“ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ШУДАРГА БАЙДЛЫН ТҮВШИН 2008” СУДАЛГАА

A- A A+
“ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ШУДАРГА БАЙДЛЫН ТҮВШИН 2008” СУДАЛГАА
1. Ерөнхий үзүүлэлтүүд

Судалгаанд нийт нийслэл болон орон нутагт үйл ажиллагааг явуулж буй 110 их, дээд сургуулийн 5593 оюутан хамрагдсан.
Судалгааны аргачлал, асуултуудыг Транспаренси Интернэйшнл байгууллагын Залуучуудын шударга байдлын Индекс судалгааны арга зүйд үндэслэн загварчилсан.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажиллагааг 2008 оны 12 сард Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо, Нийгмийн эрх ашгийн төлөө Стратеги өмгөөллийн төвтэй хамтран явуулж дүнг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар CSPro, SPSS ашиглан нэгтгэсэн дүнг та бүхэнд танилцуулж байна.

Хүснэгт 2. Оюутан залуучуудын шударга байдлын судалгаанд хамрагдсан оютнуудын тоо, салбараар


Хүснэгт 3. Оюутан залуучуудын шударга байдлын судалгаанд хамрагдсан оютнуудын тоо, хүйсээр


Хүснэгт 4. Оюутан залуучуудын шударга байдлын судалгаанд хамрагдсан оютнуудын тоо, насаар


Оюутан залуучуудын ёс зүй, ёс суртахуун

Гэрийн даалгавар хийхдээ бусад хүмүүсийн бичсэн нийтлэлийг шууд өөрийн бичсэн мэт ашиглах байдалд хандаж буй хандлага ерөнхийдөө эерэг байна. Оюутан залуус нь сургуулийн сурагч нартай харьцуулахад интернет болон бусад эх үүсвэрийн мэдээллийг өөрийн хичээлдээ ашиглах нь түгээмэл байдаг. Ийм тохиолдолд эх сурвалжаа дурьдах шаардлагатайг ухамсарладаг нь харагдаж байна. Сэтгүүл зүйн салбарын оюутнууд бусад салбарынхнийг бодвол энэ асуудалд илүү зөв хандаж байгаа нь сайшаалтай байна.
Сурч буй салбараар нь үзвэл сэтгүүл зүй (64.3%), сурган хүмүүжүүлэгч багш (54.2%), эдийн засаг (56.4%), байгаль орчин (57.1%) хамгийн сайн үзүүлэлттэй байгаа бол аялал жуулчлал (38.8%), уул уурхай (39.0%)тааруу үзүүлэлттэй байна.
Оюутнуудын хувьд нас, анги ахих тусам бусдын зүйлийг өөрийн мэт хэрэглэх нь буруу гэсэн хандлага төлөвшиж байгаа байдал ажиглагдаж байна.
Оюутан залуусын хувьд шударга байх нь баян байхаас илүү чухал зүйл гэсэнтэй санал нийлж байгаа хувь нь 57.4 байна. Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ гэдэгтэй 53.5 хувь санал нийлээгүй байна.
Энэ хандлага насны хувьд ялгаагүй байгаа ба шударга байх нь илүү гэдэгтэй санал нийлж буй эмэгтэй оюутнуудын эзлэх хувь хөвгүүдийнхээс 4-5 фүнктээр илүү байна.
Хөдөө аж ахуй (42.0%), аялал жуулчлал (45.3%), уул уурхай (45.4%) салбарт суралцаж буй оюутнууд бусад салбарт сурч буй оюутнуудтай харьцуулахад шударга байх нь баян байхаас илүү чухал зүйл гэсэн бол сурган хүмүүжүүлэгч (62.3%), анагаах ухаан (63.3%), эдийн засаг (61.7%), сэтгүүл зүй (60.8%) тус асуултыг зөвшөөрчээ.
Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарт суралцагчид шударга байснаас баян байсан нь илүү гэсэн үзэл бодол давамгай төлөвшсөн байж болохоор байна. Харин сурган хүмүүжүүлэгч, анагаах ухаан, эдийн засаг, сэтгүүл зүйн оюутнууд баян байснаас шударга байсан нь илүү гэсэн үзэл илүү төлөвшиж байна.
Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ гэсэн хандлага нь
Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ гэдэгтэй 53.5 хувь санал нийлээгүй байна. Дайрч орсоноос дугаарлаж зогссон нь дээр гэсэн үзэл хүүхдүүдийн нас ахих тусам нэмэгдэж байна. 17 настай оюутны 47.0 хувь нь дугаарлана гэж байсан бол 23-аас дээш насны оюутнууд 56.1 болсон байна.
Уул уурхайн салбар (35.2%), сэтгүүл зүйн салбар (34.4%), аялал жуулчлалын салбарт (30.8%), хөдөө аж ахуйн салбар (30.0%) кинонд дугаарлалгүй дайрч орно гэсэн бол анагаах ухаан (60.7%), сурган хүмүүжүүлэгч (57.9%), техник технологи (56.3%), хууль эрх зүй (54.6%) салбарт суралцагчид кинонд дугаарлаж орсон нь дээр гэж хариулжээ.
Ёс зүй, ёс суртахуун нь хувь хүний гэхээсээ илүүтэйгээр нийгмийн нэгэн үнэлэмж, хувь хүнээс нийгэм юуг хүсэн хүлээж байгааг илэрхийлэх, бичигдээгүй хуулиар зохицуулагддаг зүйл юм. Нэгэн хүн бүх хувцаа тайлаад ширээн дээр гарч бүжиглэх нь гэмт хэрэг биш ч хувь хүн бүр энэ асуудалд өөр өөрөөр ханддаг. Гэвч энэ нь бичигдээгүй хуулиар хориглосон хэм хэмжээ байж болох юм. Үүнтэй нэгэн адил авлига үүсгэж болох эсвэл магадгүй эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй авлигын нэгэн хэлбэр, төрөл нь чухамхүү энэ бичигдээгүй хуулийн хүрээнд урьдчилан сэргийлэгдэх учиртай юм.

Оюутан залуучуудын зөв төлөв байдал

Судалгаанд оролцогчдын 61.9 хувь нь ангийн даргын сонгуульд ялахын тулд оюутнууддаа бэлэг өгөх нь буруу зүйл гэсэн бодолтой байна.
Судалгаанд оролцсон оюутнуудын хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол сонгуульд ялахад бэлэг өгөх нь тийм ч буруу зүйл биш гэсэн үзэл илүү давамгайлсан байгаа бол энэхүү хандлага нь насны байдлаас төдийлөн хамаарч өөрчлөгдөөгүй байна.
Анагаах ухааны салбарт суралцагсад бусдаасаа илүүгээр оюутны сонгуульт ажилд ялахад бэлэг өгөх нь буруу гэсэн бодолтой байдгаа илэрхийлжээ. Аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын оюутнууд эсрэг байр суурь давамгай баримталдагаа илэрхийлжээ
Багшдаа бэлэг өгөх нь дүнгээ ахиулах сайн арга гэсэнтэй санал нийлээгүй оюутны хувь 63.5, авлига болон бусад гэмт хэрэг үйлдсэн хүнийг би эрх бүхий байгууллагад нь мэдэгдэнэ гэсэн оюутны хувь 60.5 тус тус байна.
Энэхүү хандлага эмэгтэй оюутнуудаас эрэгтэйчүүд нь илүү дүнгээ ахиулахдаа багшдаа бэлэг өгөх нь илүү гэж 9 пунктээр илүү хариулжээ.
Анагаах ухаан (77.3%),Соёл урлаг(64.4%), эдийн засаг (68.5%)-ийн салбарт суралцагсад багшдаа бэлэг өгөхгүйгээр амжилттай суралцана гэсэн бол уул уурхай (44.3%), аялал жуулчлал (44.3%)-ын салбарт суралцаж буй оюутнууд багшдаа бэлэг өгөхгүйгээр амжилттай суралцахаа илэрхийлжээ
Авлига болон бусад гэмт хэрэг үйлдсэн хүнийг би эрх бүхий байгууллагад нь мэдэгдэнэ гэж 60.5 хувь нь хариулжээ.
Оюутнуудын хувьд эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд авлига болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ гэж 8 пунктээр илүү хариулсан байна. Оюутнууд нас ахих тусам энэ хандлага буурсан үзүүлэлттэй байна.
Байгаль орчин (49.3%), хөдөө аж ахуйн салбар (44.6%), соёл урлаг (67.1%), сурган хүмүүжүүлэх (67.8%), уул уурхай (64.0%) эрх бүхий байгууллагад авлига, гэмт хэрэг үйлдсэн хүнийг зохих байгууллагад мэдэгдэнэ гэжээ.
Эндээс харахад Монгол залуусын асуудлыг нийгмийн үнэлэмжид нийцсэнээр зөвөөр шийдэх хандлага байгаа нь харагдаж байна.
Зөв төлөв байдал ёс зүй, ёс суртахуунтай нягт холбоотой зүйл боловч, хувь хүнтэй, түүний баримтлах зарчим үнэлэмжтэй илүү холбоотой зүйл юм.

Оюутан залуучуудын хууль сахих байдал

Миний сайн найз шалгалтандаа “шипи” хэрэглэх нь буруу зүйл биш гэж үзэж байгаа оюутнуудын эзлэх хувь 43.5 байна. Уул уурхайн салбарт суралцагчид 55.0 хувьтай түрүүнд бичигдэж байхад 35.7 хувьтай сурган хүмүүжүүлэх салбар сүүл хамгийн бага хувьтай байна. Цагдаа байхгүй тохиолдолд хууль, дүрэм сахихыг хичээх оюутны хувь 61.2, Төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хариу шан харамж хүсэж болохгүй гэсэн бодолтой оюутны хувь 67.5 байна.
Залуучууд нас ахих тусам бусдыг хуурах нь тийм ч муу зүйл биш гэдэг үзэл улам нэмэгдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Техник технологи (50.0%), уул уурхай (55.0%), аялал жуулчлал (50.5%) салбарын оюутнууд шалгалтандаа багшийг болон өөрийгөө хуурч хуулж байгаа оюутнуудыг илүү дэмжсэн бол сурган хүмүүжүүлэх (35.7%), анагаах ухаан (36.0%), байгаль орчин (37.5%)-ны салбарт суралцагсад энэ асуултыг дэмжсэн.
Энэ бүхнээс харахад шалгалт өгөхдөө нууцаар хуулах байдал нь буруу зүйл гэж төдийлөн боддоггүй байгаа нь харагдаж байна. Харин сүүлийн үед авлига хүнд суртлын хор уршгийн талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ихээр явагдаж оюутнууд авлигыг үл тэвчих хандлага төлөвшиж байна. Улмаар төрийн албан хаагч өөрийн үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө шан харамж нэхэх асуудалд сөргөөр хандах болсон. Цагдаа байхгүй тохиолдолд хууль, дүрэм сахина гэдэг нь “энгийн нүд”-ээр харахад их энгийн зүйл боловч их ач холбогдолтой зүйл юм. Ямар ч үед хууль ягштал сахидаг иргэн хээл хахууль өгөхгүй, авахгүй нь ойлгомжтой биз ээ.

Авлигыг үл тэвчих байдал

Эрх баригчдын хууль бус үйл ажиллагаа нь миний амьдралд сайнаар нөлөөлж байвал энэ нь буруу зүйл гэсэн оюутны хувь 52.1 байна. Анагаах ухааны суралцагчид 62.5 хувьтай түрүүнд бичигдэж байхад 49.7 хувьтай хөдөө аж ахуйн салбар сүүл мушгиж байна. Шалгалтандаа “шипи” хэрэглэсэн хүн нь миний сайн найз байсан ч энэ тухай би багш /эцэг, эх/ дотны хүндээ мэдэгдэхгүй гэж 61.6 хувь гэсэн тааруу үзүүлэлт байна. Энэ асуудал нь субъектив байж магадгүй тул, нөгөөтэйгүүр өөрийн сайн найзыг барьж өгөхгүй гэсэн үүднээс уг асуудалд хандаж болох юм. Энэ нь нэг талаар танилын нүүр халуун гэгчээр Монголчуудын бие биендээ найрсаг элгэмсэг ханддаг авлига болон бусад гэмт хэргийг үл тэвчих зан үйл төлөвшихөд нь нөлөөлдөг бололтой.
Миний гэр бүлийн гишүүд төрийн албан тушаалаа ашиглах буюу хууль зөрчих замаар баян болох нь буруу зүйл гэх оюутны хувь 52.9 байна.
Миний гэр бүлийн гишүүд төрийн албан тушаалаа ашиглах буюу хууль зөрчих замаар баян болох нь буруу зүйл гэж 52.9 хувь нь үзжээ.
Миний гэр бүлийн гишүүд төрийн албан тушаалаа ашиглах буюу хууль зөрчих замаар баян болохыг судалгаанд хамрагдсан хүүхдийн дөнгөж 19.8 хувь нь дэмжсэн бол хүүхдүүд нас ахих тусам иймэрхүү аргаар баян болж болох юм гэсэн үзэл нэмэгдэж байна.

Дүгнэлт

Оюутан залуучуудын шударга байдал нь хээл хахууль авдгүй өгдөггүй, авлигыг хаа явсан газраа үл тэвчих хүний чанар юм.
Шударга байдал нь авлигатай салшгүй холбоотой зүйл бөгөөд авлига, шударга байдал нь “нэг зоосны 2 тал” юм. Авлига нь сөрөг тал нь байхад, шударга байдал нь эерэг тал нь юм.
Судалгаа нь үнэн бодит мэдээлэл авах нэгэн арга юм. Хамгийн гол асуудал нь энэхүү мэдээллийг ашиглан авлигаас урьдчилан сэргийлэх, шударга байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь чухал.
Тусгай боловсруулсан хөтөлбөр боловсруулж оюутан залуучуудыг багаас төлөвшүүлж зөв зан үйл, хүмүүжил, “зөв зам”-д оруулах нь алсыг харсан, хэтийн хөгжилдөө ихээхэн үр өгөөжөө өгөх зүйл юм. Иргэдийн хувьд шударга байдлыг нэмэгдүүлснээр бүхий л салбарт хууль болон ёс зүйг чандлан сахиж, авлигыг үл тэвчих төлөвшил хүмүүжилд нь анхаарснаар авлигын түвшин буурах юм.

Монгол Улсад “Оюутан залуучуудын шударга байдлын түвшин” тогтоох анхны судалгааг АТГ, МЗХ, Стратеги өмгөөллийн төв анхлан хийснээр залуучуудын шударга байдлын түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлох, тухайн өөрчлөлтөнд нийгмийн ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг илрүүлэн гаргах боломж бүрдэж байгаараа онцлог юм. Түүнчлэн залуучуудын ёс зүй, ёс суртахуун, зөв төлөв байдал, хууль сахих байдал, авлигыг үл тэвчих байдлыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээний үр дүнг тооцож алдаа оноогоо дэнслэх боломж бүрдэж байна.