Эстони улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар

A- A A+
Эстони улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар
Эстони улсын хувьд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх албан тушаалтнууд нь жил бүр татварын маягт хүргүүлэх хугацаа дууссанаас 1 сарын дараа буюу тухайн албан тушаалыг хашиж эхлэснээс хойш 1 сарын дотор бүртгүүлэх үүрэгтэй.

Энэхүү хөрөнгө орлогын мэдүүлэгт үл хөдлөх хөрөнгө, /дангаараа буюу хамтран эзэмшиж буй/ автомашин, хувьцаа бусад үнэт цаас болон ногдол ашиг, банкны хадгаламж, татвар ногдуулах орлого, зургаан сарын цалингийн хэмжээнээс дээш давсан өр төлбөр болон өмнөх 6 сарын цалингийн 10%-иас илүү хэмжээний орлогын талаарх мэдээлэл багтдаг юм байна.

Хөрөнгийн хэмжээнд 30% буюу 6333 еврогоос давсан өөрчлөлт гарсан тохиолдолд 1 сарын дотор шинээр мэдүүлгээ гаргаж мэдүүлнэ.

Энэхүү хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийт 15 мянган улс төрч, албан хаагчид мэдүүлэх үүрэг хүлээдэг байна.
Мэдүүлгийг тухайн байгууллагын дарга хүлээн авч хадгална. Тэрээр өөрийн санаачилгаар болон авлигатай холбоотой сэжиг үүссэн нөхцөлд мэдүүлгийн үнэн зөвийг шалгана.

Харин Парламентийн гишүүд, Ерөнхийлөгч, сайд, ерөнхий нарийн бичгийн дарга, улсын ерөнхий прокурор, шүүгчид зэрэг дээд тушаалын албан хаагчид Парламентын Авлигатай тэмцэх хороонд мэдүүлгээ хүргүүлэх бөгөөд дээрхи албан тушаалтнуудын мэдүүлгийг State Gazette гэсэн төрийн сонинд нийтлэдэг байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй, эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ажээ.