Г.Бадарч: Авлигатай тэмцэх ажил ямар их эсэргүүцэлтэй тулгардгийг мэдэрч байна. /2010.11.01/

A- A A+
Г.Бадарч: Авлигатай тэмцэх ажил ямар их эсэргүүцэлтэй тулгардгийг мэдэрч байна. /2010.11.01/

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Бадарчтай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танай газраас сүүлийн үед ямар ажил хийж байна. Энэ талаар эхлээд товч мэдээлэл өгөхгүй юу?

-Авлигаас урьдчилан сэргийлэх ажил манай байгууллагын тэргүүлэх чиглэлийн ажил байдаг. Тэр ч утгаараа урьдчилан сэргийлэх ажилд нэлээн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сараас “Шудрага ёсны төлөө 2010” сэдэвт арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хийж байгаа энэ ажлын хүрээндавлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулах, авлигын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор судалгаа шинжилгээ хийх зэргээр олон нийтийг хамруулсан тодорхой ажил, арга хэмжээг зохион явуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд аймгуудад авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр буухиа хэлэлцүүлэг, төрийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт зохион байгуулж байна. Аймгуудын төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд ард иргэдийнхээ өмнө авлигад өртөхгүй, хүнд суртал гаргахгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, шударга ёсыг дээдэлж ажиллана гэж мэдэгдэл хийж байгаа. Ингэж мэдэгдэл хийж байна гэдэг нь авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой байгаагаа, авлигаас салмаар байгаагаа харуулж л байна гэсэн үг.

Энэ долоо хоногт гэхэд энэ чиглэлийн ажлаар манай байгууллагаас Архангай, Ховд аймагт ажиллахаар хоёр баг явлаа. Ийм байдлаар авлигын эсрэг олон улсын өдөр буюу ирэх арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл төлөвлөгөөний дагуу бүх аймагт ажиллана. Нийслэл Улаанбаатар хотод ч мөн энэ чиглэлээр ажил явж байна.

-Улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг хийдэг гэж та хэлж байна. Орон нутагт яаж хүрч ажилладаг вэ?

-Аль аймаг, сум, багт ажиллах шаардлага гарна тэр газарт манай ажилтнууд очиж ажилладаг. орон нутгаас манай 24 цагаар ажилладаг 1969 утсанд дуудлага мэдээлэл нэлээд ирүүлдэг. Энэ дагуу шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж шалгана. Орон нутагт очиж ажиллахдаа манай ажилтнууд ихэнхдээ машинаар, хойшлуулшгүй тохиолдолд онгоцоор явдаг. Мөрдөн шалгах, хөрөнгө орлогын мэдүүлэг хянан шалгах, иргэний гомдлын мөрөөр ажиллах, авлигын эсрэг сургалт сурталчилгаа хийх гээд хэрэгцээ, шаардлага байгаа бүх газарт манай ажилтнууд цаг алдалгүй очиж ажиллаж байгаа.

Ялангуяа авлигын эсрэг сургалт сурталчилгаа хийх чиглэлээр Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж ажиллахыг эрмэлздэг. Авлигатай тэмцэх газар орон нутагт салбар нэгжгүй байгууллага учир ингэж ажиллахаас ч өөр аргагүй.

-Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэх ажлыг тасралтгүй хийж байгаа. Таны ярианаас ч энэ нь ойлгомжтой байна. Гэвч нийгмийн масс ингэж үнэлэхгүй, танай байгууллагын хийж байгаа ажлыг мэдрэхгүй байх шиг...?

-Зарим хүмүүст тэгж санагдаж байж магадгүй. Манай нийгэм өөрөө тогтолцооны хувьд авлигыг өөгшүүлэгч нийгэм гэж судлаач нар үздэг. Өөрөөр хэлбэл, авлига бий болох тааламжтай хөрс суурь манайд байсаар байна. Социализмын үед арын хаалга гэж байсан, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших он жилүүдэд албан тушаалаа ашигладаг сөрөг үзэгдэл, үйлдэлтэй хийж байсан тэмцэл үр дүнд хүрч чадаагүй. Тийм ч учраас л Авлигатай тэмцэх газрыг байгуулсан гэж боддог. Олон нийт биднээс “Авлигатай тэмц” гэж шаардах ёстой, бид ч үүргээ хангалттай сайн биелүүлж ажиллах ёстой. Иймээс авлигатай тэмцэх ажилд үр дүн гаргаж, үр өгөөжтэй ажиллахыг чармайж байгаа. Он удаан жил бугшсан, бат бөх суурьтай болсон сөрөг үзэгдэлтэй хийж буй тэмцэл гуравхан жилийн хугацаанд хүссэн үр дүнд, огцом амжилтад хүрч чаддагүй гэдгийг энэ ажлын олон жилийн туршлагатай шинжээч, мэргэжилтнүүд хэлдэг. Бид ч амьдрал дээр ойлгож байна. Ямар их бэрхшээл, эсэргүүцэл тулгардаг гэдгийг мэдэрч байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бидний хийсэн ажил, арга хэмжээний үр нөлөөгөөр нийгэм, олон нийтийн дунд авлигатай заавал тэмцэх ёстой, устгаж арилгах ёстой, үүний тулд хүчээ нэгтгэж, хамтран ажиллах ёстой юм байна гэдэг ойлголт бий болсон гэж боддог.

-НҮБ-ын шинжээчид Авлигатай тэмцэх газрыг хүнд нөхцөлд ажиллаж байна гэж үнэллээ гэсэн мэдээлэл саяхан гарсан байсан. Яагаад ингэж үнэлэх болсон юм бол. Энэ талаар ярихгүй юу?

-Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, хэрэгцээнд үнэлэлт өгөх энэ ажил НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөх Алан Дойг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн авлигатай тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн Самуэль Де Жегер, Базелийн засаглалын институтын ажилтан Педро Гомес Перейра, мөн институтын төрийн хариуцлагын тогтолцооны хэлтсийн дарга Ян Кристофер Рихтер нараас бүрдсэн шинжээчдийн баг манай улсад ажилласан юм. Эдгээр шинжээчид “Авлигатай тэмцэх газар хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Авлигатай тэмцэх газрын одоогийн чадавхи, боломжоос давсан шаардлага тавигдаж байна” гэсэн гэсэн гол үнэлгээ, дүгнэлт өгсөн байна лээ. Эдгээр шинжээч нар манай байгууллага дээрч ажилласан. Холбогдох бусад төрийн болон төрийн бус байгуулагад ажиллаж, олон нийтийн төлөөлөл, Монгол Улс дахь олон улсын байгууллагын төлөөлөгч нартай уулзаж санал солилцсон. Энэ ажлын дүнд бие даасан дүгнэлт хийсэн байгаа.

Шинжээчид дүгнэлтдээ мөн манай улсад улс төр, эдийн засгийн элитүүдийн нөлөө, эрх мэдлийн төвлөрөл үүссэн, эд баялаг болон эрх мэдлийн статусыг богино хугацаанд олж авах гэсэн эрмэлзэл их, төрийн албанд хувийн ашиг сонирхлыг хамгаалах үзэл нь ардчилал, хууль ёс, олон нийтэд хандсан бодлогоос урьтаж нийгэмд хэв маягаа тогтоож байгаа, Авлигатай тэмцэх газрын одоогийн боломж, хүчин чадлаас хэтэрсэн үр дүн шаарддаг, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад харъяалагдвал зохих эрүүгийн хэргийн төрөл дутуу, гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлт бүхий авлигатай тэмцэх стратеги боловсруулах шаардлагатай гэсэн үндэслэлүүд тогтоогдож байгаа учир ийм үнэлгээ өгөх болсон тухайгаа дурьдсан байгаа.

Хөндлөнгөөс Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд ийм дүгнэлт гарч байна. Гэсэн хэдий ч бид ийм дүгнэлт гарсан гээд, энэ дүгнэлтээр бамбай хийгээд зүгээр суухгүй. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа тасралтгүй үргэлжлүүлнэ.

-НҮБ-ын шинжээчдийн өгсөн үнэлгээнд дурьдагдсан энэ нөхцөл байдлыг арилгахын тулд яах ёстой вэ?

-Энэ сөрөг үнэлгээ, нөхцөл байдлыг арилгах, даван туулах нь Авлигатай тэмцэх газраас дан ганц шалтгаалахгүй.. Бид бүгдээрээ хамтарч байж, гар, сэтгэл нийлж байж л энэ ажлыг амжилтад хүргэнэ.

Авлигатай тэмцэх ажилд саад тотгор болж буй сөрөг нөлөө, нөхцөл байдлыг арилгахын тулд Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн чиг үүргээ мэдээж гүйцэтгэж ажиллана. Үүнээс гадна хүн нэг бүрийн хүчин зүтгэл, хүч чармайлт хэрэгтэй юм. Жирийн иргэнээс эхлээд төрийн албан хаагчид, төр засгийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа улстөрчид авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлж, хүч чармайлтаа харуулж байж л нөхцөл байдлыг өөрчлөнө.

Бас нэг гол хөшүүрэг нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид үндэсний хууль тогтоомжийг нийцүүлж, хэрэгжилтийг нь бүрэн хангах явдал юм. Ер нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлэх нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Тиймээс ч НҮБ-аас Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон орнууд тус конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр яаж ажиллаж байгаад онцгой анхаарал хандуулж байгаа.

2009 онд Катар Улсын Доха хотноо Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж орсон улс, орнуудын бага хурлын гуравдугаар чуулган болж, уг чуулганаас конвенцийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх механизмыг баталсны дагуу Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж орсон улс орон бүр тус конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх болсон юм.

Энэ дагуу манай улсад тус конвенцийн хэрэгжилт ямар байгааг үнэлэх ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Үнэлгээ өгөх ажил удахгүй дуусч, манай улс өөрийн үнэлгээний мэдээллээ НҮБ-д явуулна. Үүний дараа НҮБ-аас шинжээчид ирж манай улсад Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт ямар байгаатай газар дээр нь танилцах юм. Ингэснээр манай улсад тус конвенц хэрхэн хэрэгжиж байгаа, конвенцид үндэсний хууль тогтоомжоо нийцүүлэх чиглэлээр яаж ажиллаж байгаа талаар эцсийн үнэлгээ гарна. Эцсийн байдлаар гарсан үнэлгээнд тулгуурлаж, манай улсад техникийн туслалцаа, үзүүлэх, зөвлөмж өгөх ажил хийгдэнэ.

Энэ дашрамд хэлэхэд, үндэсний хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг зөвхөн бид өөрсдөө хийгээд байгаа юм биш. Энэ ажилд олон улсын байгууллага, бүс нутгийн байгууллага, НҮБ-аас дэмжлэг, туслалцаа авах ажлыг манай байгууллагаас мөн анхаарч ажилладаг. Бидний тавьсан саналыг ч хүлээн авч, анхаарал хандуулж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Авлигатай эвлэрээд, дасан зохицоод, өөгшүүлээд суухыг хэн ч хүсэхгүй. Тийм ч учраас Авлигатай тэмцэх газар бүх л боломж, бололцоог эрж, хайж, ашиглахыг эрмэлздэг.

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид үндэсний хууль тогтоомжоо нийцүүлснээр авлигатай тэмцэх ажилд гол түлхэц өгнө гэж та яриандаа дурьдлаа. Энэ конвенцид нийцээгүй авлигын ямар үйлдэл, илрэл манайд байна вэ. Өөрөөр хэлбэл бид эрх зүйн хүрээнд авлигын ямар үзэгдэлтэй тэмцэхгүй байгаа юм бол?

-Уг конвенц маань авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлийн маш өргөн хүрээний асуудлыг хамарсан 8 бүлэг бүхий 71 заалтаас бүрдсэн том баримт бичиг юм. Үүнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах ёстой, авлигын ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох ёстой, авлигын гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгийг гадаад оронд байршуулсан буцаан авах, авлигатай тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагаа техникийн туслалцаа, мэдээлэл солилцоо гээд олон асуудлыг хамарсан заалттай. Эдгээр нь дотроо заавал хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх талаар авч үзэх, хэрэгжүүлэх эсэхээ сонголтоороо шийдэх гэсэн 3 ангилалтай заалтууд юм. Үүнээс манай улсын хууль тогтоомжид тусгалаа олсон бүрэн хэрэгжиж байгаа заалтууд байгаа хэдий ч огт хэрэгжээгүй заалтууд нэлээдгүй бий. Одоо хийгдэж буй конвенцийн хэрэгжилтийг үнэлэх үйл ажиллагаагаар яг ямар заалт ямар хэмжээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжихгүй байгааг албан ёсоор дүгнэх юм.

-Авлигын индексийг өнгөрсөн онд танай газраас үндэсний хэмжээнд тооцон гаргасан. Авлигын индексийг тооцон гаргасны үр дүн гарч байна уу?

-Авлигын индексийг үндэсний хэмжээнд болон салбар, аймаг нийслэлээр анх удаа тооцож гаргасан. Авлигын индексийг тооцох аргачлалаа албан ёсоорр батлагаажуулсны үндсэн дээр зохион байгуулсан тул бүх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Авлигын индекс нь тухайн салбар, аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудын авлигад өртөх эрсдэл ямар түвшинд байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл, авлигын индексээр тухайн салбар, нутгийн өөрөө удирдах байгууллагад авлигын эрсдэлийг бууруулах авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргахад юун дээр анхаарч ажиллахыг тодорхойлоод өгчихсөн.

Индекс доогуур гарсан салбаруудад, тухайлбал эрдэс баялаг, эрүүл мэндийн салбарт Авлигатай тэмцэх газраас авлигын эрсдэлээ арилгах чиглэлээр нарийвчилсан дүн шинжилгээ бүхий зөвлөмж хүргүүлсэн. Тэгэхээр зөвлөмжийн дагуу байгууллагууд авлигын эрсдэлээ арилгах ажлыг оновчтой төлөвлөж хийвэл авлигын индексийг тооцон гаргасны үр дүн гарах учиртай юм. Эхнээсээ үр дүн нь гарч байгаа гэж хэлж болно.

Салбар яамд болон аймгууд авлигын индекс доогуур гарахад ямар үзүүлэлт голлон нөлөөлсөн байна вэ гэдэгт анхаарлаа хандуулж, ажиллаж байна. Тухайлбал, салбарын удирдах ажилтны хүрээнд ашиг сонирхолын зөрчил маш их тархсан гэсэн үзүүлэлтийн дагуу удирдах ажилтнууд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана гэдгээ мэдэгдэж, ажиллаж байна.

Мөн улсын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа бүх төрийн байгууллагууд дүн шинжилгээ, зөвлөмжид тулгуурлан хэрэгжүүлж болохуйц, үр дүнг нь хэмжиж болохуйц, тодорхой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан ажлыг төлөвлөж хэрэгжүүлж байгаа.

Архангай аймаг гэхэд авлигад өртөх эрсдэлийн үнэлгээ буюу авлигын индекс нь 0.47 гарсан. Индекс нь ингэж гарахад аймгийн удирдлагын хүрээнд яригдаж буй ашиг сонирхлын зөрчлийн асуудал түгээмэл байдаг нь гол үзүүлэлт болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, албан хаагчдын томилгоо, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үзүүлэлт өндөр гарсан учир Авлигатай тэмцэх газрын зүгээс худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг буюу тендерт ямар компани ялсан, яаж гүйцэтгэсэн гэх мэт бүх мэдээллийг ил болгох зэргээр ажиллах зөвлөмж өгсөн. Ийм байдлаар Авлигын индексийг үндэсний хэмжээнд тооцон гаргасны үр дүн гарч байна. Авлигын индексийн мөрөөр сайн ажиллах тусам авлигын эрсдэлээ арилгаж, авлигыг үүсгээд байгаа нөхцөл байдлаасаа сална, тэгж салах хөрс суурийг нь, нөхцлийг нь бүрдүүлнэ л гэсэн үг.

-Авлигын эрсдэл өндөр байна гэдэг нь авлигатай байна гэж ойлгогддог. Тэгэхээр “Эрсдэл” гэж яг юуг хэлж байгааг тайлбарлахгүй юу?

-Авлигын эрсдэл өндөр гэдэг нь шууд утгаараа авлигад идэгдсэн ч юмуу, авлигатай газар гэсэн үг уг нь биш. “Эрсдэл” гэдэг нь авлига үүсэх нөхцөл байдал байгааг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг байгууллагад ажилтан, албан хаагчид нь мөрдөж ажиллах ёстой ёс зүйн дүрэм байдаггүй, байсан ч хэт ерөнхий, тодорхойгүй бол туахйн байгууллагын албан тушаалтан авлигатай холбоотой үйлдэлд оролцох, холбогдох нөхцөл хялбархан бий болно гэсэн үг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаа арилгахыг л авлигын эрсдэлээ арилгах гэж хэлээд байгаа юм.

Дашрамд хэлэхэд манай авлигын индекс тооцон гаргасан аргачлал, индексийн мөрөөр ажиллаж байгаа байдлыг зарим олон улсын байгуулага, улс орон сайн туршлага байна гэж хүлээн авсан. “Энэ туршлагыг чинь судлая” гэж хандаж байна.

Энэ мэтээр Авлигатай тэмцэх газар гурван жилийн хугацаанд багагүй ажил хийж, амжуулсан. Цаашид энэ ажлынхаа хөрс суурийг улам бэхжүүлж, системтэй, шуурхай ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна даа.

-Энэ дашрамд асуухад, танай байгууллагын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нийгэмд одоо хамгийн хурц сэдэв болж байна. Авлигатай тэмцэх ёстой хүмүүс нь өөрсдөө авлигын хэрэгт холбогдох болсныг нийгэм ойлгохгүй байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Авлигатай тэмцэх газрын удирдлага, Авлигатай тэмцэх газартай холбоотой энэ асуудал нийгэмд хамгийн хурц сэдэв болоод байна гэж та хэлж байна. Энэ нь манай улсад авлига өөрөө маш хурц сэдэв болж, олон нийт, ард түмний анхаарлын төвд орж ирсэнтэй холбоотой. Авлига өөрөө нийгмийн хурц сэдэв болсныг баталж байгаа нэг хэлбэр юм. Би ингэж л бодож байна.

Таны ярьж буй асуудлыг эрх бүхий хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа. Тийм учраас шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгөх боломж байхгүй байгааг л хэлье дээ.