Жирийн иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шударга бөгөөд өндөр тогтоосон хэм хэмжээнд стандартад нийцсэн үйлчилгээг хүсэн хүлээдэг. Төрийн албан хаагч нь нэг талаас төрийн, нөгөө талаас иргэдийн итгэлийг хүлээх болдог. Иймээс төрийн албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах асуудал нэн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Төрийн албан тушаалтнууд албаны эрх мэдлээ олон нийтийн эрх ашгийн төлөө бус харин өөрийн болон өөрийн гэр бүл, ах дүү, ангийн найз нөхдийн төлөө урвуулан ашиглаж байгаа олон жишээ, баримт бидний дунд ам дамжин яригдсаар байдаг. Бусад улс орнууд ч өсөн нэмэгдсээр байгаа авлигын асуудлаа “төрийн эрх мэдлийг төрийн албан хаагч өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглах” буюу төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарладаг.
Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгодог. Үүнээс байнга, бололцооныхоо хэрээр зайлсхийж, өөрийн олон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх шаардлага төрийн албан тушаалтнуудад тавигддаг.
Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-нд нэгдэн орсон. Энэхүү конвенциор ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгон хэрэгжүүлэх амлалт авсан. Энэ зорилтын хүрээнд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж байна. Тиймээс ашиг сонирхлын зөрчил, нийтийн алба, нийтийн ашиг сонирхол, нийтийн албан дах ашиг сонирхлын зөрчил зэрэг нэр томъёо, тодорхойлолтууд нь ойлголтын болон хэрэглээний түвшинд шинэ зүйл юм.
Иймд ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг энгийн байдлаар, хялбаршуулан ойлгуулж, таниулах энэхүү гарын авлагыг төрийн бус байгууллага, иргэдэд зориулан боловсруулсан болно. Нийгмийн шударга ёсыг хамгаалах ажилд манлайлан оролцдог төрийн бус байгууллага, иргэдэд энэхүү гарын авлага хаяглагдсан. Учир нь, тэдгээрээс ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй, тунгалаг байдлыг хөхүүлэн дэмжих, түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн итгэлийг хадгалж үлдэхэд хувь нэмрээ оруулахад нь хөтөч болгохыг зорьсон билээ.
Энэхүү “Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлага” нь нийгмийн шударга ёсыг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.