Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтанд заавал хариуцлага тооцох, хариуцлагыг чангатгах хуулийн төсөл боловсрууллаа/2009.09.04/

A- A A+
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтанд заавал хариуцлага тооцох, хариуцлагыг чангатгах хуулийн төсөл боловсрууллаа/2009.09.04/
Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдлыг хянан шалгах ажил хийж буйтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Энх-Амар дараах мэдээллийг өгч байна.

-Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлдэг ч бүгдэд нь хариуцлага тооцож байгаа байдал харагдахгүй байна. Тухайлбал, Дорнод аймгийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга гэх зэрэг албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон ч тэдэнд хариуцлага тооцсонгүй. Ямар учир шалтгааны улмаас ийм байдал үүсч байна вэ?

-Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтан бүрт хариуцлага тооцох боломжгүй байгаа нь одоогийн хууль тогтоомжийн холбогдох заалт оновчгүй байгаагаас болдог тал бий. Тухайлбал, манай газраас албан тушаалтан хөрөнгө, орлогоо хууль зөрчиж, худал мэдүүлснийг тогтоогоод, тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг харъяалсан байгууллагынх нь удирдлагад /даргад/ хүргүүлдэг.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж заасны дагуу албан бичиг хүргүүлдэг. Энэ хариуцлагыг тооцох эрх нь тухайн албан тушаалтныг харъяалах дээд байгууллага буюу байгууллагын удирдлагад байдаг. Энэ заалтыг бариад хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох боломжтой боловч хариуцлага тооцдоггүй. Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлснийг манай газар тогтоож, энэ албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичиг, албан шаардлагыг удаа дараа дүүргийн ИТХ, нийслэлийн Засаг даргад өнгөрсөн хавар хүргүүлсэн. Гэтэл ямар ч хариу өгөөгүй өдийг хүрч байна. Гаалийн ерөнхий газрын байцаагч Д.Пүрэвдулам гэдэг албан тушаалтны асуудал мөн адил. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав мөн л хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлснийг тогтоож, Авлигын эсрэг хуульд заасны дагуу энэхүү албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг аймгийн ИТХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ц.Жанлавын асуудлаар огт хариу ирүүлээгүй биш, аймгийн ИТХ хариу ирүүлсэн. Түүндээ хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол заавал албан тушаалаас нь огцруул гэсэн юм алга, үндэслэл болно л гэсэн байна гэж хариу ирүүлсэн. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон бол заавал хариуцлага тооцох, тооцох хариуцлагыг тодорхой болгож, чангатган хуульчилж өгөхөөс өөр аргагүй болж байгаа юм.

Дашрамд дурьдахад, манай байгууллага ажлын хэсэг гаргаж, Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцд Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хуулийн төсөл боловсруулж дуусаад, өргөн барьсан. Энэ төслийн нэг хэсэгт хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн нь тогтоогдсон албан тушаалтнуудад заавал хариуцлага тооцох, тооцох хариуцлагыг тодорхой болгож, чангатгах тухай Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан байгаа.

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлснийг шалгаж тогтоочихоод хариуцлага тооцохгүй орхичих юм бол төрийн албанд шударга ёсыг тогтоож чадахгүй. Тиймээс энэ талаарх хуулийн заалтыг улам боловсронгуй болгож, Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцд нийцүүлэх шаардлагатай юм.

Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцд хөрөнгө, орлогоо худал мэдүүлснийг хууль бусаар баяжих гэсэн томъёололд оруулан эрүүгийн хэрэг болгож хуульчилж өгөхөөр тусгасан байдаг. Уг конвенцд “төрийн албан тушаалтан санаатайгаар хууль бусаар баяжих, өөрөөр хэлбэл, өөрийнхөө орлоготой харьцуулахад их хэмжээний хөрөнгөтэй болсноо үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй чадахгүй тохиолдолд үүнийг эрүүгийн ял хүлээлгэх үйлдэл хэмээн тооцоход шаардлагатай хууль тогтоох болон бусад арга хэмжээ авах” гэж заасан байгаа.

Авлигыг таслан зогсоож, авлигаас амжилттай ангижирсан орнуудын туршлагаас харахад төрийн албан тушаалтан хөрөнгийнхөө эх үүсвэрийг заавал зааж өгөх, үнэн зөв мэдүүлэх гэж хуульчилж өгсөн байдаг. Төрийн албан дахь авлигыг таслан зогсооход энэ зайлшгүй шаардлагатай.

-Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажил өнгөрсөн жилээс нэлээд эрчимтэй хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, санаатай худал мэдүүлсэн хэчнээн албан тушаалтан байгааг тогтоосон байна вэ?

-Хяналт шалгалтаар нийтдээ 500 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан бөгөөд шалгалтад хамрагдсан ихэнх албан тушаалтнууд хуулийн дагуу хугацаанд нь үнэн зөв мэдүүлсэн байгаа.  Хууль зөрчиж мэдүүлсэн 33 албан тушаалтан байна.

Эдгээрээс Дорнод аймгийн ерөнхий аудитор, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер гэсэн хоёр албан тушаалтныг ажлаас нь халсан. Мөн дөрвөн албан тушаалтанг сануулах, цалингийн тодорхой хувиар торгох арга хэмжээ авсан тухайгаа тухайн байгууллагаас манайд хариу мэдэгдсэн. Ямар арга хэмжээ авсан тухайгаа огт хариу мэдэгдээгүй Баянгол дүүргийн ИТХ тэргүүтэй гурван байгууллага байна.

Хамгийн сүүлд хяналт шалгалтын ажлын хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, яаж олсон эх үүсвэрээ заагаагүй буюу тухайн хөрөнгө, орлогоо хэрхэн олсон талаар тайлбар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаад Улаанбаатар төмөр зам, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Ашигт малтмалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар зэрэг нэр бүхий 8 төрийн байгууллагын 22 албан тушаалтан хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн болохыг тогтоосон.

Албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн эдгээр найман байгууллагын удирдлагуудад Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасны дагуу хууль зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг сануулсан албан бичиг наймдугаар сарын 25-нд хүргүүлсэн. Хуульд заасан хугацааны дагуу дээрх байгууллагын удирдлагууд албан тушаалтнууддаа ямар хариуцлага тооцсон талаараа 9 дүгээр сарын 15-ны дотор манай газарт хариу мэдэгдэх үүрэгтэй.

-Хариу мэдэгдэхгүй байгаа Баянгол дүүргийн ИТХ шиг байгууллагуудын удирдлагад тооцох ямар нэг хариуцлагын механизм байна уу?

-Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн аваад, түүний дагуу холбогдох арга хэмжээг авсан эсэх тухайгаа хариуг хугацаанд нь өгөөгүй албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгох заалт Авлигын эсрэг хуульд бий. Хуулийн энэ заалтыг чангатгах талаар ч шинээр боловсруулсан хуулийн төсөлд тусгаж өгсөн.