Венесуэл улсын газрын тосны сайд асан Эль Айсами дахин гавтай гарч ирэв

A- A A+
Венесуэл улсын газрын тосны сайд асан Эль Айсами дахин гавтай гарч ирэв

Венесуэлийн Газрын тосны сайд асан Тарек Эль Айссами албан тушаалаасаа огцроод жил гаруйн дараа авлигын хэргээр баривчлагджээ. Эль Айссами нь Венесуэлийн төрийн газрын тосны компаниас хулгай хийсэн хэрэгт буруутгагдаад байна.

Нэгэн цагт Ерөнхийлөгч Николас Мадуротой хүчирхэг холбоотой байсан ноён Эль Айсами нь 2023 оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцорсноос хойш олны өмнө гараагүй.

Өнгөрсөн мягмар (2024-04-09) гарагт Ерөнхий прокурор Тарек Сааб экс сайдыг гарт нь гав зүүн авч явсан зургуудыг хуваалцжээ.

Мөн Эдийн засгийн сайд асан Саймон Зерпа болон Мадурогийн засгийн газартай холбоотой байсан бизнесмэн Самарк Лопез нарыг баривчилсан байна.

Ерөнхийлөгч Мадурогийн туслах Ерөнхий прокурор Сааб мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр түүнийг баривчилсан гэдгийг зарласан ч яг хэзээ баривчилгаа хийснийг хэлээгүй.

Газрын тосны сайд болохоосоо өмнө дэд ерөнхийлөгч, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Эль Айссами өнгөрсөн жил олны нүднээс бүр мөсөн алга болсны дараа түүний хаана байгааг таамагласан  таамаглалууд олон байсан. 

Ерөнхий прокурор хэлэхдээ ноён Эль Айсамигийн авлигын хэргийг мөрдөн шалгахад цаг хугацаа зарцуулсан гэж мэдэгдсэн ч засгийн газрыг шүүмжлэгчид түүнийг баривчилсан нь Ерөнхийлөгч Мадурогийн гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс хэдхэн сарын өмнө болсныг онцолжээ.

Эль Айссами нь Төрийн газрын тосны PDSVA ( Petróleos de Venezuela, S.A) компаниас мөнгө завшсан гэж Ерөнхий прокурор хэлжээ. Тэрээр газрын тосны сайдаар ажиллаж байх хугацаандаа дээрх мөнгөний зарим хэсгийг байшингаа засварлахад зарцуулж, заримыг нь гадаад руу шилжүүлсэн гэж мэдэгдэв.

Ерөнхий прокурор Саабын хэлснээр, Эль Айсами нь крипто валютыг хянадаг Венесуэлийн засгийн газрын агентлагийн албан тушаалтнууд болон PDSVA-ийн удирдлагуудтай тохиролцож, хэдэн зуун сая доллар хулгайлсан байна.

Түүнийг эх орноосоо урвасан, хөрөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм. Ноён Эль Айссами харин өөрөө эдгээр хэргүүдийн дагуу олон нийтэд мэдэгдэл хийгээгүй байна.

Мягмар гарагт баривчлагдсан ноён Эль Айсами болон бусад хоёр том улстөрч АНУ-ын хориг арга хэмжээнд аль хэдийнээ орсон байв.

2017 онд АНУ-ын Сангийн яам ноён Эль Айссамиг хар тамхины наймаанд гол үүрэг гүйцэтгэсэн, Самарк Лопезыг түүний төлөөний хүн гэж буруутгаж байсан. Мөн Саймон Зерпа авлигын хэрэгт холбогдон 2017 онд АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орж байсан байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-68779090