“Шударга ёсны шагнал" хэнд очив?

A- A A+
“Шударга ёсны шагнал
С.Зориг: Улс үндэстнийхээ эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой
 

“Шударга ёсны элч” шагналаар Санжаасүрэнгийн Зориг /1962-1998/ агсныг нэхэн шагналаа. Санжаасүрэнгийн Зориг агсан улс төрч хүний ямагт санан мөрдөж, удирдлага болгох үндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон билээ.
1998 онд С.Зориг дөнгөж 36 нас хүрч байлаа. Монголын төсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мөнгө, маш өндөр өртөгтэй төрөл бүрийн төслүүд хэрэгждэг салбарын сайдын албыг цөөхөн сар хашсаны эцэст С.Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгүйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хөөцөлдөх нь шинэ, хуучин ялгаагүй улс төрийн хүчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хүргэж болохыг ч мөн анхааруулж хэлсэн юм. Тэрээр “…Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй. Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид энэ дарааллаа алдаж болохгүй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно…” хэмээн хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Эрх ашгийн эрэмбэ, дарааллын тухай анх түрүүнд хэлсэн Санжаасүрэнгийн Зориг агсны энэ үг өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна. Түүний үйл хэрэг өдгөөгийн улстөрчдөд үлгэр дуурайл болох нь гарцаагүй юм. Тиймээс Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны шагнал”-ын анхны “Шударга ёсны элч” шагналаа энэ эрхэм хүнд нэхэн олгохоор шийдвэрлэсэн юм. Шагналыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорно дахины урлагийн нэрт мастер, бурханч лам Г.Пүрэвбат, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нар С.Зориг агсны ах С.Баярын хүү Б.Санчирт гардууллаа.
 
“Ийгл” телевиз: Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе
 

“Шударга ёсны шагнал-2008”-ын хэвлэл, мэдээллийн байгууллагад олгох “Шударга үнэний дуу хоолой” шагналыг “Ийгл” телевиз гардсан юм. “Ийгл” телевиз нь “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяныг 2008 оны 2, 3 дугаар улирлын туршид зохион байгуулсан билээ.
Авлигын эсрэг нийгмийг хамарсан үйл ажиллагаанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, байгууллага, тэдгээрт ажиллаж буй хүмүүсийн хүч, оролцоо ихээхэн чухал юм. Эрхэм зорилтоо “шинэ, шуурхай, шударга” хэмээн тодорхойлдог “Ийгл” телевиз тэрхүү орон зайг энэ оны туршид нөхөж чадсан. “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяны хүрээнд тус телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид үзэгч түмнээ авлигын эсрэг үйл ажиллагаанд уриалан дуудсан богино хэмжээний шторк, ролик байнга цацаж, энэ чиглэлийн нийтлэл, нэвтрүүлэг түлхүү бэлтгэж, өргөн олны хүртээл болгожээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж, шалгаруулсан. Авлигатай хийх тэмцэл нь нийгмийн тэргүүн магнайд явдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтан, сэтгүүлч, сурвалжлагчдын идэвх чармайлт, хүсэл зоригоос ихээхэн хамааралтай учраас үзэг нэгт нөхдөө энэ тэмцэлд уриалан дуудаж, өөрсдөөсөө эхлэн шударга байцгаая хэмээн уриалсан. “Ийгл” телевизийн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл нь дан ганц сенсааци хөөх төдий байгаагүй бөгөөд төрийн байгууллагуудын авлига, хүнд суртлын эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг сайшаан сурталчилж, иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр сурвалжилж ажиллав. Ялангуяа Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгэмд түлхүү хүргэж, басхүү сурталчилж, хамтран ажилласан.

“Шударга үнэний дуу хоолой” шагналыг Авлигатай тэмцэх газрын дэргэд ажилладаг Олон нийтийн зөвлөлийн дарга Э.Болорчулуун, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар “Ийгл” телевизийн гүйцэтгэх захирал Б.Баярсайханд гардуулав.
 
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс: Төрийн байгууллага хүнд сурталгүй ажиллаж болно
 

“Шударга ёсны шагнал-2008”-ын “Авлигаас татгалзсан хамт олон” шагналыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон хүртэв. Төрийн байгууллагад олгох энэ шагналын үнэ цэн нь иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж болдог гэдгийг нийгэмд харуулахад оршиж байгаа юм.
Авлигын шалтгаан, нөхцөлийг төрийн байгууллагын хүнд суртал, тэдгээрийн албан тушаалтнуудын чирэгдэлтэй үйл ажиллагаа бүрдүүлдэг нь ойлгомжтой. Тэгвэл Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг авлига үүсэх шалтгаан, нөхцөлийг хааж чадсан, төрийн үйлчилгээний хүнд суртлыг халж чадсан байгууллага хэмээн Авлигатай тэмцэх газар албан ёсоор нэрлэж байна. Тус байгууллага төрийн үйлчилгээний хүнд суртлыг халах чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгуулжээ. Тухайлбал, 2005 оноос жижүүр байцаагч ажиллуулж, иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай хүргэж байна. Мэргэжлийн байцаагч иргэдийг хаалга үүднээсээ угтаж аван үйлчлэх нь төрийн үйлчилгээний талаарх мэдээллээ үнэн зөв, бодитой, шуурхай хүргэхийн үндэс болно. Энэ үйлчилгээгээ тэд “Хөтөч” хэмээн нэрийджээ. “Манай Нийгмийн даатгалын хөтөч үйлчилгээ сэтгэлд нэг л дулаахан” хэмээн аймгийн иргэд хэлж байсан. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн өндөр настан, хэвтрийн өвчтөн, хол явах тэнхэлгүй зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг гэрээр нь хүргэж өгдөг болжээ. Хүний төлөө чиглэсэн энэ мэт ажлуудыг нь бусад аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд ч үйл ажиллагаандаа туршлага болгон хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Төрийн үйлчилгээг хүргэж байгаа анхан шатны нэгж гэдэг утгаараа Д.Дэлгэрбаяр даргатай Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны хүнд суртлын эсрэг хийж буй шинэ санаачилга бүр нь тус байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл зоригийг тодхон илэрхийлж байна.

Төрийн байгууллагад олгох “Авлигаас татгалзсан хамт олон” анхны шагналыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн нар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлогч дарга Г.Чинзоригт гардууллаа.
 
“Орон нутгийн санаачилга”: Төрийн бус байгууллагууд авлигыг хязгаарлаж чадна
 

“Шударга ёсны шагнал-2008”-ын иргэний нийгмийн байгууллагад олгох “Олон нийтийн манлайлал” шагналыг Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага хүртлээ. 1997 оноос орон нутгийн удирдлагад иргэний нийгмийн хяналтыг бий болгох чиглэлээр ажиллаж эхэлсэн энэ байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулдаг юм.
Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд орон нутаг дахь төрийн бус байгууллагын санаачилга, оролцоо чухал билээ. Харин авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа саяхнаас нэгдсэн зохион байгуулалтад оров. Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Ховд зэрэг аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөгчид авлигатай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулсан байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагаанд нь хамтран оролцох замаар авлигыг буруулах, улмаар таслан зогсоох зорилгоор сүлжээг байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөллийг тогтмол хамруулах, тендерийн үнэлгээний комисст оролцох болжээ.

Авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын тэргүүн эгнээнд Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага ажиллаж буй. Тус байгууллага орон нутгийн төсвийн ил тод байдал, олон нийтийн хяналтын чиглэлээр сүүлийн жилүүдэд голлон анхаарч ажиллаж байна. Байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Бямбаа аймгийнхаа Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж, иргэний хяналтыг илэрхийлдэг байна. Тэрээр “Төрийн бус байгууллагууд санаагаа нэгтгэн ажиллаж чадвал авлигыг хязгаарлаж чадна” гэж үздэг нэгэн.

“Олон нийтийн манлайлал” шагналыг МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч, шилдэг лектор С.Ганбаатар, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Ч.Чойсамба нар “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Бямбаад гардуулсан юм.