төрийн албан хаагчид “бүдүүлэг харьцдаг, олон цагаар хүлээлгэдэг, нааш цааш нь олон дахин явуулдаг, хуульд заагдаагүй бичиг баримт шаардаж байна” гэсэн гомдол зонхилдог.

-Сургалт явууллаа, шалгуур үзүүлэлт баталж, тараалаа. Энэ бүхний дараа ямар үйл ажиллагаа явуулах вэ. Энэ бүхний дараа хүнд суртал, авлига хэвээр байвал танайх яаж хариуцлага тооцох вэ?
- Төрийн байгууллагууд Ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хэрхэн ханган ажиллаж байгааг АТГ, ЗГХЭГ хамтран шалгаж үнэлж олон нийтэд мэдээлнэ. Хэрэв уг үзүүлэлтийг хангах талаар арга хэмжээ авч ажиллаагүй бол “тухайн байгууллага хаалттай, олон нийтэд ил тод биш байна гэдгийг мэдээлнэ гэсэн үг. Төрийн байгууллага иргэдээс ялангуяа АТГ-аас ийм үнэлгээ авна гэдэг бол авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох хүсэл сонирхолгүй байгууллага гэсэн үнэлэмжийг авч байна гэсэн үг. Эргээд байгууллагын нэр хүндийг сэргээхэд цаг хугацаа, хүн хүч, зардал гарна. Түүнээс гадна байгууллагын удирдлагын үйл ажиллагааг дүгнэхэд уг үзүүлэлтийг хэрхэн хангаж ажилласныг харгалзаж үзэх юм.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэвлэлийнхэн олон нийтэд хүргэдэг. Гэтэл төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэд төдийлөн харж байгаагүй?
- Авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна гэж заасан. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан Төрийн мэдээлэл эмхтгэл, байгууллагын цахим мэдээллийн хуудсанд байрлуулж олон нийтэд мэдээлдэг. Бусад албан тушаалтнуудын хувьд нэгэн адил хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна. Иргэн АТГ-т хандан хэн нэгэн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг үзье гэвэл АТГ-ын даргын баталсан журмын дагуу зохих мэдээллийг авч танилцах боломжтой.

“Монголын мэдээ” сонины сэтгүүлч С.Сосоржав