Авлигатай тэмцэх газар, Сонгогчдын боловсрол төв хамтран Сонгуулийн санхүүжилт: Тулгамдсан асуудал ба шийдэл судалгааны тайланг боловсруулан Танд хүргэж байна. Сонгуулийн санхүүжилтээр дамжсан авлигын асуудал улс орны түвшинд анхаарал татсан сэдэв болоод байна. Дотоодын олон тооны баримт бичгүүдэд сонгуулийн санхүүжилтээр дамжсан авлигын үзүүлэлтүүд өссөн дүнтэй гарч байгаа, түүнчлэн сонгуулийн санхүүжилттэй холбоотой гарах зөрчлүүд нэмэгдээд байгаа нь энэ талаарх зохицуулалт хангалттай бус байгааг харуулж байна.
Иймд судалгааны гол зорилго нь “Сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үүнд тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах” юм.
Зорилгынхоо хүрээнд сонгуулийн санхүүжилтийн талаар олон улсын чиг хандлага, ойлголт, стандартыг судлах, сонгуулийн тухай хууль тогтоомж, сонгуулийн санхүүжилтэд холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах, шинжилгээ хийх, сонгууллийн талаар урьд өмнө хийгдсэн судалгааны тайлан, холбогдох баримт материалуудтай танилцаж судлах, судалгааны дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан уг асуудлаар Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хуулиудад тусгуулах асуудлаар санал зөвлөмж боловсруулах, судалгааны дүгнэлт, боловсруулсан санал зөвлөмжийг холбогдох талуудаар хэлэлцүүлж, талуудаас санал авч хуулийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр ажиллалаа.
Судалгааны тайлан нь сонгуулийн санхүүжилтийн асуудлыг тусгайлан авч үзсэн, санхүүжилттэй холбоотой эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, гарч буй зөрчил, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн судалгаа болсон.
Энэхүү судалгаа нь сонгуулийн санхүүжилтийн асуудлыг эрх зүйн хүрээнд сайжруулж, шинэтгэл хийх болон энэ асуудлаар олон талын оролцоотой өргөн хүрээний хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Судлгааны тайланг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.