Г.Бадарч: Манай нэг ч албан хаагчид төрөөс байр олгоогүй байна /2009.10.06/

A- A A+
Г.Бадарч: Манай нэг ч албан хаагчид төрөөс байр олгоогүй байна /2009.10.06/
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчтай уулзаж, дараах асуултад хариулт авлаа.

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өглөө. Энэ зөвлөмжийг яаж хэрэгжүүлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа өмнөх Олон нийтийн зөвлөлийг хүчингүй болгож, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилсон. Мөн Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг баталсан.

АТГ-ын 14 албан хаагчид ямар шалгуур, үзүүлэлтээр орон сууцны дэмжлэг үзүүлснийг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлж, өөрийн веб сайтдаа байрлуул гэж зөвлөмжид оруулсан байсан.

АТГ-ыг анх байгуулж, Авлигын эсрэг хуулийг батлах явцдаа хууль тогтоох дээд байгууллагын зүгээс энэ байгууллагад ажиллах албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, хөндлөнгийн нөлөөлөлд орох, хараат бус байдалд орохоос сэргийлж Авлигын эсрэг хуульд “орон сууцаар хангахдаа улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн заалт оруулж өгсөн.

Одоогийн байдлаар төрөөс АТГ-ын нэг ч албан хаагчийг орон сууцаар хангаагүй байгаа. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Сангийн сайдын тушаал, мөн дээр дурдсан хуулийн заалтыг үндэслээд манай байгууллага зарим ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 14 албан хаагчдаа мөнгөн тусламж олгосон.

-Ямар шалгуураар олгосон юм бэ?

-Дэмжлэгийг хуулийн хүрээнд олгосон. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудитын байгууллагаас хоёр ч удаа шалгалт хийсэн. Энэ шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллагын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ чиглэлийн комисс томилж ажиллуулсан. АТГ-ын нийт албан хаагчдын 60 шахам хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа. Тэдний дотор орон сууцны асуудлаа шийдвэрлээгүй гэр бүл байсан. Тиймээс тэд “Авлигын эсрэг хуульд заасны дагуу орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлээч” гэсэн өргөдөл гаргасан. Бид өргөдөл өгсөн хүмүүсийн дотроос дараалал, улсад ажилласан жил, ажлын үр дүн, тухайн албан хаагчийн гүйцэтгэж байгаа үүрэгтэй холбогдон гарч болох эрсдэл зэргийг харгалзан олон талаас нь авч үзэж дээрхи комиссоор ярилцаад орон сууц худалдан авахад нь дэмжлэг болгох мөнгөн тусламж үзүүлсэн. Гэхдээ энэ тусламж нь бүрэн хэмжээний орон сууц худалдан авахад хүрэлцэхгүй.

-Төсвийн хөрөнгөөс гаргасан байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-Мөнгөний эх үүсвэр гэхээр манай байгууллагын санхүүгийн ангилалд нэг удаагийн тэтгэмжийн гэж ангилал бий. Мөн Сангийн сайдын гаргасан тушаалын дагуу “Байгууллагын хэмнэлтээс нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж болно” гэсэн заалт байгаа. Ингэж нэг удаагийн тэтгэмж, хэмнэлтээсээ нийлүүлээд дэмжлэг үзүүлсэн.

-Ямар хэмжээний тусламж үзүүлсэн бэ?

-Албан хаагчдад тухайн үеийн боломж нөхцөлөөс шалтгаалаад 10-15 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.

С.Сосоржав /Үндэсний шуудан сонин/