Ч.Сангарагчаа: Улс төрийн аргаар төрийн байгууллагыг дөрлөж болохгүй /2009.10.06/

A- A A+
Ч.Сангарагчаа: Улс төрийн аргаар төрийн байгууллагыг дөрлөж болохгүй /2009.10.06/
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбогдох мэдээллийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа-
Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг тойрсон элдэв мэдээлэл сүүлийн хэд хоног хэвлэлийн хуудаснаас салсангүй. Гадуур ярьж буй асуудал үнэн эсэх, яагаад ийм мэдээлэл гарах болов гэдэг талаар тус газрын дарга Ч.Сангарагчаатай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн 263, 264, 265, 266 дугаар зүйлд заасан албан тушаалын гэмт хэргүүд бүхэлдээ мөн Эрүүгийн хуулийн 269, 270 дугаар зүйл ангийн авлигын гэмт хэргүүд хэсэгчлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Энэ нь Авлигатай тэмцэх газрын хамт олны ажлын эцсийн үр дүнд хүнд цохилт болсон-

-Энэ оны долдугаар сарын 9-нд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд танай харьяаллын нэлээд олон хэрэг багтаж хэрэгсэхгүй болсноор АТГ ажилгүй болоход хүрсэн гэж үзэх хүмүүс байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Авлигатай тэмцэх газрын харъяаллаар шалгадаг Эрүүгийн хуульд заасан зүйл ангийн авлига, албан тушаалын гэмт хэргийн 80 хувь нь хамрагдсан.
Цаашид 2009 оны зургадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг Авлигатай тэмцэх газраас хэчнээнийг илрүүлсэн ч энэ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, сэжигтэн, яллагдагч шүүгдэгчдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн орчин энэ Өршөөл үзүүлэх тухай хуулиар буй болсон.

Жишээ нь, Эрүүгийн хуулийн 263, 264, 265, 266 дугаар зүйлд заасан албан тушаалын гэмт хэргүүд бүхэлдээ мөн Эрүүгийн хуулийн 269, 270 дугаар зүйл ангийн авлигын гэмт хэргүүд хэсэгчлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Энэ нь Авлигатай тэмцэх газрын хамт олны ажлын эцсийн үр дүнд хүнд цохилт болсон. Өршөөлийн хуулиар зөвхөн авлигатай тэмцэх газрын харъяаллын хэргүүд өршөөлд хамрагдсан бус бусад байгууллагын харъяаллын албан тушаалын гэмт хэргүүд мөн хамрагдсан. Тухайлбал, цагдаагийн байгууллагын харъяаллын Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйл ангид заасан албан тушаалтан хурамч баримт бичиг үйлдэх, 272 дугаар зүйлд заасан албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх мэт гэмт хэргүүд байгаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрүүгийн хуульд авлигын гэх нэг ч заалт байдаггүй юм байна гэж байгаа. Гэтэл манай Эрүүгийн хуульд 263-272 хүртэлх зүйл заалтад НҮБ-ын конвенцод заасан авлига гэж юуг ойлгох вэ гэсэн ойлголтод хамаарах хэрэг байгаа. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг агуулсан хэд хэдэн зүйл заалт бий. Авлигын гэмт хэргийн шинж бүрэлдэхүүнтэй зүйл заалт Эрүүгийн хуульд байгаа л бол заавал авлига гэдэг үг байх нь гол асуудал биш юм. Миний дээр дурьдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд нь авлига гэж юуг хэлэх талаар Авлигын эсрэг хуулийн тодорхойлолтод бүрэн хамарч байгаа юм.
Авлигалын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлал, зарчим ч ийм байдаг.

-Таныг болон танай дэд даргыг авлигын хэрэг үйлдсэн гэж зарим хэвлэлээр бичээд байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хэвлэлээр гарсан энэ мэдээлэл үндэслэлгүй гүтгэлэг. Авлигатай тэмцэх газрыг ямар ч аргаар хамаагүй нийгэмд харлуулах гэсэн оролдлого юм. Өнөөдөр албан тушаалын төлөө улайрсан дайралт явагдаж байна. Улстөрийн аргаар төрийн байгууллагыг удирдаж болохгүй.

Авлигатай тэмцэх газрын хамт олны хийсэн ажил, үр дүнг үгүйсгэх, бүхэлд нь нийгэмд харлуулан харагдуулах зохион байгуулалттай ажил, явуулга хийгдэж байна. Төрийн байгууллагыг улс төрийн аргаар дөрлөж болохгүй. Энэ зарчмаар Авлигатай тэмцэх газрын удирдлагыг гүтгэх, авлигач болгон харагдуулах гэсэн зорилготой ажил явагдаад байна.



-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-т шалгаж эхэлж байгаа талаар зарим сониноор мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбогдох мэдээллийн үнэн бодит байдлыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д дахин хандах болсон гэдэг нь үнэн үү. Тэдний гэмт хэрэг үйлдсэнийг танайхан хангалттай нотлох баримтаар тогтоож чадсан уу?

-УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Авлигатай тэмцэх газраас Улсын ерөнхий прокурорт тавьсан.
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа одоогоор тавиагүй байна.

-С.Эрдэнийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахдаа танай харьяаллаас гаргаж цагдаагаар шалгуулсан нь ямар учиртай юм бэ?

-Ямар хэргийг, хаана шалгуулах харъяаллаа тогтоох нь прокурорын эрхийн асуудал.

-АТГ-ын даргын хувьд та гадаад харилцаагаа бэхжүүлэхээр ямар ажил хийж байна вэ. Бусад орны энэ чиглэлийн байгууллагаас манай АТГ-ын давуу болон дутагдалтай тал юу байна вэ?

-Авлигатай тэмцэх газар байгуулагдсан энэ богино хугацаанд гадаад харилцаагаа бэхжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар 2008 онд Авлигын эсрэг байгууллагуудын олон улсын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элссэн ба бид тус байгууллагын хоёр удаагийн хуралд оролцсон. Өнгөрсөн онд Украйн улсын Киев хотноо зохион байгуулагдсан хурал дээр би Монгол Улсын авлигатай тэмцэх хууль эрх зүйн тогтолцоо, зохион байгуулж буй арга хэмжээний талаар илтгэл тавьсан.

АНУ-д Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн асуудлыг хариуцан ажилладаг төрийн департамент, Хууль эрх зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Засгийн газрын ёс зүйн алба зэрэг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоосон.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан туршлага мэдээлэл солилцох, хамтран ажиллах санаачлага гарган БНХАУ-ын Авлигаас урдчилан сэргийлэх үндэсний газарт хандаж ажилласны үр дүнд харилцан айлчлал хийж хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурахаар шийдвэрлээд байгаа.

Түүнчлэн, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага – Интерполтой хамтран ажиллах талаар албан бичиг солилцон, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах асуудлаар дэлхийн улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан Интерполын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан албатай хамтран ажиллахаар болоод байна.

Авлигатай тэмцэх газрын гадаад арга хэмжээ, хамтын үйл ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Сингапур улсын Авлигын хэрэг мөрдөх товчоо, Малайз улсын Авлигын эсрэг агентлаг, АБНЕУ-ын Захиргааны хяналтын алба, Хонг Конг, Макаогийн Авлигатай тэмцэх байгууллагад айлчлан танилцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

-Саяхан танайд зөвлөхөөр ажиллаж байгаа Тони Квок манай сонинд ярилцлага өгөхдөө Монголоос өөр оронд авлигачиддаа өршөөл үзүүлэхийг хараагүй гэсэн байсан. Өршөөлийн хууль нүдээ олсон уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийг бид хэрэгжүүлэх л үүрэгтэй. Өршөөлийн хуулийг нүдээ олсон эсэхийг иргэд, олон нийт л дүгнэнэ. Авлигатай тэмцэх газар дүгнэхгүй.

Харин хэрэгжүүлэхэд гарч байгаа бодит үр дүнг Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Олон улсын шинжээч, зөвлөх Тони Квок авлигатай тэмцэж, амжилтад хүрснээрээ олон улсад жишиг болдог Хонг Конгийн Авлигтай тэмцэх газарт 27 жил ажилласан өндөр мэдлэг, туршлагатай хүн. Олон улс оронд очиж энэ чиглэлээр ажилладаг хүн байгаа. Энэ хүн Монголоос өөр оронд авлигачиддаа өршөөл үзүүлж байхыг хараагүй гэж байсан.

2008 оны есдүгээр сарын 8-10-нд Филиппин улсад Ази, номхон далайн авлигын эсрэг санаачилгын удирдах бүлгийн уулзалт, семинар болсон. Энэ семинар уулзалтын үеэр гэхэд л хэд хэдэн хуралдааныг удирдан явуулсан, олон улсад нэр хүндтэй хүн билээ.

Дашрамд хэлэхэд, энэ арга хэмжээний хөтөлбөрт Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хараат бус бие даасан байгууллага сэдэвт илтгэл тавиулахаар надад ирүүлсэн урилгын дагуу оролцож, илтгэл тавьсан. Илтгэлийн дараа АНУ, Малайз зэрэг хэд хэдэн улс орны төлөөлөгчид Монголын Авлигатай тэмцэх газрын онцлог, хараат бус байдлаас сурах, судлах зүйл байна, Авлигатай тэмцэх байгууллагын амжилттай ажиллах гол үндэс нь бие даасан хараат бус байдал гэдгийг тэмдэглэж байсан.

-Танайхыг том том авлигачдыг шалгахгүй, жижигхэн “хулгана, зурамханаар” оролдож байгаа гэж олон нийт үздэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Авлигатай тэмцэх газар байгуулагдаад хоёр жил гаруй хугацаанд 38,5 тэрбум төгрөгийн хохиролтой эрүүгийн хэргүүдийг шалгалаа.
Энэ хэргүүдийн дотор жижиг ч байна, том ч байна.
Жишээ нь, төрийн албан тушаалтан найман хүн байна. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуульд заасныг үгээр биш үйл ажиллагаагаараа Авлигатай тэмцэх газрын хамт олон хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Шударга ёсыг бэхжүүлэхэд Авлигатай тэмцэх газрын хамт олон нийгэмд ямар ч байсан оч асаасан гэж иргэд талархлаа илэрхийлж, иргэд хөдөө орон нутгаас хүртэл ирж уулзан, энэ ажлынхаа гарааг улам эрчимжүүлээрэй гэж захиж байгаа. Үүнийг Авлигатай тэмцэх газрын хамт олонд итгэх иргэд олон түмний итгэлийн оч ассан гэж ойлгож, хүлээж авч байгаа.

Харин энэ очийг бадраах нь Авлигатай тэмцэх газрын хамт олны эрхэм зорилт мөн бөгөөд авлигатай тэмцэх талаар эхлүүлсэн ажлаа тууштай хэрэгжүүлэх болно.

-Ерөнхийлөгчийг дуудаж уулзахаас өмнө танайхан уулзах хүсэлтээ тавьж болоогүй юм уу?

-Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай уулзахдаа би энэ хүсэлтийг тавьсан. Одоогоор боломжгүй байна гэсэн хариуг өгч байсан.

-Энэ уулзалтын үеэр танай ажлыг хангалтгүй гэж Ерөнхийлөгч дүгнэсэн. Бас танай олон нийтийн зөвлөлийн гишүүн Ж.Батзандан ч хэвлэлд ийм утгатай ярилцлага өгсөн байсан.
Ингэж дүгнэснийг та юу гэж үзэж байна?

-Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа эхлэн авлига, хүнд сурталтай тэмцэх, ажлыг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу бүх чиглэлээр явуулж, Монгол Улсад авлига, хүнд сурталтай тэмцэх ажлыг урьд нь ямар ч байгууллага хийж байгаагүй өргөн хүрээнд хийсэн.

Авлигатай тэмцэх газрын хамт олон төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, бизнес эрхлэгчидтэй хамтран авлига, хүнд сурталтай тэмцэх, шударга ёсыг тогтоох анхны алхмуудыг хийж, цаашид амжилттай ажиллах хөрсийг бүрдүүлэн үрийг соёолуулсан. Өндөр эрсдэлтэй энэ ажлыг хийж байгаа төрөл бүрийн мэргэжил боловсролтой олон сайхан залуучууд, мэргэжлийн өндөр чадавхи, өргөн их туршлагатай төрийн албан хаагчид хамт олноороо би бахархдаг.

Авлигатай тэмцэх гэдэг бол амь дүйсэн ажил гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үеэрээ болон тангараг өргөх ёслолын үйл ажиллагаан дээр хэлсэн. Харин одоо энэ амь дүйсэн ажлыг хийж байгаа авлигатай тэмцэгчдийг авлигатай тэнцүүлэн дүгнэж байгаад манай хамт олон харамсаж байна.

Г.Цолмон /Өнөөдөр сонин/