Албан хаагчид Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбайд ажиллалаа /2010.10.07/

A- A A+
Албан хаагчид Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбайд ажиллалаа /2010.10.07/
“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Дорноговь аймагт ажиллаж буй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн өчигдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчдын хамт хилээр орж ирж байгаа ачааны болон суудлын автомашинд хийдэг хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.



1998 онд өдөрт 200 машинд үйлчлэх хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан “Замын-Үүд” боомтын цогцолборт өдгөө жирийн үед өдөрт 400-500, томоохон баяр ёслолын өмнө өдөрт 700-800 машин орж, гардаг болжээ.

Ажлын байрны багтаамж хангалттай бус, байцаагч нарын ажлын цагийн ачаалал их, гаалиар нэвтрэх тээврийн хэрэгслүүдэд ялгаа зааг байхгүй, өөрөөр хэлбэл хүн тээвэрлэлт болон ачаа тээвэрлэлтийн гаралт, оролт нэг байдаг аж. Энэ нь байцаагчдыг үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учруулдаг, эмх замбараагүй байдал бий болох нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.

Түүнчлэн зорчигчдын ачаа, тээшид үзлэг хийх нөхцөл бүрдээгүй, тээврийн хэрэгсэлд нь буцаан ачих талаар ямар нэгэн үйлчилгээ хийгддэггүй байна. Энэ нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлэх нэгэн шалтгаан болдог аж.

Мөн хилийн цэрэг, гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагууд нь нэг байранд хэтэрхий давчуу байрласнаар өөр өөр чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагын ажилтнуудыг дүрэмт хувцсаар нь л ялгахгүй бол таних боломжгүй, тэдгээр байгууллагуудын хооронд зорчих, гарах, орох хаалга олон байгаа нь хяналтыг сулруулах боломжийг бүрдүүлэхээр байгаа нь ажиглагдав. Зарим ажилтнуудтай ярилцах явцад стандартын бус нөхцөлд стандартын бус шаардлагыг тавьж ажилладаг гэдгээ нуусангүй. Хилийн цэргийн албан хаагчид, хилийн мэргэжлийн хяналтын байцаагчдын үйл ажиллагааг иргэд ялгахгүй, зөвхөн гаалийн ажилтнуудыг буруутган ойлгож байдагт нь гомдолтой байдгаа илэрхийлж байв.

Гаалийн байгууллагын зүгээс аль болох байцаагчдынхаа үйл ажиллагааг ил байлгах, тэднийг хянах боломжийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг хэмээн хэллээ. Тухайлбал, байцаагчдын үйл ажиллагааг хянах үүднээс шилэн тасалгаа бүхий ажлыг байрыг бий болгосон, тэдний нэр бүхий хаягийг байрлуулсан, гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм болон бусад шаардлагатай дүрэм журмаас ажлын байрны хананд байрлуулах, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай мэдээллийг электрон дэлгэцээр үзүүлдэг болсон байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байхад цаашид улам бүр анхаарч ажиллах талаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн Замын-Үүд дэх Гаалийн газрын холбогдох албаны хүмүүст зөвлөлөө.