Б.Батзориг: Авлигыг оношилж, яаж тэмцэх аргаа олно /2009.10.16/

A- A A+
Б.Батзориг: Авлигыг оношилж, яаж тэмцэх аргаа олно /2009.10.16/
АТГ-аас хоёр жилд нэгээс доошгүй удаа авлигын индексийн судалгаа гаргаж, олон нийтэд тайлагнах учиртай. Энэ судалгааны ажлыг хэрхэн хийж байгаа болон авлигын индекс гэж юуг хэлдэг талаар АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-Авлигын индекс гэж юуг хэлээд байна вэ?
-Авлигын индексийг Авлигын тухай хуульд зааснаар АТГ гаргах үүрэгтэй. Үүнийг хоёр жилд нэгээс доошгүй удаа судалж, дүнг нь олон нийтэд тайлагнана. Авлигын индекс гэдэг нь авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааны үзүүлэлтүүдийн нэгдсэн үнэлгээ юм. Тухайлбал, “Транспэрэнси интернэшнл” байгууллагынхан авлигын индексийг 0-10 гэсэн үнэлгээгээр хэмжиж гаргадаг. Өөрөөр хэлбэл, 10 -руу ойртох тусам авлига багатай, оршин тогтнох үндэс суурь байхгүй гэсэн үг. Дани, Шинэ Зеланд, Швед гэсэн улсууд 9.3 гэсэн үнэлгээтэй. Харин хамгийн бага нь Сомали Улс 1, 0 гэсэн үнэлгээтэй. Энэ нь авлига үүсэх эрсдэл маш их гэсэн үг. Манай орны хувьд гурав гэсэн үнэлгээтэй байгаа. АТГ-ыг байгуулж байхад 2.8 гэсэн үнэлгээтэй байсан. Үүнээс хойш 0.2 функтээр сайжирсан байгаа юм. Мэдээж, ингэж сайжирсан үндэслэл нь манай улс Авлигын эсрэг хуулиа шинэчлэн баталж авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулсантай холбоотой. Гурав гэсэн үнэлгээ бол Монгол Улсад авлига үүсч хөгжих хөрс суурь бүрэлдсэн, эрсдэл их гэсэн үг. Гэхдээ эрсдэл өндөртэй юу, үгүй юү, авлига их үү, бага уу гэдгийг судлаач нар өөр өөрсдийнхөөрөө тодорхойлдог юм.

-Улсынхаа авлигын индексийг тодорхойлох судалгааны ажил ямар шатанд явж байна вэ. Хэзээ дуусгаж, үр дүнг нь тайлагнах вэ?
-Манайхан 21 аймаг орон нутагт ажиллаж байгаа. Бид энэ ондоо багтааж, арванхоёрдугаар сар гэхэд индексээ гаргаж олон нийтэд мэдээлнэ. Манай байгууллагын гаргах индекс олон улсынхаас өөр л дөө.

-Юугаараа өөр вэ?
-Олон улсын байгууллагууд төдийгүй улс орон бүр авлигыг хэмжих чиглэлээр олон зүйл хийж байгаа. Авлигыг ихэвчлэн иргэдийн төсөөлөлд тулгуурлан хэмжих оролдлого хийдэг. Тэр нь ерөнхийдөө авлига ийм төвшинд байна гэж иргэдийн төсөөлөл дээр л тулгуурладаг. “Монголд авлига их байна уу” гэж асуухаар хүмүүс авлигад өртөөгүй мөртлөө “их” гэж хариулдаг. Хүмүүс голдуу өөрийн бодсоноороо хариулдаг. Үүнийг төсөөллийн гэж байгаа юм. Гэхдээ утаа гарч байгаа бол гал ямар нэгэн байдлаар гарч байгаа гэдэгтэй адил иргэдийн төсөөллийн судалгаа нь авлигын индекс гаргах судалгааны ажлын хамгийн чухал нь.

АТГ зургаан төрлийн судалгаанд тулгуурлан индекс гаргана. Мөн индексийг 21 аймгаар, яам, агентлаг, шүүх, прокуророор нь гаргана. Энгийнээр хэлбэл, нийгмийн ямар эд эрхтэн өвчтэй байна гэдгийг нарийн тогтооно. Ийм байдлаар нарийвчлан судалж байгаа. Хамгийн гол нь, тэр аймаг, нэгж дэх авлигын хэлбэр, цар хүрээг хэмжинэ гэсэн үг.

Мөн авлига үүсч хөгжих эрсдэл өндөр байна уу гэдгийг тодорхойлно. Эрсдэлтэй газраа тогтоочихоод дахин нарийвчилсан судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл, баг, сумын хэмжээнд, эрүүл мэндийн салбар байлаа гэхэд өрхийн эмнэлэг гээд анхан шатны нэгж хүртэл судална гэж төлөвлөж байгаа. Эцэст нь авлига үүсгэх нөхцлийг арилгах чиглэлээр, цаад хөрсийг нь эрүүлжүүлэхэд энэ судалгаа чухал үүрэгтэй.

-Ийм судалгааг манай улс анх удаа хийж байгаа юу?
-Авлигын индексийг өмнө нь хоёр, гурван жил Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим хийдэг байж байгаад больсон. Янз бүрийн төслийн байгууллагууд ч хийдэг байсан. Санхүүжүүлэгч байгууллагынх нь мөнгө орж ирсэн тохиолдолд шүү дээ, тэрнээс биш тогтмол хийж байгаагүй. Тиймээс манайд авлигын индекс ийм байж байгаад ийм боллоо гэсэн харьцуулах тоо алга. Цаашид энэ харьцуулах тоог бид гаргана. Өөрөөр хэлбэл авлигыг хэмжих анхны нэгж тоо гарна гэсэн үг.

-АТГ-аас төрийн байгууллагын шударга байдлын төвшин тогтоох судалгаа бас хийдэг байх аа?
- Тийм ээ. Авлигын индекс, төрийн байгууллагын шударга байдлын төвшин гэсэн хоёр судалгааны ажил хийдэг. Авлига нь аливаа зүйлийн сүүдэртэй тал, шударга байдал нь гэрэлтэй талыг судална гэсэн үг. Энэ хоёрыг хослуулж жилд сөөлжиж судалгаа хийнэ. Зэрэг хийхээр маш их төсөв зардал гарахаар байгаа учир ингэж шийдсэн байгаа.

- Хүн олноор үйлчлүүлдэг болохоор газрын алба, цагдаа, эмнэлгийн салбарыг л авлигад их автсан гэдэг. Гэтэл байгаль орчин, хөдөө аж ахуйн салбартай төдийлэн харилцдаггүй болохоор тухайн салбарт нь авлига бугшсан байлаа ч иргэд тэр бүр мэддэггүй байх. Тухайн салбарыг яаж үнэлэх вэ. Судалгаа хийж байгаа аргачлалыг нь сонирхмоор санагдлаа?
-Судалгаанд бүх салбарыг жигд хамруулна. Тухайлбал, иргэд нийслэл, аймаг зэрэг оршин суугаа газраа үнэлнэ. Тухайн салбарыг яаж үнэлэх вэ гэхээр тэнд ажилладаг төрийн албан хаагчаас судалгаа авна. Тэр байгууллагатай харилцдаг бизнес эрхлэгчдээс, дараа нь тухайн байгууллагыг маш сайн мэддэг шинжээч нараас судалгаа авна. Байгууллагатай холбоотой янз бүрийн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ, манайд ирж байгаа гэмт хэрэг, хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээ, авлигаас урьдчилан сэргийлэхээр авч буй арга хэмжээ гээд олон зүйлийг харгалзана үзнэ. Эцэст нь төрийн байгууллагынхан өөрсдөө бас үнэлгээ гаргана. Үндсэндээ авлига их, бага гэсэн асуудал гарч ирэхээр үүний шалтгаан юунд байна, хууль эрхзүйн орчин, ил тод байдал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой, эсвэл дүрэм журам болохгүй байгаа эсэхийг нарийвчлан гаргах юм. Нэг ёсондоо авлигыг оношлоод хэрхэн яаж тэмцэх арга замаа тодорхойлох, тодорхойлсон үр дүндээ хүрсэн эсэхийг дүгнэнэ гэсэн үг.

- Тэгэхээр АТГ-ынхан хийсэн ажлаа өөрсдөө дүгнэх болж байна уу?
-Авлигатай тэмцэх ажил гэдэг бол дан ганц АТГ-ын үүрэг биш. Авлигын эсрэг хуульд зааснаар иргэд, төрийн болон ТББ авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийхийг тодорхой заасан байдаг. Бид авлигатай тэмцэх чиглэлээр төрөөс явуулж буй бодлого ямар үр дүнд хүрч байна гэдгийг аль болох бодитойгоор тогтоож бодлого гаргах төвшинд мэдээллээр хангаж ажиллана. Мөн олон нийтэд авлигатай тэмцэх чиглэлээр төрөөс явуулж буй бодлого хэрхэн ямар үр дүнд хүрч байгааг авлигын индексээр дамжуулан мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуульд зааснаар авлигын индекс нь авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааны нэг хэсэг юм.

-Манай улс гурав гэсэн үнэлгээгээ ахиулахын тулд яах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд улстөрчид авлигатай тэмцэх хүсэл сонирхлоо илэрхийлэх ёстой. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай тэмцэнэ гэж байгаа нь авлигын индекс сайжрахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэтэл эсрэгээр Өршөөл үзүүлэх тухай хууль гаргачихаар үзүүлэлт буурч магадгүй нөхцөл бий болох жишээтэй. Түүнчлэн манайд авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчин ямар байна, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хэрхэн зохицуулж байна, улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө шударга өрсөлдөж чадаж байна уу, үгүй юү гэдгээс авахуулаад хэвлэл мэдээлэл нь хэр худалдагдсан байна зэргийг хөндлөнгөөс дүгнэж үзээд 10 оноо авах ёстойгоос 3.0 гэсэн тоон үзүүлэлт гаргачихаад байгаа юм.

Авлигын индекс гэдэг өөрөө нийгмийн үзэгдэл. Нийгэмд тусч байгаа сүүдэр нь авлига, гэрэлтэй тал нь шударга байдал. Гэрэл нэмэгдэхээр аяндаа сүүдэр багасна. Шударга байдал нэмэгдэх тусам авлига буурах учиртай. Тийм учраас ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох гэсэн уриа нь энэ хоёр үзэгдэл салшгүй болохыг бодлогын төвшинд зарласан нь маш чухал алхам. Урд нь энэ хоёр асуудлыг тус тусдаа гэсэн ойлголт байсныг өөрчлөн соён гэгээрүүлэх маш том алхам болсон.

Б.Алтанцэцэг /Ардчилал сонин/