Д.Цэнд-Аюуш: Аймгууд “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-тэй болно /2009.11.10/

A- A A+
Д.Цэнд-Аюуш: Аймгууд “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-тэй болно /2009.11.10/
Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь“ төсөлтэй хамтран “Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалт, семинарыг Дундговь аймгийн төв Мандалговь хотноо зохион байгуулаад иржээ.
Сургалт, семинарын зорилго, үр дүн, ач холбогдлын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Сургалт, семинарыг ямар зорилгоор зохион байгуулсан талаар мэдээллийг эхлээд уншигчдад хүргэхгүй юу?
-Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг зарим аймагт ажиллаж байгаа. Тэрхүү ажлын хэсгийнхэнд төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэх, хэрэгцээ шаардлагаа зөв олж тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, семинарыг зохион байгуулж байна.

-Ийм сургалт, семинарыг хэчнээн аймагт зохион байгуулаад байгаа вэ?
-Одоогоор ихэнх аймгуудад энэ сургалтыг зохион байгуулаад байна. Өнгөрсөн зургадугаар сард Хэнтий аймгаас эхэлж, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад бүсчилсэн байдлаар зохион байгуулсан. Сая говийн бүсийн Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн хамруулан Мандалговьд зохион байгууллаа. Өмнөговь аймагт цар тахлаар хүн нас барсан учир тус аймагт хөл хорио тогтоосны улмаас сургалтад оролцож амжсангүй.

-Төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэх зорилгоор сургалт, семинар зохион байгуулсан гэж та хэллээ. Тэгэхээр төлөвлөгөөтэй болсны ач холбогдол яаж гарах вэ?
-Сургалт зохион байгуулахдаа сургалтад оролцогчдоор “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-нд нийтлэг тусгаж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт гаргах дадлага хийлгүүлдэг. Эндээс төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж болох янз бүрийн ажлын санал санаачилгууд гарч байгаа. Тухайлбал, Мандалговьд зохион байгуулсан сургалтад оролцогчид төрийн захиргааны байгууллагуудаас ямар нэг шийдвэр гаргахдаа иргэдийн санал санаачилгыг тусгах буюу иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга явуулах, иргэний нийгмийн байгууллагуудаар төрийн үйлчилгээний байгууллагуудын тодорхой төрлийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгүүлж, зөрчил дутагдлыг мэдээлэх, жил бүрийн эхээр иргэний чуулган зохион байгуулж, аймгийн тухайн жилийн бодлогыг тодорхойлох зэргээр олон ажлыг хийхээр санал санаачилга гаргаж байсан. Энэ ярьж байгаагаа төдийгүй аймгийнхаа онцлогтой уялдсан ажлыг нарийвчлан гаргаж, төлөвлөгөөндөө тусгаад, ажил хэрэг болгож хэрэгжүүлбэл сургалт, семинар зохион байгуулсны ач холбогдол гарах учиртай юм. Өөрөөр хэлбэл, наад зах нь л гэхэд төр үйлчилгээгээ иргэдэд улам ойртуулах, хүнд сурталгүй, шуурхай үйлчилдэг болох, иргэдийг сонсч, тэдний санаа бодлыг ажил үйлчилгээндээ тусгаж хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь орон нутагт авлигатай тэмцэх ажлын нэг хэлбэр болох юм.

Төрийн байгууллага хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрээ төрийн нууц ч гэдэг юмуу шалтаг шалтгаанаар иргэдэд мэдээлдэггүй байдал ажиглагддаг. Ил гаргасан ч бөөрөнхийлсөн байдалтай. Ийм байдал улс орны хөгжилд цаашлаад иргэдийн амьдралд сайн үр дүн авчрахгүй. Тиймээс “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-тэй болж, түүнийгээ хэрэгжүүлснээр нийгэмд шударга ёс тогтооход иргэн бүрийн оролцох боломжтой болно. Нийгэмд шударга ёсыг тогтоох нь энэ цаг мөчид амьдарч байгаа хүн бүрийн үүрэх ёстой ачаа. Энэ ч утгаараа аймгуудад зохион байгуулж буй сургалт, семинарт иргэдийг, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, санаа бодлыг нь сонсдог, тэдний саналыг төлөвлөгөөнд тусгуулдаг. “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө” тухайн аймгийн иргэн бүрт нээлттэй байх юм. Мэдээлэлтэй иргэн хүн л хоорондоо нэгдэн өөрсдийн эрхийнхээ төлөө зогсож, төрийн байгууллагыг иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахыг шаардаж чадна шүү дээ.

Аймгуудын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс гадна сургалтад оролцож байгаа иргэний нийгмийн байгууллага, иргэдэд сургалтыг зохион байгуулагчид “Ийм төлөвлөгөө боловсруулах ажил зохион байгуулагдаж байна гэдгийг аймгийнхаа ард иргэдэд мэдээлж, энэ ажилд иргэдийг татан оролцуулаач ээ” гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Энэ төлөвлөгөө захиргаа юмуу, удирдлагын байгууллагынханд зориулагдсан төлөвлөгөө биш. Энэ бол иргэдэд зориулагдсан, иргэдийн төлөө төлөвлөгөө юм.

-Ямар нэг төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургалт, семинар зохион байгуулдаг ч төдийлөн үр дүнтэй болж чаддагүй байдал түгээмэл байна. Авлигатай тэмцэх газрын зүгээс зохион байгуулж байгаа сургалт, семинар үр дүнтэй болж чадаж байна уу?
-Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь“ төсөлтэй хамтран авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, чиглэлээр аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, энэхүү сургалт, семинарыг зохион байгуулж байгаа.
Хоёр өдөр сургалт, семинар хийхдээ оролцогчдод төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэх зорилготой хичээл зааж, төлөвлөгөө боловсруулах дадлага хийлгүүлж, төлөвлөгөөнд нийтлэг тусгаж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт гаргуулж байна.

Ингэснээр төлөвлөгөө боловсруулах арга зүйг зааж, эзэмшүүлж байгаа төдийгүй төлөвлөгөө боловсруулах бэлтгэлийг хангуулж байна. Оролцогчид сургалтад идэвхтэй оролцож байгаа. Сургалтыг үр дүнтэй зохион байлгахын тулд оролцогчид ч, зохион байгуулагчид ч гойд анхаардаг. Үр дүнгүй сургалт хийх юм бол олон улсын байгууллагын мөнгийг салхинд хийсгэнэ гэсэн үг. Тэгэхээр үр дүнгүй сургалт хийх эрх байхгүй.

-Төлөвлөгөө хэзээ бэлэн болох вэ?
-Сургалт, семинарт хамрагдсан аймгууд болж өгвөл энэ ондоо багтаад төлөвлөгөөгөө боловсруулаад авчихвал сургалт зохион байгуулсны төдийгүй төсөл хэрэгжүүлж байгаагийн үр дүн гарах юм.
Аймгууд энэ ондоо багтаад төлөвлөгөөгөө боловсруулна гэсэн чиглэлтэй байгаа.

-Авлигатай тэмцэх газраас яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нарыг сургалтад хамруулж, яам, агентлагуудыг төдийгүй төрийн байгууллагуудыг Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгох ажил Улаанбаатарт хийгдэж байгаа. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-тэй болгохоор зохион байгуулж байгаа энэ сургалт, семинар дээрх ажлын нэг хэсэг гэж ойлгож болох уу?
-Ерөөсөө л тийм. Яам агентлагууд “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн, төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажил шат дараатай хийгдэж байна.
Аймгууд “Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-тэй болсноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх ажлыг улс орон даяар системтэй, нэгдсэн бодлого, чиглэлтэй явуулах боломжтой болно.