Э.Амарбат: Албан тушаалтанд хээл хахууль өгсөн, зуучилсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй болсон /2009.12.10/

A- A A+
Э.Амарбат: Албан тушаалтанд хээл хахууль өгсөн, зуучилсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй болсон /2009.12.10/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай ярилцлаа.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орж, танай газрын мөрдөн шалгах хэргийн харъяалал шийдвэрлэгдэж байсныг санаж байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хоёр жил, хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд авлига, албан тушаалын хэчнээн гэмт хэрэг шалгасан бэ?
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2007 оны есдүгээр сараас хойш 344 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажилллагаа явуулсан. Мөрдөн байцаалт явуулсан гурван хэрэг тутмын нэгийг буюу 344 хэргээс 104-ийг нь шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Одоогийн байдлаар 32 эрүүгийн хэрэгт 56 хүн шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэгдээд байна. Энэ тоог Авлигатай тэмцэх газар байгуулагдаж, албан тушаалын зарим хэргийг мөрдөн шалгах болсон үеэс өмнөх таван жилтэй харьцуулах юм бол эерэг үр дүн харагдаж байгаа. Тухайлбал мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг бараг хоёр дахин нэмэгдсэн бол шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 30 орчим хувиар өссөн байгаа юм. Тухайлбал, хээл хахууль авах гэмт хэрэг 2007 оныг хүртэл нэг онд зургаагаас хэтрэхгүй шүүхээр шийдвэрлэгдэж байсан бол 2008 онд 13 шийдвэрлэгдсэн байна. 2009 оны мэдээ удахгүй гарах байх.

Мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэргээс гадна иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг мөн шалгаж шийдвэрлэсэн тоон үзүүлэлтийг танилцуулахад, өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1530 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 156 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ нь хүлээн авсан гомдол, мэдээллийн 10 хувь юм да.

-344 эрүүгийн гэмт хэрэгт хэчнээн албан тушаалтан холбогдож шалгагдсан бэ?
-771 албан тушаалтан холбогдсон байна. Тэдгээрийн 42 нь төрийн улс төрийн албан хаагч, 123 нь төрийн захиргааны албан хаагч, 106 нь төрийн үйлчилгээний албан хаагч, 150 нь төрийн тусгай алба хаагч байна. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан 333, гадаадын иргэн 17 хүн мөн гэмт хэрэгт холбогдон шалгагджээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн үйлчлэлд танай газарт шалгаж байгаа хэргийн дийлэнх нь хамрагдана гэсэн мэдээлэл уг хуулийг батлахаар хэлэлцэж эхэлснээс хойш яригдсан. Энэ хуулийн үйлчлэлд хэчнээн хэрэг хамрагдаад байна вэ?
-Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан найман төрлийн гэмт хэргийн шалгах харъяаллыг Авлигатай тэмцэх газарт тогтоож өгсөн байдаг бөгөөд энэ найман төрлийн хэргийн тухайд л ярьж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Түүнчлэн таны энэ асуултад мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг бус, Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед шалгагдаж байсан буюу түүнээс хойш илэрч, шалгагдсан эрүүгийн хэргийн хүрээнд хариулж байгааг дурьдмаар байна.

2009 оны долдугаар сарын 9-нд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн үйлчлэлд 14 эрүүгийн хэрэг бүрэн хамрагдаж хэрэгсэхгүй болсон байна. 76 үйлдэл бүхий эдгээр 14 эрүүгийн хэрэгт 43 албан тушаалтан холбогдсон байгаа. Эдгээрийн арав нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд байна. Хохирлын хувьд 1.9 тэрбум төгрөг.
Үүнээс гадна яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэргээс хуулийн үйлчлэлд хэсэгчлэн хамрагдаж хэрэгсэхгүй болох үйлдэл мөн байгаа. Үүнд 14 хэргийн 33 үйлдэл багтахаар байна. Эдгээрт холбогдсон хүний тоо 32 байгаа бол учирсан хохирлын хэмжээ нь 171.8 сая төгрөг болно.

Одоо ажиллагаанд байгаа хэргүүдээс 12 эрүүгийн хэргийн 25 хүнд холбогдох 23 үйлдэл нь хуулийн үйлчлэлд хамрагдана. Эдгээрийн улмаас 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гараад байна. Үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж тооцох тул хичнээн албан тушаалын гэмт хэрэг өршөөлд хамрагдаж байгаа нь ойлгомжтой байгаа байх.

-Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэрхэн хамрагдсан талаарх судалгааг гаргасан уу?
-56 хүн шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа гэж түрүүн хэлсэн. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахгүй. Энэ гэмт хэрэгт 16 хүн ял шийтгүүлсэн тул тэдгээр ялтанд хуулийн үйлчлэл хамаарахгүй.

Харин хорих ял оногдуулж, уг ялыг нь хянан харгалзахаар тэнссэн зургаан шүүгдэгчийн хянан харгалзах хугацааны үлдсэн хугацаа, ял шийтгэгдсэн 11 ялтны ялтайд тооцогдох хугацааны үлдсэн хугацаа, гурван шүүгдэгчид оногдуулсан хорих ялаас гурван жилийн хугацааг, мөн 14 хүний ялыг бүхэлд нь өршөөсөн байгаа.

-Түрүүнээс хойш маш их тоо баримт дурьдаж ярилцлаа. Энэ мэдээллээс уншигчид Авлигатай тэмцэх газар хэчнээн хэрэг шалгасан, хэчнээн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэрхэн хамрагдсан, хэргийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учраад байгаа, шүүхээр ял шийтгүүлсэн этгээдүүд Өршөөлийн хуулийн үйлчлэлд яаж хамрагдсан талаарх тодорхой мэдээллийг авсан байх.
Сая таны ярьсан зүйлээс учирсан хохирлын асуудал анхаарал татаж байна. Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдсан хэргийн улмаас олон тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо судалгаа гараад байгаа юм байна гэж ойлголоо?
-Өршөөл үзүүлэх тухай шийдвэр гаргах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх. Гагцхүү гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, тэр дундаа нийтийн эрх ашиг, итгэл үнэмшлийг хамгаалагдах эрх зүйн үнэт зүйл нь байхаар тодорхойлсон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өршөөлд хамруулахаар хавтгайруулан шийдсэн нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмын Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа гэсэн тодотголыг үл хайхарсан явдал болсон гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол гээд олон хүчин зүйлээс хамааралтайгаар харилцан ялгамжтай хандах учиртай асуудлыг хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг хэмээн хавтгайруулан өршөөсөн.

Хоёрдугаарт, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлыг тооцох, түүний хэмжээг харгалзан гэмт хэргийн ангиллыг тодорхойлох, улмаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх эсэхийг шийдвэрлэхээс илүү олон нийтийн итгэлийг алдаж байгаа явдлыг үнэлэх хэцүү юм. Тухайн төрийн албан тушаалтан төрийн чиг үүргийг үнэнч, шударгаар хэрэгжүүлж, ард түмний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгт итгэх олон нийтийн итгэл нь албан тушаалын гэмт хэргийн хамгаалагдах эрх зүйн үнэт зүйл байдаг. Энэ нь манай Үндсэн хуулийн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж тунхагласантай ч салшгүй холбоотой. Тэгэхээр энэ эрх зүйн үнэт зүйлд халдсан аливаа халдлагын улмаас учирсан хохирлыг тооцох боломжгүй бөгөөд өршөөн хэлтрүүлэх үндэслэл үгүй юм. Асуудлыг өнгөц талаас нь харвал таны асууж байгаа мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол яригдана. Энэ хохирлын хэмжээний талаар түрүүн ярьсан учраас дахин тодруулах шаардлагагүй, ойлгомжтой гэж ойлгож байна.

-Трансперенси Интернэшнл байгууллагаас гаргасан авлигын индексийн судалгаагаар манай улсын үнэлгээ буурсан нь албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэнтэй холбоотой гэж үзэж болох уу, тэгэхээр?
-Индексийг хэрхэн тогтоодог, юуг шалгуур үзүүлэлтээ болгодог талаар манай газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг саяхан Өнөөдөр сонинд тодорхой ярьсан байна лээ. Ард түмний итгэлийг хөсөрдүүлдэг, тэдгээрээс олгосон эрх мэдлийг урвуулан хувьдаа ашиг хонжоо олохыг эрмэлздэг төрийн албан тушаалтан цөөнгүй бүртгэгдэж шалгагдсан, тэгээд тэднийгээ өршөөн хэлтрүүлэх хууль гаргаж хаацайлан хамгаалж байгаа явдлыг олон улсын байгууллагууд яагаад ч олигтой үнэлэхгүй нь тодорхой шүү дээ.

-Өршөөл үзүүлэх тухай хууль гаргасан нь буруу гэж та хэлэх гээд байна уу?
Үгүй дээ. Би түрүүн хэлсэн. Өршөөл үзүүлэх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх ээ гэж. Миний тухайд төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд хуулийг шүүмжлэх бус, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Гэхдээ хууль зүйн дээд боловсрол, эрх зүйч мэргэжил эзэмшсэнийхээ хувьд зарим зүйлүүдтэй санал нийлэхгүй байгаагаа л хэлж байна. Тухайлбал 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хууль бол миний мэдэхийн өршөөн хэлтрүүлж байгаа тав дахь хууль юм. Эдгээр хуулиудыг эргээд нэг харах юм бол 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиас эхлээд эрүүгийн хэргүүдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд өршөөлд хамруулж эхэлсэн байгаа юм. Түүнээс өмнө, гагцхүү шүүх л Өршөөлийн хуулийг хэрэглэдэг байсан гэсэн үг. Гэтэл сүүлийн хоёр удаагийн хуульд шүүхийн өмнөх шатанд Өршөөлийн хуульд хамруулж байхаар хуульчилсан нь нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах тухай уг хуулийнхаа зорилтыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүх тогтоох боломжийг алдагдуулж, тухайн этгээд гэм буруутай, үгүй нь тодорхойгүй байдалд хүргэж байна. Энэ нь өөрөө цаашдаа маш их сөрөг үр дагавартайг энгийн ямар ч хуульч ойлгоно.

Хоёрдугаарт, тухайн этгээдийг өршөөн хэлтрүүлснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол шийдвэрлэгдэхгүй замхрах нөхцөл бүрдсэн. Энд онцолж хэлэхэд, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болж байгаа эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэгч нь хэрэг хэрэгсэхгүй болчихлоо гээд хохирлыг гаргуулах асуудлыг хөөцөлдөлгүй орхичихдог. Хохирсон байгууллага шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаад хохирлоо барагдуулж авах хуулийн зохицуулалт нээлттэй байхад хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж хөөцөлдөж явдаггүйгээс төр өмчөөрөө хохироод үлддэг. Төр хохирно гэдэг нь энгийн татвар төлөгч иргэдийн мөнгө л хэн нэг авлигачийн халаасанд орсон чигтээ алга болж байна гэсэн үг юм даа. Бүр зарим тохиолдолд учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гээд зогсож байна. Уул нь хохирол учирсан эсэх, хэнд, ямар хэмжээгээр хохирол учрав гэдгийг мөрдөн байцаах байгууллага тогтоож, ямар хэмжээгээр, хэнээс хэнд гаргуулж барагдуулах вэ гэдгийг шүүх тогтоодог журамтай юм. Ядаж байгууллага удирдаж байгаа дарга нар нь, эсвэл салбарын удирдлагууд нь байгууллагадаа учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс гаргуулж авах тал дээр санаачлагатай баймаар санагддаг шүү.

Энэ дашрамд Өршөөл үзүүлэх тухай хуулиар хээл хахууль өгсөн, зуучилсан этгээд дээрх гэмт хэргийг давтан үйлдээгүй бол, түүнчлэн урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй бол өршөөлд хамрагдахаар хуульчилсан байгааг хэлье. Хээл хахууль өгсөн этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тохиолдолд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай өмнө Эрүүгийн хуульд байсан заалтыг хүчингүй болгосон алдааг залруулах алхам энэ болсон байж магадгүй. Тэгэхээр, хэрэв та хэн нэгнээр өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар, эсхүл аливаа давуу байдлыг олж авах, үүргээс чөлөөлөгдөхөөр аль нэг албан тушаалтанд 2009 оны зургадугаар сарын 23-ны 00.00 цагаас өмнө хээл хахууль өгсөн, зуучилсан бол та Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч, эрүүгийн хариуцлагаас чөлөөгдөх эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг хэлмээр байна.

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж буй хэргүүдийн зарим нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, зарим нь шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Яагаад ийм ялгаатай байгаа юм бол?
-Тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл хангалттай нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон бөгөөд тэрээр гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өршөөлд хамруулж байна. Харин “Би гэмт хэрэг үйлдээгүй” хэмээн маргах тохиолдолд шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлж байна. Энэ бол хуулийн зохицуулалт.

-Өршөөлийн хуулийн үйлчлэлд албан тушаалын хэргийг хамруулсан нь танай ажлыг үр дүнгүй болгосон гэж олон хүн үзэж байгаа. Цаашид албан тушаалын хэрэг илэрсэн ч 2009 оны зургадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн бол Өршөөлийн хуулийн үйлчлэлд орж, хэрэгсэхгүй болох нь ойлгомжтой байх?
-Эрүүгийн хууль маань өөрөө төрийн бодлогоор гардаг. Эрүүгийн хариуцлага хүлээх, хүлээж байгаа этгээдийг өршөөх эсэх нь мөн л төрийн бодлого. Өршөөлийн хуулийн талаар хүмүүс янз бүрээр л ярьж бичиж байна.

Мэдээж хэрэг энэ хууль гарснаар Авлигатай тэмцэх газрын шалгасан эрүүгийн хэрэг, ажлын үр дүнд нөлөөлсөн. Одоо ч нөлөөлж байгаа. Цаашид ч нөлөөлнө. Одоо тодорхойгүй байгаа хэргүүд хожим илэрсэн ч 2009 оны зурагдугаар сарын 23-ны өдрийн 00.00 цагаас өмнө үйлдэгдсэн бол Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана. Тэгэхээр хэтдээ ч гэсэн энэ хууль манай ажлын үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна гэсэн үг.

Ингэлээ гэхэд Авлигатай тэмцэх газрын шалгасан эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болсон гэсэн тоо л нэмэгдэж харагдана уу гэхээс биш бидний ажил зогсчихгүй. Зохих журмынхаа дагуу л явагдана. Харин ч бид улам илүү шуурхай ажиллах шаардлагатай юм байна гэдгийг ойлгож байгаа. Хамгийн чухал нь өршөөлд хамрагдах эсэхээс нь үл хамаарч хэргийн бодит үнэнийг бүхэлд нь тогтоон, шуурхай ажиллах хэрэгтэй юм.

-Сайд асан С.Отгонбаяр сүүлийн өдрүүдэд “Хууль хяналтынхан бусдыг яаж хэлмэгдүүлж, хилс хэргээр золиосолж чаддагийг би өөрийн биеэр нотолж байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч залуу намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байхдаа манай дарга нар болон прокуророос таныг заавал сэжигтнээр татаж ир гээд байна. Манай дарга нар надад үүрэг өгсөн. Прокурор таныг сэжигтнээр тат гэдэг шахалтыг өгсөн юм шиг байна лээ, уг нь та хэрэгт холбогдолгүй хүн гэж ярьдаг байсан” гэх зэргээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Үнэхээр сайд асаны яриад байгаа шиг тэр хүнийг хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явагдсан юмуу. Сайд асан хэвлэлд худал ярилцлага өгсөн байж болдог байлаа гэхэд таныг бодит үнэнийг ярина гэдэг утгаараа энэ асуултыг тавьж байгаа юм шүү?
- Тийм байна лэ. Бас Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга залуу Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг найздаа хувийн хүсэлт гаргасан энэ тэр гээд нилээн л зүйлийг ярьсан байсан. Түүний ярьж байгаа шиг зүйл огт үгүй юм шүү дэ. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар болоод тасаг, хэлтсийн дарга нар хэн ч бай өнөөдрийг хүртэл хувийн сонирхлоор, эсхүл хэн нэгний захиалгаар мөрдөн байцаалт явуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсон явдал байхгүй, ийм явдал гарах ч үгүй гэдгийг хэлмээр байна. Манай мөрдөн байцаагч ч тэгж хэн нэгэнд учирлаад байна гэж байхгүй. Бид хуулийн дагуу ажилласан гэдгийг энд тэмдэглэж хэлмээр байна. Магадгүй түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч хууль зөрчсөн, түүний улмаас аливаа хохирол учирсан бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, магадгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл зохих газраар нь шалгуулах эрх зүйн орчин бүрэн байгаа.

Харин түүний холбогдсон эрүүгийн хэргийн тухайд гэвэл тэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэд хэдэн үйлдэлд шалгагдсанаас улсад нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 3 үйлдэл нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон юм. Учруулсан хохирлын 344.3 сая төгрөг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд төлөгдөж, бусад нь төлөгдөөгүй л үлдсэн. Нөгөө талаар холбогдсон хэргийн зүйл, хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байсныг үндэслээд өөрөө болон өмгөөлөгч нь аливаа маргаангүй хэмээн хүсэлт гаргаж мөрдөн байцаалтын шатанд өршөөлд хамрагдсан юм. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мөн албан ёсоор өдөр тутмын сонингоор дамжуулан мэдэгдэл хийсэн байна лээ.

-С.Отгонбаяр ярилцлагадаа Улсын дээд шүүхээс өөрийг нь цагаатгасан тогтоол гаргасан гэсэн байсан. Гэтэл та Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж, өршөөгдсөн гэж байна?
-Өөрийнх нь тэгж ярих ч өнгөрч гэж бодьё. Тэгж худал яриад байгаа өмгөөлөгч үнэхээр ёс зүйгүй санагдсан шүү. Үнэн хэрэгтээ Улсын дээд шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу холбогдох шалгалтыг хийж дуусгах хүртэл Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Ингээд мөрдөн байцаалтыг нэг мөр дуусгаад хуулийн дагуу мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон. Авлигатай тэмцэх газар, прокурор түүнийг хэлмэгдүүлж, шүүх түүнийг цагаатгасан мэтээр нийтэд буруу мэдээлэл тарааж суугаа өмгөөлөгчтэйгээ ч холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцох л ёстой.

-Энэ дашрамд Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яагаад ингэтлээ удаж байгааг тодруулж асуумаар байна?
-Энэ асуултыг Улсын Их Хурал, түүн дотор Ардчилсан намын бүлгийнхэнээс асуух хэрэгтэй байх. Учир нь Ардчилсан намын бүлэг түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсанаас өдий хүрч байна гэж дуулсан. Манай хувьд УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг анх 2007 оны арванхоёрдугаар сард тавьж байсан. Түүнээс хойш үндсэндээ хоёр жил өнгөрчээ.

Нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас бүхэл бүтэн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа. Ганц Л.Гүндалай бус түүнтэй хамт шалгагдаж байгаа хэд хэдэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болчихоод байна.

Гадаадын зарим оронд ёс зүйтэй төрийн алба хаагч, ёс зүйтэй хууль тогтоогчид өөрсдөө тухайн асуудалд шалгагдаж эхэлснээр уг ажил албан тушаалаасаа түдгэлзэх, огцрох хүсэлтээ гаргаад шийдүүлдэг. Тухайн институц нь өөрөө тэр хүмүүсээ хууль хяналтын байгууллагаар шалгуулж буруутай эсэхийг нь нэг мөр шийдүүлж, институцийнхээ нэр хүндийг цэвэр байлгах нөхцлийг бүрдүүлдэг юм билээ. Харамсалтай нь манайд ийм тогтолцоо алга. Ийм тогтолцоо байхгүйгээс болоод бидний үйл ажиллагаа иймэрхүү байдлаар гацаанд орчихдог.

-Л.Гүндалай гишүүн өршөөлд хамрагдах боломжтой юу?
-Л.Гүндалайг Эрүүгийн хуулийн 150, 263 дугаар зүйлийн 150.3, 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Үүнээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг бүхий үйлдэл нь Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой.