Б.Батзориг: Улс төрчдийн хүсэл сонирхол, ард түмний дэмжлэгтэйгээр авлигатай үр дүнтэй тэмцэнэ /2009.11.30/

A- A A+
Б.Батзориг: Улс төрчдийн хүсэл сонирхол, ард түмний дэмжлэгтэйгээр авлигатай үр дүнтэй тэмцэнэ /2009.11.30/
Олон улсын “Транспрэнси интернэшнл” байгууллагаас 2009 оны авлигын индексийг гаргаж, олон нийтэд танилцууллаа. Монгол Улс 2004 оноос авлигын индек­сийн судалгаанд хамрагдаж, 2008 онд 3.0 гэсэн үнэлгээ авч, авлигын индексийн тооцоонд хамрагдсан орнуудаас 106 дугаарт бичигдэж байсан бол энэ онд үнэлгээ 2.7 хүртэл буурч 124 дүгээрт орсон нь анхаарал татсан асуудал болоод байна. Монгол Улсын авлигын индексийн үзүүлэлт яагаад буурсан талаар АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-Авлигын индекс гэж юуг хэлдэг, яаж гаргадаг талаар олон нийт төдийлөн сайн, тодорхой ойлголттой биш байж магадгүй. Тэгэхээр үүнд хариулт авахаас ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?
-Авлигыг хэмжих гэсэн оролдлого олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар байдаг. Хэмжиж чадсанаар хүрэх үр дүнгээ тодорхойлох, алдаа, оноогоо дүгнэх боломжтой болдог. Олон улсын Транспэрэнси интернэшнл байгууллагаас явуулдаг авлигын индексийн судалгаа нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгаа шинжилгээ хийдэг экспертүүдийг сонгож авч, тодорхой асуулганд хариулт авч тэдний төсөөллийг тоон илэрхийлэлд хувирган авлигын индексийг тооцон гаргадаг. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны Улсын орны үйл ажиллагааны түвшингийн үнэлгээ, Бертелсманы сангийн Бертелсманы өөрчлөлтийн индекс, Эдийн засагчдын тандалт судалгааны нэгжийн “Улс орнуудын эрдслийн эсрэг үйлчилгээ болон тэдгээрийн урьдчилсан төлөв байдал”, IHS глобал инсайт байгууллагын “Дэлхий нийтийн эрдслийн эсрэг үйлчилгээ”-ний судалгаа, Дэлхийн банкны Улс орнуудын бодлого, байгууламжийн үнэлгээ, Дэлхийн эдийн засгийн форумын Улс орнуудын өрсөлдөх чадварын илтгэл, Дэлхийн эдийн засгийн форумын Улс орнуудын өрсөлдөх чадварын илтгэл зэрэг байгууллагуудын судалгааг ашигладаг. Гэхдээ энэхүү эх сурвалжууд нь жил болгон өөрчлөгддөг, судалгаанд хамрагдаж байгаа орнууд тогтвортой биш учир аливаа улсын хувьд өсөлт, бууралтыг нь харьцуулж үзэхдээ болгоомжтой хандахыг энэ судалгааг анх санаачлан боловсруулж, олон жилийн турш удирдан явуулж ирсэн Германы эрдэмтэн Ламбсдорф өөрөө зөвлөсөн байдаг. Энэ талаар Транспэрэнси интернэшнл байгууллагын цахим хуудаснаас үзэх боломжтой.

Энэ утгаараа Транспэрэнси интернэшнл байгууллагын хувьд тухайн улс орон авлигад их, бага авсан гэдэг үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Харин үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагаандаа хэрхэн ашиглахыг нээлттэй үлдээдгээрээ онцлогтой.

-Тэгэхээр манай улсын авлигын индексийн үзүүлэлт яагаад буурсан юм бол? Судлаачийн тань хувьд энэ асуултыг тавьж байгаа юм?
Миний хувьд ойлгомжтой байх үүднээс авлигын индекс өссөн, буурсан гэсэн байдлаар ярья.
Монгол Улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ өгөхөөс өмнө манай хөрш ОХУ-д авлигын индекс “2” байж байгаад “2.1” болсонд дүн шинжилгээ хийж үзлээ. ОХУ-д сүүлийн жилүүдэд авлигатай тэмцэх чиглэлээр нэн түрүүнд хийж буй ажил нь хууль эрх зүйн орчноо сайжруулж байгаа явдал. ОХУ авлигыг үүсгэж байгаа орчныг саармагжуулах, авлига гэдэг нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр их ажил хийж байна. Тухайлбал, үүнтэй харьцуулахад Монгол Улс үндсэндээ дорвитой ажил хийгээгүй. Энэ нь авлигын индекс муудахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм. Бид хоёр хөршөөсөө сурах юм их байна. Бусад орны туршлагыг ч судалж байна.

Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох ажлын хамгийн гол үндэс суурь, хүч бол хууль эрх зүйн орчин. Хууль, эрх зүйн боловсронгуй орчин байхгүйгээр авлигатай үр дүнтэй тэмцэл явуулж чадахгүй.

-Тэгэхээр авлигатай тэмцэх эрх зүйн орчноо боловсронгуй болгож чадахгүй байгаа нь авлигын индексийн үзүүлэлт буурахад нөлөөлж байна гэсэн үг үү?
-Тийм, авлигатай тэмцэх эрх зүйн орчноо боловсронгуй болгож чадахгүй байгаа нь Авлигатай тэмцэх Монгол төрийн бодлогод саад учруулж байна гэж үзэж болно. Транспэрэнси Интернэшнлийн дүгнэлтээр Засгийн газар, төрийн албаны үйл ажиллагаа ил тод бус байх (Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлах ажил 10 жил үргэлжилж байна), Оюу толгойн ордыг ашиглах гэрээг олон жил боловсруулсан байдал (Ашигт малтмалын тухай хуулийг төгс боловсруулж чадаагүй, засгийн газрын гэрээ боловсруулах чадавхи сул, хугацаа алдах, оролцогч, сонирхогч талуудад авлига үйлдэх нөхцөл бүрдэх аюул учрах, г.м.), Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын сонгуульд санал худалдаж авах явдал газар авсанаас гадна хууль бус үйлдэл үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон ч хууль хэрэгжихгүй байх (“election fraud” гэж нэрлэх сонгуулийн будлиан, залилан үйлдснээр иргэдийн эдлэх үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрх зөрчигдөх г.м.), Авлига буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулах хууль батлан хэрэгжүүлснээр авлигатай хийх тэмцлийн үр нөлөө буурах нөхцөл бүрдсэн гэж дүгнэсэнтэй санал нийлж байна.

-Жилийн дараа буюу 2010 онд авлигын индексийн үзүүлэлт яаж гарах бол?
-Авлигын индекс муудлаа ерөөсөө бүх зүйл болохгүй бүтэхгүй байна гэж хэн нэгнийг буруутгах улстөржүүлэн ярьснаас бодитой хийсэн зүйлгүй хэвээрээ байвал ирэх жил муу л гарах байх. Тэгэхээр ямар нэгэн тоог өөрчлөхийн тулд биш, бодитой санал дэвшүүлж, тодорхой ажил хийж байж үр дүн нь бодитоор гарна.

-Үзүүлэлт буурахад Авлигатай тэмцэх газар ажлаа хийж чадаагүй нь нөлөөлсөн гэж үзэх хандлага байна. Авлигатай тэмцэх газраас болоод үзүүлэлт буурсан ямар хүчин зүйл, шалтгааныг та хэлж чадах вэ?
-Шуудхан хариулахад, нэгдүгээрт, Авлигатай тэмцэх ажил нь ард түмний итгэл үнэмшил, улс төрчдийн хүсэл сонирхол дээр тогтдог. Авлигатай тэмцэх газарт итгэх иргэдийн итгэлийг алдагдуулахад чиглэсэн зүйл их болсон. Өөрөөр хэлбэл авлигатай тэмцэх гээд байна уу, Авлигатай тэмцэх газартай тэмцэх гээд байна уу гэж эргэлзэхэд хүрмээр олон асуудал өрнөлөө.

Хоёрдугаарт, Өршөөлийн хууль гарч, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, шалгагдсан хэргүүд хамрагдаж, энэ нь олон түмэнд байгууллагын ажлыг үр дүнгүй харагдуулахад хүргэсэн.

Гуравдугаарт, Улстөрчид авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарсан.

Дөрөвдүгээрт, Улс төрийн хүрээн дэх авлигатай тэмцэхэд хууль эрх зүйн орчин ихээхэн саад их учруулсаар байна.

Ер нь хууль хяналтын байгууллагын хийсэн ажил болгоныг нь харлуулах, ажилтнуудыг нь гутаан доромжлох ажил сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч байна. Худлаа зүйлийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг хуулийн байгууллагын шударга ажилтан хүртэл энэ хар PR-нд автаж бараг өөртөө хүртэл эргэлзэхэд хүрч магадгүй. Энэ нь хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг үгүй хийнэ, тэр нь цаашлаад хуульд итгэх итгэлийг үгүй болгоно.

Авлигатай тэмцэх газрын зүгээс дүгнэлт хийх, цаашид анхаарах асуудлууд байгаа гэдэгтэй мөн санал нийлж байна.

-Улстөрчид авлигын хэрэгт их холбогдсон талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарсан гэж та ярилаа. Энэ мэдээлэл яагаад нөлөөлсөн байж таарах вэ?
-Авлигыг хэмжиж буй аргуудын олонхи нь хүмүүсийн төсөөлөлд тулгуурладаг. Монгол тэр чигээрээ авлигад автсан гэдэг мэдээлэл ихээр цацчихаад дараа судалгаа авбал төсөөлөл бодит байдал хоёрын зөрөө ихсэнэ. Энэ судалгааг тодорхой бодлогогүйгээр олон нийтэд тархааснаар хий төсөөлөлдөө хүмүүс улам автаж нөгөө авлигаа ихэсгэдэг. Энэ бол 100 гаруй жилийн өмнө батлагдсан нийгмийн онол.

Улс төрчид өөрсдөө хэн нэгнийг авлигатай холбоотой асуудалд холбогдсоныг үнэхээр мэдээд баримт нь байгаа бол зохих байгууллагад нь өгч шалгуулах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол ард түмний тархийг битгий бохирлоод бай гэж хэлмээр байна. Авлигатай холбоотой мэдээлэл нь хэн нэгийг дарамтлах хэрэгсэл болгож ашиглах нь ихээхэн хор уршигийг дагуулна.

-Энд дурьдсанаас өөр ямар хүчин зүйлүүд байна. Тухайлбал, улс төрийн зүгээс нөлөөлсөн хүчин зүйл юу байна?
-Сонгууль шударга бусаар явсан талаар мэдээллүүд олон нийтийн дунд их цацагдсан.
Мөн тендерийн үйл ажиллагаа олон түмний нүдэн дээр будлиантай боллоо гэдэг мэдээлэл их цацагдсан.
Захиалгат сэтгүүл зүй гэдэг асуудал их яригдах болсон. Ашиг сонирхол бүхий бүлгүүд шударга сэтгүүлчийг худалдаж авч чадахгүй болохоор хэвлэл мэдээллийг худалдаж авч байна гэсэн мэдээлэл их тарсан.

Улстөрчид элдэв амлалтаа биелүүлэхгүй, ард түмний итгэлийг алдсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.

Хэн нэгэн хүний, улс төрийн хүчний буруу гэхээсээ илүүгээр манай согогтой тогтолцооны үр дагавар ийнхүү илэрч байна гэсэн үг. Тэгэхээр бид тогтолцоогоо сайжруулахын тулд ажиллах ёстой. Хүний сайн биш механизмын буюу тогтолцооны сайнд авлига устдаг гэж үг байдаг. Авлигатай тэмцэнэ гэдэг олон түмний зөв дэмжлэгтэйгээр явагддаг ажил. Зөв эрүүл тогтолцоо үйлчилж байж л авлигатай тэмцэх ажилд үр дүн гарна.

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, нэг байгууллага байгуулчихаад, түүндээ хамаг асуудлыг үүрүүлчихээд тэгээд дээрээс нь ажиллах эрх зүйн орчныг нь бүрэн бүрдүүлэхгүйгээр авлигатай тэмц гээд байж болохгүй. Бид бусад байгууллагуудтай барьцах гээгүй юм шүү. Ажиллах эрх зүйн орчныг нь сайжруулчихаад дараа нь ажил хийхгүй бол хариуцлага тооцох ёстой. Гэхдээ төрийн ямар ч байгууллагатай улс төрийн аргаар бус хуулийн дагуу харьцах ёстой. Улс төрийн аргаараа улс төрчид нь л хоорондоо үзэлцдэг юм байгаа биз.

Хууль эрх зүйн орчин нь сайн бүрдээгүй, боловсронгуй болоогүй улс оронд авлига цэцэглэн хөгждөг гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок хот дахь бүсийн хуулийн зөвлөх Р.Сударшан хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьдсан байна лээ.

Мөн Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хороонд байцаагчаас эхлээд дэд комиссар хүртэл 27 жил ажилласан туршлагатай Тони Квок гэдэг эрхэм хууль эрх зүйн орчныг хангалтгүй зохицуулсан гэж манай парламентыг шүүмжилж байсан.

Хууль эрх зүйн орчныг сайжруулахад хамгийн түрүүн улс төрчдийн өөрсдийнх нь авлигатай тэмцэх гэсэн хүсэл эрмэлзэл, сонирхол зайлшгүй хэрэгтэй. Хэрвээ авлигатай тэмцэх хүсэл сонирхол байхгүй бол хэчнээн ард түмэн шаардаад ч боловсронгуй хууль эрх зүйн орчин бүрдэхгүй.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх хүсэл сонирхлоо илэрхийлсэн шүү дээ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд мэдээж ийм хүсэл сонирхлоо ил зарласан. Зарлах зарлахдаа олон түмнийг авлигын эсрэг тодорхой хэмжээгээр соён гэгээртэл зарласан. С.Баяр, С.Батболд нар ч гэсэн зарласан. Гэхдээ тэдний хийх гэж байгаа, хийсэн ажилд нь согогтой тогтолцоо саад болоод байгааг тэд ойлгож байгаа байх. Бодит жишээ хүртэл байгаа шүү дээ.

-Монгол Улсын авлигын индекс буурсан энэ үзүүлэлт дүн Монголын нэр хүндэд, нэр төрд ямар нөлөө үзүүлэх бол?
-Авлигын индекс буурахад, нэгдүгээрт хандивлагч байгууллагууд мөнгөө татах нь ойлгомжтой. Яагаад гэвэл, хандивлагчдын оруулсан мөнгө Монголд зориулалтын дагуу зарцуулагдахгүй, авлигачдын халаас руу урсаж орно гэсэн үг. Нэгэнт гадны хандивлагчид Монгол Улсад дэмжлэг үзүүлж, сайн сайхан байдал, шударга ёсыг бэхжүүлэх гэж л хөрөнгө оруулж байгаа болохоос хэн нэг авлигачийн халаасыг түнтийлгэх гэж оруулаагүй. Олон улсын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа болгоомжтой хандана. Өөрийнх нь мөнгийг зориулалтын дагуу, шударгаар зарцуулна гэдэгт энэ хүмүүст эргэлзээ төрж эхлэнэ.

-Авлигатай тэмцэх газрынхан өөрсдөө шударга байдаггүй, авлига авдаг гэдэг мэссэж ч бас нийгэмд түгээмэл тарсан?
-Авлигатай тэмцэх газрын албан хаагч авлигатай холбоотой асуудалд холбогдсон гэдэг мэдээлэл байгаа бол “Авлигатай тэмцэх газрын даргад гарт нь” гэж хаяглаад өгөх хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн талаар асуудлыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд хандан шалгуулж болно.

Гэхдээ энэ аргыг авлигатай тэмцэх ажлын хурдыг сааруулах, өөрсөддөө цаг хожихын тулд хэрэглээд байгааг хаана хаанаа анхаарах байх.

Энд нэг л зүйлийг онцолж хэлье. Хууль бус замаар хөрөнгөтэй болсон хүмүүсийн хөрөнгө Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар агаарт замхрах буюу буцаад ард түмэнд очих болчихоод байгаа. Тэгэхээр хууль бусаар хөрөнгөжсөн тэр хүмүүс угаасаа агаарт замхран алга болж байгаа хөрөнгө мөнгөөрөө өөрийгөө хамгаалах, авлигатай тэмцэх байгууллагын эсрэг цацаж эхэлдэг олон улсын практик байдаг, манайд ч ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх газар өөрсдөө авлигад автсан гэдэг мэдээлэл цаанаа эзэнтэй, зориуд санаатай үйлдэл л байдаг. Үнэхээр байгаа бол асуудлыг бодитоор, албан ёсоор хуулийн дагуу гаргаж тавих ёстой. Түүнээс биш би бүхэл бүтэн нэг ажил хийсэн, чи ганцхан ажил хийлээ гэж буруутгаж болохгүй байхаа.

-Авлигын индекс гаргах судалгааг манай улс, манайх өөрсдөө хийж болдогүй юм уу?
-Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд зааснаар авлигын индексийг хоёр жил тутамд нэг удаа гаргаж, олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ үүргийнхээ дагуу арван хоёрдугаар сарын 9-нд авлигын индексийг тооцон гаргаж, олон нийтэд зарлана. Энэ индекс нь Транспэрэнси интернэшнл олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээс буюу төсөөллийн судалгаанаас өөр.

Трансперенси интернэшнл олон улсын байгууллагаас Монгол улсыг бүхэлд нь үнэлдэг бол Авлигатай тэмцэх газраас хийж байгаа судалгаа 21 аймаг, нийт яамдын түвшинд авлига үүсэх эрсдэл хаана их байна, авлига ямар хэлбэр, цар хүрээтэй байна, шалтгаан нөхцөл нь юу байна гэдгийг гаргаж ирнэ. Мөн улс төр хууль хяналтын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа.

-Та 2010 онд авлигатай үр дүнтэй тэмцэхэд хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж үзэж байна?
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид Үндэсний хуулийг нийцүүлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхэд чиглэгдсэн, зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэхэд чиглэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарлаа хандуулалбал болох байхаа.

Г.Цолмон